АНУ-ын сэргээгдэх эрчим хүчний компаниудын төлөөллийг хүлээн авч уулзлаа

3d462088e2892ce1e85e6698ef95ec04

Монгол Улсын Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр АНУ-ын сэргээгдэх эрчим хүч, тэр дундаа нарны хавтан үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компаниудын төлөөллийг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын үеэр сайд Ж.Энхбаяр Монгол Улсын хөрөнгө оруулалт, бизнесийн орчны эрх зүйн шинэчлэл, гадаадын хөрөнгө оруулагчдад чиглэсэн бодлого, дэмжлэгийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өглөө. Түүнчлэн эрчим хүчний салбарын өнөөгийн байдал, цаашдын хөгжлийн чиг хандлага, сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрийг нэмэгдүүлэх Засгийн газрын зорилт, бодлогын талаар танилцуулсан юм.

Монгол Улс сэргээгдэх эрчим хүчний асар их нөөцтэй бөгөөд нар, салхины эрчим хүчийг эдийн засгийн эргэлтэд оруулах, бүс нутгийн эрчим хүчний хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлд анхаарч байгааг онцлов. Төр, хувийн хэвшлийн түншлэлийг дэмжих, урт хугацааны тогтвортой бодлогоор хөрөнгө оруулагчдын итгэлийг нэмэгдүүлэхэд анхаарч ажиллаж байгаа талаар хэллээ.

АНУ-ын хөрөнгө оруулагчдын зүгээс Монгол Улсад хэрэгжүүлэх боломжтой нарны цахилгаан станц байгуулах, нарны хавтан үйлдвэрлэх, дэвшилтэт технологи нэвтрүүлэх, эрчим хүч хадгалах систем бүхий төслүүдийн талаарх санал, танилцуулгыг хийж, хамтын ажиллагааны боломжуудын талаар санал солилцов.

Уулзалтын төгсгөлд сайд Ж.Энхбаяр Монгол Улсын Засгийн газар гадаадын хөрөнгө оруулалтыг тууштай дэмжиж, ил тод, тогтвортой, таатай бизнесийн орчныг бүрдүүлэх чиглэлд бодлого, арга хэмжээг хэрэгжүүлж байгааг онцлон тэмдэглээд сэргээгдэх эрчим хүчний салбарт АНУ-ын хөрөнгө оруулагчидтай хамтран ажиллахад нээлттэй байгаагаа илэрхийлсэн юм.

About Author