“Хүүхдээ 10-15 настайд жирэмсэн болчихно гэж боддоггүй нь алдаа”

20260113-ORG01557-810x500

Эх сурвалж: Nnews.mn

ЭХЭМҮТ, Улаанбаатар. ЭХЭМҮТ-ийн хүүхдийн эмч Г.Оюундарь. Гэрэл зургийг Л.Энх-Оргил/News.mn

Өсвөр насны охидын жирэмслэлт тэдний бэлгийн боловсрол ямар түвшинд байгаа, хүүхдүүдэд тулгардаг асуудал түүнийг хэрхэн шийдэж болох зэрэг сэдвийн хүрээнд Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн өсвөрийн клиникийн эмч  Г.Оюундарьтай ярилцлаа 


Сүүлийн жилүүдэд өсвөр насны охидын жирэмслэлт, үр хөндөлтийн асуудал тулгамдсан асуудал болж үүнд хаа, хаанаа анхаарлаа хандуулах хэрэгтэй байна гэж эмч нар сануулсаар байна л даа. Ер нь охид эрт жирэмсэн болж байгаагийн цаана нь бэлгийн боловсрол дутмаг, ар гэрийн хайхрамжгүй байдал гэх мэт олон шалтгаан байна. Мэргэжлийн хүний хувьд анзаарахад ямар шалтгаан түгээмэл ажиглагдаж байна вэ? 

10-19 насны хүүхдүүдийг өсвөр нас гэсэн ангилалд хамруулж авч үздэг. Гэхдээ өсвөр насны охидын жирэмслэх насыг 15-19 нас гэж ангилж авч үзэж статистик мэдээлэл гаргадаг. Үүний цаана 10-15 насны охидын төрөлтийн мэдээ статистик тоонд орохгүй яваад байгаа юм. Энэ насны охид жирэмслэхгүй, эрсдэл байхгүй гэсэн үг биш. Өөрөөр хэлбэл, өсвөр нас эрт эхэлдэг болсон. Охидын сарын тэмдэг эрт ирдэг болсон. Тиймээс 10-15 настай охид жирэмсэн болоод ирж байна. Тэр дундаа 10,11,12 настай хүүхдүүд жирэмсэн болоод манай клиникт ирж байна. Өчигдөр гэхэд л 12 настай охин жирэмсэн төрөх хугацаа нь дөхчихсөн ээжтэйгээ хамт ирсэн. Тухайн ээж “Охиноо жирэмсэн гэдгийг мэдээгүй. Хүүхдээ таргалаад байна гэж бодсон чинь охин маань жирэмсэн болсон байж,  өөрийгөө ч жирэмсэн гэж мэдэхгүй байгаа. Хүүхдэдээ яаж хэлэх вэ” гээд хүрээд ирсэн. Үүнээс харахад томчууд 10-15 настай хүүхдээ жирэмсэн болчихно гэж төсөөлдөггүй. Ингээд энэ асуудлыг анхаарахгүй орхиод байгаа юм болов уу гэж харж байна.

-Хүүхэд өөрийгөө жирэмсэн болсон гэдгийг төрөх хүртлээ мэдэхгүй байх боломжтой гэж үү?

-Хүүхэд битгий хэл ээж, аав нь төрөх хүртэл нь мэдэхгүй, анзаарахгүй байна шүү дээ. Тэгэхээр хүүхэд л бол хүүхэд байдаг. Ядарч сульдаж байгаагаа анзаардаггүй. Биедээ өөрчлөлт орж байгаагаа мэдэхгүй байх тохиолдол байна. Тэгэхээр эцэг, эх охидоо маш сайн анзаарч, анхаарал хандуулж байх ёстой. Манайд 10, 11 настай жирэмсэн охин ирж байсан. Тэр хүүхдүүд болон гэр бүл нь жирэмсэн гэдгийг нь мөн л мэдээгүй байсан.

10-15 НАСТАЙ ТӨРЛӨӨ ГЭЖ БОДОХОД ХҮҮХДИЙН ХҮҮХЭД НАС ТЭНД ДУУСДАГ

ЭХЭМҮТ, Улаанбаатар. ЭХЭМҮТ-ийн хүүхдийн эмч Г.Оюундарь. Гэрэл зургийг Л.Энх-Оргил/News.mn

-Эцэг, эхчүүд хүүхдээ дандаа жоохноор нь харж жирэмсэн болно, болгочихно гэж бодож, энэ талын мэдлэг, мэдээлэл дутуу өгдөг ярилцдаггүй байдал нь асуудлыг даамжруулаад байна уу?

