Л.Наранбаатар: “Сэлэнгэ Бодонс” арьс өнгөөр ялгаварлан гадуурхах үзлийг хэзээ ч хүлээн зөвшөөрөхгүй

3b9d220397b2f02c709dd89da66973b3



Өчигдөр “Хасын Хүлэгүүд болон Сэлэнгэ Бодонс багийн тоглолтын үеэр Хасын Хүлэгүүдийн тамирчин Ч.Тэмүүлэн Сэлэнгэ Бодонс багийн тамирчин Ахмад Гилбертийг арьс өнгөөр доромжилсон гэх асуудал гарсан юм. 

Үүнтэй холбогдуулан “Сэлэнгэ бодонс” багийн эзэн Л.Наранбаатар тайлбар гаргажээ.

Тэрбээр “Сэлэнгэ Бодонс” багийн зүгээс энэ үйлдэлд нь албан ёсоор Холбоонд хандаж гомдол гаргасан. Гомдлыг Бодонсыг бодож биш Монголоо бодож гаргасан. Хожим үндэсний шигшээ багийн тамирчид олон улсын чухал тоглолт дээр ийм алдаа гаргавал Монголын минь л нэр гарна. Өнөөдрийн арьс өнгөний бүдүүлэг үйлдэлтэй бид хэзээ ч эвлэрч болохгүй.

Америкт өнөөдрийнх шиг үйл явдал болсон бол тухайн тамирчин шоронд орох эрүүгийн хүнд ялтай гэмт хэрэг болно.

Олон улсын сагсан бөмбөгийн холбооны дүрэм, журам, ёс зүйн хэмжээг Монголын Үндэсний дээд лиг мөрддөг, хүлээн зөвшөөрч Баг болон МСБХолбоо, Баг болон тамирчид гэрээ байгуулдаг. Энэ бол хууль. Хуулиа зөрчвөл хэнбугай ч байсан хариуцлага хүлээх л ёстой.

Selenge Bodons өмнө нь багийн дотоод журам, лигийн журам зөрчсөн тамирчиддаа сахилга, торгуулийн арга хэмжээг нэг бус удаа авч хэрэгжүүлж байсан. Бас сахилгагүй тамирчдаасаа болж МСБХолбооноос мөнгөн торгууль, болон 5 тоглолт өнжих гэх мэт арга хэмжээнүүд авахуулж байсан удаатай.

Өнөөдөр л гэхэд миний бие үзэгчийн суудлаас хөөгдөх сануулга ордны хамгаалалтын албанаас авч хөөрхий муу Маскотыг маань хүртэл “баривчлаад” гаргалаа. Дүрэм бол дүрэм, бид буруугаа хүлээнэ.

Ахмад, Силла, Демаркус Казинс нар маш олон удаа Монголын дээд лигт арьс өнгөний үзлээр доромжлуулж байсан. Хасын Хүлэгүүд багтай Плэй оффт тоглож байхад Бүүгий дээр тэвчишгүй маш олон үйлдэл гарсан ч бид тэсээд өнгөрсөн.

Олон хавар нэгэндээ гэж, хүн доромжлоод болоод байдаг гэж бодож байгаа бол энэ хүрээд эцэслэх цаг нь болжээ.

Ахмадыг шүүгчтэй дандаа маргадаг үйлдэлд нь баг хоёр шатны арга хэмжээ авч сануулах болон 5,000 (таван мянга) ам долларын торгууль хүлээлгэж байсан. Ахмад тайлбартаа тэд намайг “N….” гэж арьс өнгөөр доромжилдог л гээд байдаг байсныг нь нотлох баримтгүй учир бид хүлээж авдаггүй байсан юм.

Өнөөдрийн Ч.Тэмүүлэнгийн үйл явдал олны өмнө, шүүгчид камер шүүгээд нотлох баримттай шийдэгдсэн асуудал тул бид өршөөхгүй, хариуцлага нэхнэ.

Ч.Тэмүүлэн бол ур чадвартай, өсөх ирээдүйтэй, залуу тамирчин! Монгол улсынхаа нэр хүндийг ирээдүйд гаргах тамирчин гэж найдаж чамд сургамж болох ёстой.

Тиймээс нэгд Монголоо бодож, хоёрт чамайг бодож, гуравт бусад залуу тамирчдад сургамж болог гэж FIBA болон МСБХолбооны дүрмийн дагуу хариуцлага тооцохыг шаардаж албан ёсоор гомдол гаргалаа! Мэдээж Ч.Тэмүүлэнд өөрийгөө өмгөөлөх эрх байгаа” гэв.

About Author