ХОВД: Жолооч нар нүүрс тээвэрлэлтийг зогсоохоо мэдэгджээ

e1bd5f6e80a46165404a8faf2b15e2c8

 Ховд аймагт хэрэгжиж буй уул уурхайн томоохон төслийн нэг бол Хөшөөт төсөл юм.  Уг төслийг “Мо-Эн-Ко” ХХК хэрэгжүүлж буй.

Тус компанийн Хөшөөтийн  уурхайн  гадаад экспортын нүүрс тээвэрт  26 тээврийн компанийн 1200 гаруй жолооч ажиллаж байна.

Саяхан нүүрс тээврийн ачилтын талбайд жолооч нар тайван жагсаал зохион байгуулж, уурхай хариуцсан захиралд нэгдсэн тээврийн хөлсийг бууруулахгүй байх болон бусад асуудлаар шаардлага хүргүүлжээ. Гэвч тус шаардлагад “Мо-Эн-Ко” ХХК-иас хариу ирүүлээгүй тул Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох заалтыг үндэслэн нүүрс тээврийн үйл ажиллагааг тодорхойгүй хугацаагаар зогсоох шийдвэр гаргаад байна.

Үүсээд байгаа нөхцөл байдалтай уялдуулан Хөшөөтийн уурхайн нүүрс тээврийн жолооч нар энэ сарын 5-нд аймгийн удирдах ажилтнуудтай уулзлаа.

Уулзалтад Хөшөөтийн уурхайд гэрээгээр нүүрс тээвэрлэгчдийн Үйлдвэрчний эвлэлийн хороо, нүүрс тээврийн компани, жолооч нарын төлөөлөл оролцсон бөгөөд нүүрс тээврийн хөлсийг нэмэгдүүлж, өмнө нь мөрдөж байсан 0.074 долларт хүргэх, мөн “Мо-Эн-Ко” ХХК, тээврийн компани хоорондын 2026 онд байгуулах нүүрс тээврийн гэрээг өмнөх гэрээний нөхцөлөөс дордуулахгүй үндсэн заалтуудыг хадгалан яаралтай байгуулахад орон нутгийн удирдах ажилтнууд анхаарал хандуулахыг хүслээ.

Мөн тээвэрчдэд тулгамдаж буй бусад асуудлыг ярилцсан ба тээвэрчдийн нийтлэг эрх ашгийг хамгаалах чиглэлд хамтран ажиллахаа орон нутгийн удирдах ажилтнууд илэрхийлсэн тухай өнөөдөр Ховд аймгийн ЗДТГ-аас танилцуулав.   

About Author