-Охид өсвөр насандаа жирэмсэн болж байгаа нь ганц тухайн хүүхдийн асуудал биш. Олон хүчин зүйл нөлөөлж байгаа. Өөрөөр хэлбэл, урьдчилан сэргийлэх мэдээ, мэдээлэл дутмаг эцэг, эхчүүд энэ асуудлаар хүүхэдтэйгээ ярьж зөвлөдөггүй, хүсээгүй бэлгийн хавьталд орох, хүчирхийлэлд өртөх гээд маш олон шалтгаан үүний цаана бий. Дээрээс нь манай эцэг, эхчүүд өөрсдөө бэлгийн болон нөхөн үржихүйн боловсрол маш дутмаг. Мэддэг байлаа ч хүүхэдтэйгээ төдийлөн ярьдаггүй. Асуудал үүссэний дараа “Манай хүүхэд ингэсэн байна, тэгсэн байна” гэдэг. Түүнээс хүүхдэдээ тулгарч болох асуудлыг урьдчилан сэргийлэх тал дээр анхаарал хандуулдаггүй нь тэдний хандлагаас харагддаг. Хүүхдээ дагуулаад ороод ирдэг, манай энэ ингээд байна гэнэ, тэгээд байна гэнэ гэж хэлдэг. Тэгээд хүүхдээс нь асуумж асуугаад хүүхэд нь хариулж байх явцад  “Чи хэзээ тэгсэн юм. Өө тэгээд байгаа юм уу, өмнө нь өвддөг байсан юм уу” гэдэг. Харин хүүхэд нь “Би танд хэлсэн шүү дээ” гэдэг. Энэ мэт харилцан яриа манай өрөөнд өрнөдөг.

Эндээс манай ээж, аавууд төдийлөн хүүхдэдээ цаг гаргаж ярилцдаггүй, анхааралтай сонсдоггүй нь ажиглагддаг. Дээрээс нь таны хэлснээр би хүүхдээ арай ч ингэнэ гэж бодсонгүй, үнэхээр гомдож байна гэдэг.

Бас нэг асуудал нь орж ирээд хүүхдээ үзүүлэхдээ “Өөр эмч байхгүй юу, чи залуу хүн юугаа мэддэг юм” гэдэг. Энэ хандлагаас нь намайг битгий хэл хүүхдээ ч ойлгохгүй байх нь аргагүй юм байна л гэж бодогддог.

Өсвөр насандаа төрөхөд төрөх явцад, цаашлаад ээж болоход ямар асуудал тулгарч байна. Дээрээс нь ямар ямар эрсдэлүүд бий болдог вэ?

-Насанд хүрээгүй үедээ төрснөөр олон эрсдэлийг дагуулна. Өсвөр насны охидын умай, өндгөвчний үйл ажиллагаа дөнгөж жигдэрч эхэлж байдаг. Төрлөө гэж бодоход жин багатай хүүхэд төрдөг. Цаашлаад дутуу төрөх эрсдэлтэй. Эх өөрөө даралт ихсэх, манас таталтын урьтал болдог. Мөн төрсний дараа сэтгэл гутралд өртдөг, амьдралын хэв маяг, амьдралын чанар боловсролд гэх мэт маш олон сөрөг үр дагаврууд бий болох эрсдэлтэй. Ер нь өсвөр насандаа буюу 14, 15 настай төрлөө гэж бодоход хүүхдийн хүүхэд нас тэнд дуусдаг. Үеийнхэнтэйгээ тоглож наадаж, сурч боловсрох, үерхэж нөхөрлөх насандаа ээж болоод суучихаар маш харамсалтай байгаа биз.

Төрөх болон үр хөндүүлэх сонголтын алийг нь ч сонгосон байлаа гэсэн бүх асуудал дуусчихгүй. Цаашид маш олон асуудлууд урт хугацаанд үргэлжилдэг. Манайд ирж байгаа хүүхдүүдийн болон эцэг, эхчүүдийн дийлэнх нь үр хөндүүлье гэдэг бол цөөн тохиолдолд ярилцаж шийдсэн хүүхдээ төрүүлнэ, хяналтад оръё гэж ирдэг. Нэгдүгээрт, тэдний хүссэнээр шууд үр хөндөлт хийхгүй. Төрөх байсан ч, үр хөндүүлэх байсан ч хамгийн түрүүнд жирэмсэн эхийг үзлэг оношилгоо, шинжилгээнд хамруулсны дүнд  үр хөндүүлж болох эсвэл төрүүлж болох эсэхийг шийднэ. Үр хөндүүлснээр цаашдаа үргүй ч болж болзошгүй.

