Ерөнхий сайд Г.Занданшатар Дорноговь аймагт ажиллаж байна
Ерөнхий сайд Г.Занданшатар Дорноговь аймагт ажиллаж байна.Тэрээр өчигдөр Замын-Үүд суманд ажиллаж хилийн боомт, Чөлөөт бүсийн үйл ажиллагаатай танилцаж сумын иргэдтэй уулзсан юм.
Хил, гаалийн байгууллагын уялдаа холбоогүй байдлыг цэгцлэх үүднээс хяналтын тогтолцоог нэгдмэл удирдлагатай болгох, газартай холбоотой иргэдийн санал хүсэлтийг үндэслэж, Замын-Үүд сумын хэмжээнд газар олголтыг шалгуулахаар АТГ, ЦЕГ, ТЕГ-ын хамтарсан ажлын хэсэг байгуулахаар шийдвэрлэжээ.
Хилийн боомтын авто замын боомтын цогцолбор 2023 онд ашиглалтад орсноор нэвтрүүлэх хүчин чадал гурав дахин нэмэгдсэн байна. Цогцолбор ашиглалтад орохоос өмнө өдөрт 6000-8000 зорчигч нэвтэрдэг байсан бол өдгөө 8-12 мянган зорчигч зорчиж байгаа аж. Өнгөрсөн онд цахим гарцтай болсноор өдөрт 450 орчим хүн цахим гарцаар нэвтэрдэг болсноор нэг шалгагчид ногдох ачаалал буурсан байна.
Монгол Улсын ачаа эргэлтийн 70 гаруй хувь нь Замын-Үүд боомтоор дамжин өнгөрдөг тус хилийн боомтод түр оршин суугчидтайгаа нийлээд ойролцоогоор 25 мянга гаруй иргэн оршин суудаг. Үйлдвэрлэл үйлчилгээ ихсэж, хүн амын суурьшил нэмэгдэж буй тус боомтыг худалдаа, тээвэр ложистикийн гол зангилаа хот болгон өргөжүүлэх шаардлага үүссэн ч ажил удаашралтай байгааг Ерөнхий сайд онцолж, энэ талаар анхаарч ажиллахаа илэрхийлсэн аж.
Цаашид хил, гаалийн ажилтнуудыг тогтмол сэлгэж ажиллуулах, Цаашид хил, гаалийн ажилтнуудыг тогтмол сэлгэж ажиллуулах, хяналтын тогтолцоог нэгдмэл удирдлагатай болгох зэрэг олон ажлыг хэрэгжүүлэх юм. Ерөнхий сайд өнөөдөр 11.00 цагаас Сайншанд хотын иргэд хөдөлмөрчидтэй уулзана.