УВС: “Хавдаргүй монгол эмэгтэй” төсөл хэрэгжүүлнэ

695b84aa1b974

Монголын Эмэгтэйчүүдийн холбооны ерөнхийлөгч Б.Оюунгэрэл энэ сарын 4-нд Увс аймгийн Эрүүл мэндийн газрын удирдлага болон эмч нарын төлөөлөлтэй уулзлаа.

Уулзалтаар “Хавдаргүй монгол эмэгтэй” төслийн хүрээнд хөх, умайн хүзүүний хавдрын эрт илрүүлгийн баг Увс аймагт ажиллаж, эмэгтэйчүүдэд эрт илрүүлэг, оношилгоо хийхээс гадна мэдээлэл, сургалт сурталчилгаа хийж, мэргэжлийн зөвлөгөө өгөхөөр боллоо.

Тус багийн бүрэлдэхүүнд ХСҮТ болон төрөлжсөн мэргэжлийн эмнэлгүүдийн эмч нар оролцох бөгөөд зөвхөн эмэгтэйчүүдийн чиглэлээр ажиллахаас гадна эрчүүдэд үзлэг, зөвлөгөө давхар үзүүлэх юм.

Мөн Монголын Эмэгтэйчүүдийн холбооноос өмнөх жилүүдэд аймгийн Нэгдсэн эмнэлгийн эмэгтэйчүүдийн болон нүдний эмч нарыг гадаадад сургалтад хамруулж байсан бол 2026 онд эмгэг судлал болон хөхний чиглэлээр эмч нарыг гадаадын мэргэшүүлэх сургалтад хамруулахаар төлөвлөж байна.

Эрт илрүүлгийн баг сумдаар явж иргэдэд үзлэг хийхээс гадна аймгийн төвийн иргэдийг Нэгдсэн эмнэлгийг түшиглэн үйлчилгээ үзүүлэх юм.

Төслийг энэ онд хэрэгжүүлнэ.

About Author