Сибирийн хүч-2” буюу ОХУ-аас БНХАУ-тай холбогдох байгалийн хийн хоолойг Монголоор дайруулах яриа хэлэлцээнээс БНХАУ-ын тал татгалзжээ.
Эх сурвалж: Цахиур.мн
Хийн хоолойг Монголоор дайруулах албан ёсны гэрээг 2025 оны арваннэгдүгээр сард байгуулахаар тохироод байжээ.
Тодруулбал, 2024 оны 10 дугаар сард Пакистанд болсон ШХАБ-ын гишүүн болон ажиглагч орнуудын Засгийн газрын тэргүүн нарын зөвлөлийн өргөтгөсөн хуралдаан дээр Монгол, ОХУ, БНХАУ гурван улсын Ерөнхий сайд уулзаж, хийн хоолойн гэрээг байгуулах товыг гаргасан байна.
Гэвч өнгөрсөн арваннэгдүгээр сард гэрээ байгуулагдаагүй. Үүний цаад шалтгаан БНХАУ-ын тал татгалзсан болохыг эх сурвалж онцолж байна. Хятадын талын байр суурь “Хийн хоолойг Монголоор дайруулах нь эрсдэлтэй. Тэд баталсан гэрээгээ хэрэгжүүлдэггүй” гэх агуулгыг тавьж байгаа гэх.
Энэ нь нэр бүхий улстөрчид Гашуунсурхайт-Ганцмод боомтын төмөр замын холболт буюу Харбины гэрээг цуцлахыг шаардаж байгаатай холбоотой гэгдэж байна. Сүүлд, 2025 оны есдүгээр сард ОХУ-ын Владивосток хотноо болсон Дорнын эдийн засгийн X чуулганаар Ерөнхий сайд Г.Занданшатар оролцож, ОХУ-Монгол-БНХАУ гэсэн гурван улсын байгалийн хийн хоолойн асуудлыг голчлон ярилцсаныг мэдээлж байв.
Гэвч үүнээс хойш гэрээтэй холбоотой үйл явдал өрнөөгүй байна. “Сибирийн хүч-2” төсөл нь 50 тэрбум шоо метр хүртэлх хийг Оросын Арктик дахь Ямалийн хойгоос Монголын нутгаар дайруулан барьсан 6000 километр хоолойгоор Хятадын өмнөд нутагт нийлүүлэх төсөл юм. Хийн хоолой Монголоор дайрах нь эдийн засаг болоод хийн хоолойг дагасан суурьшлын бүсүүд хямд өртгөөр хийн хэрэглээнд нэвтрэх зэрэг олон талын ач холбогдолтой гэж үзэж байгаа юм.