Нийслэлийн төлөөх “зодоон” ба Ерөнхийлөгчийн сонгууль

b6325b43632f55429964e2c5cca830fa

Эх сурвалж: Zuv.mn

Ах нарын төлөвлөгөө Х.Нямбаатарыг унагахаар үргэлжлэх үү

Өнгөрсөн тавдугаар сард Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг огцруулснаар эхэлсэн МАН доторх “зодоон” үргэлжилсээр он гарахтай зэрэгцээд Нийслэл рүү орж явчихлаа. Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатарын эсрэг чиглэсэн үйл ажиллагаа сүүлийн өдрүүдэд эрс эрчимжиж, улс төрийг халаах гол эх сурвалж болоод байна.

Улс төрийн намд, тэр тусмаа эрх баригч намд дотоод эв нэгдэл чухал. Яг бодитоор байхгүй ч байгаа мэт харагдуулах нь ялангуяа одоогийн МАН-д ус, агаар шиг хэрэгтэй. Тэр ч утгаараа хоёр тал ид эвдрэлцэж, эвлэх гэж үзэж тарж байх үед 80-аад оныхны зүгээс асуудлыг Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалан нарыг унагаснаар эцэслэх буюу Х.Нямбаатарыг албан тушаалд нь үлдээх саналыг тавьж байсан бөгөөд тухайн үед болсон яриа хэлэлцээрийн багагүй хэсгийг энэ асуудал эзэлж байсныг эх сурвалжууд хэлдэг.

Улмаар тохироонд хүрсэн ч бололтой байдаг. Ерөнхий сайд Г.Занданшатар “Нийслэлийн Засаг даргаа бүх талаар дэмжинэ” гэж ярьж гарч ирснийг тохиролцоонд хүрсний шинж гэж ойлгож болох байх.

Гэтэл он гараад гэнэт зангаа хувиргаж, Х.Нямбаатарыг унагахаар ажиллаж эхэлсэн нь цаагуураа шинэ нөхцөл байдал буюу Ерөнхийлөгчийн сонгууль ойртсонтой холбоотой гэсэн мэдээлэл байна. Өөрөөр хэлбэл, татварын байцаагч, такси энэ тэр бол Х.Нямбаатарыг унагах ажиллагаанд ашиглахаар бодож олсон шалтаг болохоос шалтгаан биш аж.

Монголд 2027 онд Ерөнхийлөгчийн сонгууль болно. Одоогийн Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энэ сонгуульд өөрийн дэмждэг хүнээ нэр дэвшүүлж, түүндээ дулдуйдан нам доторх нөлөөгөө хадгалахыг зорьж байгаа гэсэн мэдээлэл хэвлэлд гарсаар удаж буй. Тэгвэл энэ санаанд нь 80-аад оныхны “үлдэгдэл” болох Х.Нямбаатар саад болно гэж ах нар нь эмээж байгаа учир өөрийн хүнээ дэвшүүлэх хөрсийг бэлтгэх, өөрөөр хэлбэл Нийслэлийн МАН-ыг эрхшээх зорилгоор Нийслэл рүү довтолж байгаа гэсэн мэдээлэл байна.  

Нийслэл Улаанбаатар хот эрхзүйн орчноо шинээр бүрдүүлээд хоёрхон жил, түүнийхээ дагуу бие даасан үйл ажиллагаа явуулаад ганцхан жил өнгөрч байгаа. Энэ хугацаанд Сэлбэ хот, метро, трамвай, дүүжин тээвэр гэх мэт өмнө нь шүүгээд дарагдаад мартагдчихсан байсан болон шинэ олон ажлуудыг барьж авч хийж байгаа.

Хамгийн гол нь, энэ удаад цаг хугацааны хувьд өмнөхөөс огт өөр тоо хэлж /Сэлбэ хотын орон сууцны хорооллын бүтээн байгуулалт, Туулын хурдны замын бүтээн байгуулалт, дүүжин тээвэр гэх мэт олон бүтээн байгуулалт хоёр жилийн дотор дуусахаар төлөвлөгдсөн/ буй. Цаг хугацаа нь ийм ойрхон, шуурхай учир Х.Нямбаатарыг огцруулъя гэхээсээ илүү “Элдэв эрсдэл гаруузай” хэмээн болгоомжилж, хэсэгхэн үргэлжлүүлээд үр дүнг нь харчихъя гэсэн бодолтой нь нийслэлчүүдийн дунд олон бий.

Үндсэндээ МАН-ын 2027 оны Ерөнхийлөгчийн, 2028 оны УИХ-ын сонгуульд МАН-ын ялах гол “хөзөр” буюу ажил нь яг одоо Нийслэл дээр явагдаж байна. Наана нь дуусгах, байя гэхэд бодитой болгохын тулд ч хүн хүч, техникээр “зодох” боломжтой БНХАУ-ын компаниуд орж ирж хийж байгаа. БНХАУ, Монголын эдийн засгийн харилцаа бэхжиж байгаа нь хоёр улсын хооронд байгуулсан худалдалдаагаа харилцан өсгөх тохироогоор зохицуулагддаг болохоос Х.Нямбаатар мэддэг юм биш. БНХАУ-тай хамтрахыг Х.Нямбаатараас өөр хүн гарч ирээд ч зогсоож чадахгүй. Энэ бол нэгэнтээ эхлээд өрнөж буй үйл явц. БНХАУ өртөг шингээсэн бүтээгдэхүүнээ манайд зарахын тулд биднээс түүхий эд авдаг. Бид арай ахиу түүхий эд заръя гэвэл худалдан авалтаа дагаад нэмэх нь зайлшгүй бөгөөд хоёр талаасаа хүлээн зөвшөөрдөг зарчим.  

Тиймээс Нийслэлийн Засаг даргыг огцруулах асуудал такси, татварын байцаагч нартай, тэр тусмаа хятадын бараа, үйлчилгээтэй огт хамаагүй бөгөөд гагцхүү Х.Нямбаатарын хаягтай, хэрэгжээд дуусаж гэмээ нь иргэдэд хэрэгтэй, тэр хэрээр улс төрийн оноо авчрах одоо хэрэгжиж буй  төслүүдийг хэн дуусгах вэ, гарсан үр дүн дээр гарах ашгийг хэн хүртэх вэ гэдэг дээр тэмцэл нь явагдаж буй дүр зураг харагдаж байгаа юм.

About Author