Энд ирж байгаа хүүхдүүдийн ихэнх нь жирэмслэлтээс хамгаалж мэдэхгүй байна. Жирэмсэн болоод хаана хандахаа мэдээгүй гэж хариулдаг.

Бэлгэвч мэдэх үү гэхээр, үгүй сонсож байсан эсвэл дэлгүүрээс авахаас ичээд гэдэг. Хамгийн эрсдэлтэй нэг асуудал нь хавсарсан өвчнөө мэдэхгүй учраас олон эрсдэлийг дагуулж байна. Жирэмсэн болсноо мэддэг ч эмнэлэгт очихоос айдаг.  Эцэг, эх асран хамгаалагчаасаа нуудаг. Ингээд л асуудал хүндэрдэг. Тиймээс багш, эцэг, эх асран хамгаалагчид хүүхдүүддээ илүү анхаарал тавьж, ярилцаж асуудал гарлаа гэхэд загнахаасаа урьтаж ойлгодог, зөвлөдөг байгаач ээ. Бэлгийн харилцаанд хамгаалалтгүй орвол жирэмсэн болно гэдгийг сайн хэлж анхааруулж асуудал үүсэхээс өмнө урьдчилан сэргийлэх боломж байдаг. Хамгаалж, тэвчиж болдог гэдгийг өсвөр насны хүүхдэдээ хэлж ойлгуулж ярилцаж байгаарай гэж хэлмээр байна.

-Өсвөр насны жирэмслэлт гэхээр дан охидын асуудал биш шүү дээ. Нөгөө талд хөвгүүд энэ асуудал дээр хэрхэн анхаардаг, хөвгүүдтэй аав ээж энэ асуудалд яаж ханддаг вэ?

-Манайд ирж байгаа жирэмсэн болсон охидууд ихэнхдээ ээж, аавтайгаа л ирдэг. Зарим нь буюу 15, 16, 17 настай охидууд бол найз залуу маань байгаа, ярилцаж тохирсон хүүхдээ гаргана гэдэг. Эрэгтэй хүүхдүүд өөрсдөө жирэмсэн болохгүй учраас төдийлөн тоодоггүй юм шиг санагддаг. Тэгэхээр нөгөө л ээж, аавууд маань эрэгтэй ч бай, эмэгтэй ч бай хүүхдэдээ нөхөн үржихүйн боловсролын талаар ярилцаж, хэлдэг байх хэрэгтэй. Хөвгүүддээ аав болох бэлэн болоогүй үедээ айлын охиныг жирэмсэн болгож болохгүй. Цаашлаад бэлгийн замаар дамжих өвчин авах эрсдэлтэй учир хэрвээ бэлгийн харилцаанд орохоор бол бэлгэвч хэрэглэж хамгаалж байгаарай гэдгийг ойлгуулж, ярилцах нь чухал.

ЭХЭМҮТ, Улаанбаатар. ЭХЭМҮТ-ийн хүүхдийн эмч Г.Оюундарь. Гэрэл зургийг Л.Энх-Оргил/News.mn

-Өсвөр насанд буюу 10-19 хүртэл насанд хүүхдийн сэтгэл зүй болоод бие махбодод ямар өөрчлөлтүүд бий болдог вэ?

-Өсвөр нас гэдэг хүүхдийн маш чухал үе. Өөрөөр хэлбэл, хүүхэд бие махбод бэлгийн бойжилт болон сэтгэл зүйн хувьд хүүхэд байхаа больж том хүн болж төлөвших үе шат явагдаж байдаг. Зарим хүүхдүүд хувь хүний биеийн онцлог, эцэг, эхийн генээс шалтгаалаад 12, 13 настай хэр нь 16,17-той хүүхэд шиг харагддаг. Ерөнхийдөө 15 хүртэлх насанд гаднаас нь харахад галбирын тухайд том хүн болсон юм шиг харагддаг ч сэтгэл зүйн хувьд хүүхэд хэвээрээ л байдаг. Шинжлэх ухаанд хүний сэтгэл зүй 25 нас хүртэл бүрэн төлөвшдөггүй гэж үздэг. Өсвөр насанд хүрлээ гээд жирэмсэн болж ураг тээх насанд хүрчихлээ гэсэн үг биш. Тэгэхээр ээж, аав нар хүүхэд тань өсвөр насанд сэтгэл санаа нь тогтворгүй, шийдвэр гаргах чадваргүй байдаг учраас тэд нарт хэзээд туслахад бэлэн ард нь ээж, аав нь байгаа шүү гэдэг итгэлтийг төрүүлж учирч болох эрсдэлээс урьдчилан сэргийлэх тал дээр байнга ярилцаж, асуудлыг сонсож шийдэл гарц ярьдаг байх шаардлагатай.

