Олимпийн чуулган гурав дугаар сарын 12нд болно
ОУОХ-ны гишүүн, Монголын Үндэсний Олимпын Хорооны Ерөнхийлөгч Б.Баттүшиг, ерөнхий нарийн бичгийн дарга Э. Бадар-Ууган нар спортын холбоодын төлөөллийг хүлээн авч уулзаж, ойрын хугацаанд хэрэгжих томоохон арга хэмжээ, олон улсын наадмуудын бэлтгэл ажлын талаар мэдээлэл солилцлоо.
Тус уулзалтаар МҮОХ-ноос 2026 оны 1 дүгээр сарын 30-нд зохион байгуулагдах МҮОХ-ны гишүүдийн дундах виртуал дугуйн уралдааны тэмцээн, 4 дүгээр сард БНХАУ-ын Санья хотод болох Азийн элсний наадам, мөн 9 дүгээр сард Японы Айчи–Нагояа хотноо зохион байгуулагдах Азийн наадмын талаар товч мэдээлэл өгч, бэлтгэл ажлын явц, оролцоотой холбоотой зарим асуудлыг танилцууллаа.
Мөн уулзалтын үеэр МҮОХ-ны үүсгэн байгуулагдсаны 70 жилийн ойн хүрээнд 2026 онд хэрэгжүүлэхээр төлөвлөсөн арга хэмжээнүүдийг спорт холбоодын төлөөлөлд танилцуулж, төлөвлөгөөнд тусгагдсан зарим арга хэмжээний агуулга, хамрах хүрээ, хэрэгжилтийн талаар санал солилцов.
Спортын холбоодын зүгээс Айчи–Нагояагийн Азийн наадмын өмнөх бэлтгэл ажлыг чанаржуулах хүрээнд гадаад улсад өндөр түвшний тамирчидтай хамтарсан бэлтгэл сургуулалт зохион байгуулах боломжийг судлах, холбоодыг хамруулах, түүнчлэн спортын салбарт нэн шаардлагатай эрдэм шинжилгээ, спортын анагаах ухаан, сэтгэлзүй зэрэг чиглэлээр мэргэшсэн гадаадын мэргэжилтнүүдийг урьж семинар, сургалт зохион байгуулах саналуудыг дэвшүүллээ.
Мөн спортын холбоодын дунд шат дараалсан цуврал тэмцээн зохион байгуулах, хамтын ажиллагааг нэмэгдүүлэх талаар санал хүсэлтүүдийг илэрхийлэв.
МҮОХ-ны Ерөнхийлөгч Б.Баттүшиг уулзалтын төгсгөлд дэвшүүлсэн санал, яригдсан асуудлуудын хэрэгжилт, боломж бололцоог судалж, бодитойгоор хэрэгжүүлэх, спортын холбоодтой нягт хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийллээ.
МҮОХ-ны Гишүүдийн хурлаас Олимпын чуулганыг 2026 оны 3-р сарын 12-нд хуралдуулах товыг тогтоосон билээ. Уулзалтын үеэр чуулганы бэлтгэл ажил амжилттай хангагдаж байгааг тодотгож, гишүүн холбоодыг идэвхтэй оролцохыг уриалав.
МҮОХ-ны Дүрэмд зааснаар спортын холбоод Олимпын Чуулганаас 45 хоногийн өмнө төлөөлөгчдийн материалаа МҮОХ-нд ирүүлэх үүрэгтэй тул 2026 оны 1 дүгээр сарын 26-ны өдрөөс өмнө ирүүлэхийг хүсье.