ГАЗАР ХӨДЛӨЛТИЙН ҮЕИЙН СТРАТЕГИЙН ДАДЛАГА СУРГУУЛИЙГ АНХ УДАА ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА
“Нийслэл Улаанбаатар хотод газар хөдлөлтийн гамшиг тохиолдож “онц байдал” тогтоосон үеийн төрийн байгууллагуудын харилцан хамтын ажиллагаа” сэдэвт стратегийн команд штабын сургууль өнөөдөр эхэллээ.
Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, Шадар сайдын ажлын алба, Онцгой байдлын ерөнхий газар, Нийслэлийн Засаг даргын тамгын газар хамтран анх удаагаа зохион байгуулж байгаа тус дадлага сургуульд Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч У.Хүрэлсүх оролцож, сургуулийн үйл ажиллагаатай танилцсан юм.
Дадлага сургуульд Гамшгаас хамгаалах 12 алба, яам агентлаг, төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллага, олон улсын байгууллага болоод 21 аймгийн Онцгой комиссын гишүүд зэрэг 2500 гаруй хүн танхимаар болон цахимаар оролцож байна.
Төрийн байгууллагуудын харилцан ажиллагааг жигдрүүлэх, улсын гамшигтай тэмцэх болон төрийн цэргийн байгууллагын чиглэлийн төлөвлөгөөг тодотгох, нэгдсэн удирдлагын тогтолцоог бэхжүүлэх, гамшгийг хохирол багатай даван туулах чадавхыг дээшлүүлэх зорилготой дадлага сургууль энэ сарын 09-нийг хүртэл үргэлжилнэ.
Мөн Баянгол, Сонгинохайрхан, Чингэлтэй, Сүхбаатар, Хан-Уул, Баянзүрх дүүрэгт газар хөдлөлтийн дараах мэргэжлийн ангийн тактикийн үзүүлэх сургууль, Налайх, Сонгинохайрхан дүүрэгт хээрийн эмнэлэг дэлгэх дадлага сургуулийг зохион байгуулж байна.
Монгол Улсын Шадар сайдын мэдээлэл
Нийслэлийн Онцгой байдлын газар
Нийслэлийн мэдээ