-Манай эцэг, эхчүүд хүүхдээ өсвөр насанд хүрэхээр “Хүүхэдтэйгээ ойлголцохоо больчихлоо, манай энэ ерөөсөө ярихгүй юм, яагаад байгаа нь мэдэгдэхгүй байна” гээд хүүхэдтэйгээ харилцах учраа олохгүй байгаа тал ажиглагддаг. Мөн ээж, аав нар асуудал үүсэхээр эхлээд загнаж зандрахаа урьтал болгодог нь асуудлыг хүндрүүлээд байх шиг байна. Энэ тал дээр юу зөвлөх вэ? 

Өсвөр насанд хүүхдэд маш олон мэдрэмжүүд мэдрэгддэг. Тэр мэдрэмжүүд дундаас хүүхэд баярлах, гомдох мэдрэмжээ мэддэг. Бусдыг нь яг ямаар байгаагаа өөрөө ч ойлгохгүй байх үе бий. Дуугаа хураагаад уурлаад байгаагийн цаана ямар ч шалтгаан байж болно. Хайртай хүндээ хаягдсан, дээрэлхэлтэд өртсөн гээд асуудлууд үүссэн байхыг үгүйсгэхгүй. Мэдрэмжээ ойлгуулах нь чухал. Эцэг, эх хүүхдүүд харилцан мэдрэмжээ буруу илэрхийлдэг. Манай эцэг, эхчүүдэд нийтлэг нэг алдаа бий. Би хайрласандаа, санаа зовсондоо л загначихлаа, гар хүрчихлээ гэдэг. Ингээд асуудлыг улам хүндрүүлдэг. Харин загнаж, гар хүрэхээсээ урьтаад чамд ямар ч асуудал тулгарсан ээж, аав нь дэргэд нь байна, чиний талд байгаа чи ганцаараа биш шүү гэх итгэлийг төрүүлэх нь чухал.

Энд ирж буй эцэг, эхчүүдийн хүүхэдтэйгээ харилцаж байгаа хандлагаас л ямар харилцаатай гэр бүл вэ гэдэг нь харагддаг.

Зарим ээж, аавуудыг харахад тухайн хүүхэд хүүхэдтэй болсон гэдгээ нуусан нь, санаа зовох нь аргагүй л юм байна гэдэг сэтгэгдэл төрдөг. Үндсэндээ тэр гэр бүл хоорондоо ярилцдаггүй, хэлээд ойлгохгүй л байсан юм байна даа гэж боддог. Ээж аавтайгаа нээлттэй ярилцдаг нөхөн үржихүйн боловсролын талаар бага ч болов мэдлэгтэй адаглаад сарын тэмдэг нь нэг, хоёр сараас дээш ирээгүй тохиолдолд тестээр үзээд жирэмсэн болсон гэдгээ мэдсэн. Ээж аавдаа хэлээд ярилцсаны үр дүнд үр хөндөлт хийлгэе гээд бага сартайд хүрээд ирж байгаа хүүхдүүд бий. Эдгээр хүүхдийн эцэг, эх асуудал үүсэхэд ойлгодог ярилцаж шийдвэр гаргадаг ээж, аав нар байдаг. Асуудал үүсээд тусламж хүсэхэд итгэлт хүн нь байж чадахгүй бол хүүхэд улам л хөндий болдог. Хүүхэд нь жирэмсэн болсон гэхэд л өөрсдөө дагаад хямарчихдаг. Хэрвээ үнэхээр эцэг, эх нь ойлгодоггүй бол өсвөр насныхан хандаж болох газар болон хүмүүс байдаг шүү. Жишээ нь, багш, эмч, сургуулийн нийгмийн ажилтан, сэтгэл зүйч,  Эх нялхсын дэргэдэх өсвөр үеийн клиник гээд энэ бүхэнд хандаж болно гэж хэлмээр байна.

