А.Амартүвшин: Нийслэлээс иргэдэд олгох “Ногоон оноо” хөтөлбөрийн гол зорилго төр, иргэний холбоог хангах

AMARAA

Нийслэлийн Засаг даргын орлогч дарга А.Амартүвшин цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.

Тэрбээр “Хотула” аппликейшний гол зорилго нь төр, иргэдийн уялдаа холбоог сайжруулах. Нийслэлээс иргэдэд олгох “Ногоон оноо”-ны систем бол энэ том ажлын зөвхөн нэг л хувь. Цаана нь 99 хувь байгаа. Жишээ нь, амьдрах орчин нөхцлаа сайжруулах, хөрөнгө оруулах санал, санаачилга гаргах, энэ чиглэлийн хүсэлтүүдийг хүлээж авч, шуурхай шийдвэрлэнэ.

Оршин суудаг байрных нь ойролцоо траншейний таг байхгүй болсон хэргийг жишээлье. Иргэн таг алга болсон тухай мэдээд СӨХ-ндоо гомдол гаргасан. СӨХ нь хороондоо мэдэгдсэн. Хороо нь Дүүрэгт, Дүүрэг нь Нийслэлд, Нийслэл нь Захирагчийн ажлын албанд, Захирагчийн ажлын алба нь цаашаа ТҮК руу мэдэгддэг. ТҮК траншейний тагийг нь аваад Дүүрэгт, Дүүрэг нь хороонд, Хороо нь СӨХ-д хүлээлгэж өгөх байдлаар ганцхан хотхоны траншейний тагийг шийдэхийн тулд 14 хонож байж асуудал шийдэгдсэн. Одоо бол би траншейний таг байхгүй болсныг харах юм бол Хотула аппликейшнээ асаагаад, энд ийм байна гэдэг мэдээллээ Нийслэл рүү явуулчих юм. Нийслэл Захирагчийн ажлын албанд хандаад энэ асуудлыг нэг цагийн дотор шийдэх боломжтой.

Ингэж мэдээлсэн иргэнийг олон нийтийн амгалан тайван, аюулгүй нөхцөлд амьдрах боломжоор хангахад хувь нэмрээ оруулсан гэж үнэлээд оноо олгож байгаа асуудал. Иргэдээ идэвхижүүлэх хэлбэр. Өнөөдөр хотод идэвхитэй иргэн байхгүй. Идэвхитэй шүүмжлэгч болчихсон. Хот ажил хийгээд байдаг, эцэстээ юу ч хийдэггүй юм шиг ойлголт үлддэг. Энэ байдлыг өөрчилнө.

Мөн Улаанбаатар хотын нэг иргэн өдөрт 2000 алхалт хийж байна. Дэлхийн том хотуудад энэ тоо 10,000 байдаг. Тиймээс иргэдээ идэвхижүүлж, эрүүлжүүлье, идэвхитэй иргэдтэй болъё гэсэн зорилгоор хийгдэж байгаа ажил” гэлээ.

Мөн Нийслэлийн бүх ЕБС, цэцэрлэгийн сурагчдаас хеликобактерийн шинжилгээ авч, ариутгах төхөөрөмжөөр хангана. Сургууль, цэцэрлэгийн орчинд хеликобактерийг байхгүй болгох зорилтыг хэрэгжүүлэхээ илэрхийлж, үе тэнгийн дээрэлхэлт үйлдсэн хүүхдийг хувийн хэрэгт нь тэмдэглэж, цаашид суралцах боломжид нь нөлөөлдөг байлгах талаар арга хэмжээ авч ажиллахаа илэрхийлсэн юм.

About Author