Салбарынхаа төлөө яваа сайд бурууддаггүй

undram-580x365

Эх сурвалж: Zuv.mn

-Зохиогчид төлбөр төллөө гээд “Караоке” дампуурахгүй-

Соёл, спорт, аялал жуулчлалын сайд Ч.Ундрам караоке баарнуудын санд байгаа дуунуудаас үйлчлүүлэгч нь сонгож дуулсан тохиолдолд тодорхой хэмжээний төлбөрийг уран бүтээлчдэд нь өгдөг болох талаар хөндсөн билээ. Түүний энэ мэдэгдлийг зарим нь шүүрэн авч, буруутгах хандлага гаргаж буй. Гэхдээ, үнэн хэрэгтээ энэ ажил бол соёл урлагийн салбарынхны дунд олон жил яригдаж, хүлээгдэж буй, зайлшгүй хийх ёстой ажил юм.  

Салбарын сайд олон нийтэд хандаж ярьсан нь ч анх удаагийнх биш. Хэдэн жилийн өмнө Соёлын сайд Ч.Номин хөндөж, түүнийг нь сошиал орчинд “Шинэ сайд “Дөрвөн улирал хоёр амраг”, “Тэмээн жингийн цуваа” зэрэг дуунуудыг Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаа бүх караокегаас татах тухай тогтоолын төсөл санаачилж, Засгийн газрын хуралдаанд оруулах гэж байна” гэж худал мэдээлэл түгээж байсан юм. Санасандаа ч хүрч, уран бүтээлчдийн оюуны бүтээлээр олз ашиг ологчид хэдэн жил хулгайгаа үргэлжлүүлсээр өнөөдрийг хүрлээ. Харин уран бүтээлийг жинхэнэ хоосноос бүтээсэн хүмүүс нь хохирсоор мөн л өнөөдөртэй золгов.

Манай соёл урлагийн салбарын уран бүтээлчид эдийн засгийн хувьд хангалттай хангамж эдэлдэггүйг бүгд мэднэ. Тэр тусмаа бүтээгч уран бүтээлч буюу бүтээлийг оргүй хоосноос бий болгодог яруу найрагч, хөгжмийн зохиолч, бүжиг дэглээч зэрэг мэргэжлийн үнэлэмж дуучин, бүжигчний үнэлэмжээс ч дор тавигдсан дутагдалтай.

Жишиг тогтож чадаагүй учраас дуучид хөгжмийн зохиолч, яруу найрагч нарт уран бүтээл захиалахдаа гэрээ хийлгүй, худалдаж авах маягаар нэг удаагийн төлбөр төлдгөөс болж энэ байдал үүсдэг. Мобикомын дугаар руу залгахад цаана нь эгшиглэдэг дуунаас дуучид олон сая төгрөгийн орлого олдог ч бүтээгч уран бүтээлчдийн ихэнх нь хоосон хоцордог байсныг мэднэ.

Тиймээс Ч.Ундрам сайд эл асуудлыг хөндсөн нь салбарынхны хувьд бол загатнасан газар нь маажих шиг болж байгаа гэдэгт эргэлзэхгүй байна.

Бусдын бүтээлийг баруун, солгойгүй ашиглаж мөнгө хүүдийлдэг хошин урлагийнханд ч энэ асуудал хамаатай. Уран бүтээл нь арилжааны зорилгоор ашиглагдаж, өөр этгээдэд орлого оруулж л байгаа бол зохиогч хувь хүртэх эрхтэй. Түүнээс ард иргэд гэр орондоо дуулахыг хориглоогүй гэдгийг ойлгох хэрэгтэй. Олон улсын жишиг ч тийм.

Караокед ямар нэг дуу дуулагдаж л байвал зохиогчийн дансанд мөнгө орж байх ёстой. Тэр нь мэдээж, нэг их байх албагүй. Тухайн караокены ажиллах боломжийг алдагдуулах хэмжээний байж угаасаа болохгүй. Гэхдээ огт зүгээр байх ёсгүй юм.

Тиймээс хуулийнхаа заалтыг хэрэгжүүлэхийн тулд тууштай яваарай гэж Ч.Ундрам сайдад хүсье. Системийн шинжтэй энэ өөрчлөлтийг хийчихвэл хүссэн хүсээгүй Ч.Ундрам сайд, түүний багийнхны нэр түүхэнд үлдэнэ. Соёлын салбарынхан, бүтээгч сэтгэхүйтэй уран бүтээлч бүр үеийн үед сайнаар дурсах юм.

About Author