-Монгол Улсын хэмжээнд өсвөр насны хүүхэд хандаж өөрт тулгамдсан асуудалд мэдээлэл, зөвлөгөө авах эмнэлэг хомс байдаг. Ганцхан Эх нялхсын дэргэд Өсвөр үеийн клиник гэж бийТанай эмнэлгээр хүүхдүүд хэр их үйлчлүүлж байна, ихэвчлэн ямар асуудлаар хандаж байна вэ?

-Манай өсвөр үеийн клиникээр дан ганц жирэмсэн хүүхдүүд биш өсвөр үеийнхэн маш олон асуудлаар хандаж зөвлөгөө, мэдээлэл авч болдог. Тухайлбал, шодой болон үтрээний үрэвсэлтэй, сарын тэмдгийн өвдөлт мөчлөг алдагдсан үед, өсвөр насанд тохиолдоод байгаа бие махбодын болон сэтгэл зүйн бүхий л асуудлаа хэлж зөвлөгөө, мэдээлэл чиглүүлэг авч болно. Эцэг, эхчүүд хамт ирж мэдээлэл авдаг. Хүүхдэд айдас төрүүлэх биш тэдэнд тусалдаг гуравдугаар шатлалын эмнэлэг гэж хэлж болно. Хамгийн түгээмэл тохиолдож байгаа асуудал нь үтрээний үрэвсэл байна. Энэ нь хүүхдүүдийн идэж ууж буй зүйлээс шалтгаалж байгаа. Хүүхэд өсвөр насанд хүрээд ирэхээр бие физилогийн хувьд аяндаа өөрчлөгдөж үтрээний шүүрэл ихэсдэг. Үүнийг өдөрт 2-3 удаа ямар ч саван, шампуньгүй зүгээр л бүлээн усаар угааж байх хэрэгтэй. Үүнийг л мэдэхгүй байна. Энэ бол нөхөн үржихүйн боловсролын анхан шатны мэдэгдэхүүн байхгүйгээс үүдэж бий болдог. Мөн сарын тэмдгийн үед ч ялгаагүй өдөрт дор хаяж 2-3 угааж ариун цэвэр сахиж байх хэрэгтэй. Энэ мэт анхан шатны зүйлсийг мэдэхгүй ээж, аавууд олон байна. Ээж, аавууд сайн мэдлэг, мэдээлэлтэй байж хүүхдэдээ учирч болох бүхий л эрдсдэлээс сэргийлж чадна шүү дээ.

-Өсвөр насны охидын жирэмслэлтийг бууруулахын тулд ямар арга хэмжээ авах шаардлагатай байна гэж та харж байна вэ? 

-Өсвөр нас гэхээр хүмүүс төдийлөн тоохгүй байна. Бид нар тойроогүй, даваад л гарсан. Одоогийн хүүхдүүд яагаад ингээд байгаа юм гэж энэ асуудалд ханддаг. Бидний ээж, аавын үеэс нийгэм өөр болсон. Үүнийг дагаад орчин нөхцөл өөрчлөгдсөн. Энэ асуудал ганц Монголд тулгамдаад байгаа юм биш. Дэлхий нийтэд анхаарлаа хандуулаад эхэлчихсэн. Бодлогын түвшинд шийдэх хэрэгтэй байна. Ингэхийн тулд нарийн судалгаа хэрэгтэй. Гэтэл бид өнөөдөр зөвхөн жирэмсэлсэн, төрсөн хүүхдийнхээ тоог л тоолж байна. Цаашид хүүхдүүд өсвөр насандаа яагаад илүү их жирэмслэх нь нэмэгдээд байна, үнэхээр мэдлэггүйгээс болоод байгаа юм уу, хүчирхийлэлд өртөөд байна уу, хүүхэд төрлөө төрсний дараа эх, хүүхдэд ямар асуудал  тулгарч байна гээд олон талаас нь нарийн судлаад тэгээд шат шатандаа арга хэмжээ авч бодлогоор шийдэх хэрэгтэй болчхоод байна.  Нөхөн үржихүйн эрүүл мэндийн суурь өсвөр насанд тавигддаг. Нөгөө бидний ярьдаг эрүүл ээж өсвөр наснаас суурь нь тавигдана, эрүүл эхээс эрүүл ураг төрнө. Энэ асуудал бол тоохгүй орхих сэдэв биш.

About Author