ТОДРУУЛГА: Дархан, Сэлэнгэ, Төв аймагт цахилгаан хязгаарласан хэвээр байна
Дулааны IV цахилгаан станцын зуухны халах гадаргууд өчигдөр буюу энэ сарын 20-ны өдөр гэмтэл гарсан.
Ингэснээр нийслэлийн дүүргүүдэд цахилгаан хязгаарлаж эхэлсэнчлэн Сэлэнгэ, Дархан-Уул, Төв аймгийн хэмжээнд 2026.01.20-ны 17:00-20:00 цагийн хооронд Диспетчерийн үндэсний төвөөс цахилгаан хязгаарлаж болзошгүйг “Дархан, Сэлэнгийн цахилгаан түгээх сүлжээ” компанид мэдэгджээ. Хязгаарлалт 1.5-2 цаг үргэлжилнэ гэдгийг Эрчим хүчний яамнаас мэдээлсэн.
Өөрөөр хэлбэл улсын хэмжээнд эрчим хүчний систем чадлын дутагдалд орж болзошгүй байгааг танилцуулсан.
Үүнтэй холбогдуулан дараах газруудад цахилгаан хязгаарлана гэв.
- Дархан-Уул аймаг: Дархан сум 1, 4, 5, 6-р баг, 13, 14 дугээр баг, 7, 8-р багийн зарим хэсэг, Шинэ хорооллын зарим байр, Хонгор сум, Шарынгол сумын зарим хэсэг,
- Сэлэнгэ аймаг: Сүхбаатар сумын 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8 дугаар баг, Баянгол сумын 1, 3 дугаар баг, Мандал сумын 1, 2, 3, 4, 5, 6, 7 дугаар баг, Шаамар, Зүүнбүрэн, Цагааннуур, Зэлтэр сум, Хэрх тосгон, Орхонтуул, Сант, Ерөө сум
- Төв аймаг: Заамар сум, Хайлааст баг, Борнуур, Жаргалант, Угтаал, Цээл, Сүмбэр сум.
Өнөөдөр буюу энэ сарын 21-ний өдөр Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн хэлэхдээ, “Зуухны гэмтлийг шуурхай засварлаж байна, өнөөдөртөө хэвийн горимд шилжүүлнэ” гэсэн юм.
Тэгвэл орон нутгийн нөхцөл байдлыг Төв аймгийн Жаргалант сумын оршин суугчтай холбогдож тодрууллаа. Тэрээр, “Өчигдрөөс эхлэн цахилгаан хязгаарласан. Гэхдээ хэдийд, ямар хугацаагаар таслах тухай мэдээлэл өгөөгүй бөгөөд гэмтлийг хэзээ засварлаж дуусах талаар мэдээлэл өгөөгүй. Өнөөдөр л гэхэд 2-3 удаа гэнэт цахилгаан хязгаарласан. Энэ ажил хийх нөхцлийг хүндрүүлж байна” гэлээ.
Өөрөөр хэлбэл, дээрх гэмтлээс үүссэн хүндрэл зөвхөн нийслэлд төдийгүй орон нутагт ч үргэлжилсээр байгаа юм.