“Хүчит шонхор”-т үхрийн мах 21-26 мянган төгрөгийн үнэтэй байна

o35HDGx6hMYB56kqM52B

“Хүчит шонхор” зах дээр үхрийн цул мах 25-26 мянган төгрөг, үхрийн ястай мах нь 21 мянган төгрөгийн үнэтэй зарж байна. Харин хонины ястай мах 18 мянган төгрөг, хонины цул мах 20.000 төгрөгийн үнэтэй байна. Шинэ оны өмнө тус зах дээр хонины мах 12-15 мянган төгрөг, үхрийн мах 17-20 мянган төгрөгийн үнэтэй зарж байсан юм. Он гарснаас хойш махны үнэ огцом буюу 5-6 мянган төгрөгөөр нэмэгдсэн гэдгийг худалдаачид хэлж байгаа юм.

Үндэсний статистикийн хорооны мэдээллээр 2025 оны арваннэгдүгээр сард мах, махан бүтээгдэхүүний бүлгийн үнэ өмнөх оны мөн үеэс 17 хувиар өсөхөд үхрийн махны үнэ 18 хувиар, хонь, ямааны махны үнэ 18.9 хувиар өссөн нь голлон нөлөөлсөн гэж мэдээлж байв.

Мөн талх, гурил, будааны бүлгийн үнэ өмнөх оны мөн үеэс 7.2 хувиар өсөхөд талх, нарийн боовны үнэ 8.5 хувиар, гоймонгийн үнэ 17 хувиар тус тус өссөн нь голлон нөлөөлсөн байна. Улаанбаатар хотод худалдаалагдаж буй үхрийн цул нэг кг махны дундаж үнэ 2025 оны арваннэгдүгээр сард 23.955 төгрөг болж, 2023 оны арваннэгдүгээр сараас 32.8 хувиар, 2024 оны арваннэгдүгээр сараас 17.7 хувиар өсч, өмнөх сараас 1.2 хувиар буюу 303 төгрөгөөр буурсан гэж мэдээлсэн. Мөн нэгдүгээр зэргийн гурилын дундаж үнэ 2025 оны арваннэгдүгээр сард 2459 төгрөг болж, 2023 оны арваннэгдүгээр сараас хоёр хувиар, 2024 оны арваннэгдүгээр сараас 5.6 хувиар, өмнөх сараас өөрчлөлтгүй байгаа тоон статистикийг мэдээлж байв.

About Author