The MongolZ баг Senzu дээр багуудаас санал сонсож байна
Эх сурвалжуудын мэдээлснээр “The MongolZ” баг М.Азбаяр буюу “Senzu” дээр багуудаас санал сонсоход нээлттэй гэжээ. Тус багийн зүгээс “ULTI Agency” гэх цахим спортын тамирчид, авьяастнуудыг төлөөлдөг агентын газарт энэ асуудлыг даатгасан аж.
Өдгөө 19 настай “Senzu”-ийн хувьд өнгөрсөн оны аравдугаар сараас хойш идэвхгүй болж, баг нь сэлгээ рүү шилжүүлсэн билээ. Түүний хувьд Будапешт Мэйжорт оролцоогүй ч HLTV-ийн энэ оны Топ 20 тамирчны 13 дугаарт бичигдсэн.
Тэрбээр багийнхаа хамтаар өнгөрсөн жил цахим спортын ДАШТ-д түрүүлж, гурван ч тэмцээнд аман хүзүүдсэн амжилттай.
“The MongolZ” баг шинэ оны босгон дээр У.Анарбилэг буюу “cobrazera”-г багтаа нэгтгэж буйгаа зарласан. Эх сурвалжуудын мэдээлж буйгаар “Senzu” мэргэжлийн замналаа олон улсын багт үргэлжлүүлэх хүсэлтэй байгаа гэнэ. Түүнийг Украины “NaVi” багтай нэр холбодог билээ.