Рио Тинтогийн хэлэлцээрийг өргөтгөх шаардлага үүссэнтэй холбоотойгоор “Оюу толгой” компанийн ТУЗ-д салхи оруулна
Эх сурвалж: Zuv.mn
Ерөнхий сайд Г.Занданшатар “Оюу толгойн бүлэг ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах, үр өгөөжийг нэмэгдүүлэх хүрээнд хийсэн тусгай шалгалт, нээлттэй сонсголын мөрөөр авч хэрэгжүүлэх арга хэмжээний тухай” УИХ-ын 120 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх чиглэлээр холбогдох албан тушаалтнуудад үүрэг өгчээ.
УИХ дээрх тогтоолыг баталснаар Рио Тинтотой хийж буй зээлийн хүү болон мэнэжмэнтийн төлбөрийг бууруулах хэлэлцээг өргөтгөх шаардлага үүссэн. Тийм учраас “Рио Тинто” групптэй хэлэлцээ хийж буй Монголын талын Ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг ч өргөтгөөд байгаа юм.
Үүнээс гадна “Эрдэнэс Оюу толгой” ХХК-ийн гүйцэтгэх захирлыг чөлөөлж, сонгон шалгаруулж томилохыг Засгийн газрын 2026 оны 1-р сарын 14-ний өдрийн хуралдааны тэмдэглэлээр “Эрдэнэс Монгол” ХХК-д үүрэг болгожээ.
Мөн “Оюу толгой” ХХК-ийн ТУЗ-д Засгийн газрын төлөөллийг хэрэгжүүлж байгаа гишүүдийн ажлыг дүгнэх, чөлөөлөх болон сонгон шалгаруулалтаар шинээр томилохыг Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга С.Бямбацогтод үүрэг болгосон талаар уг тэмдэглэлд дурджээ.
Оюу толгой төслийн зээлийн хүүг бууруулах, менежментийн төлбөрийг багасгах чиглэлээр “Рио Тинто” групптэй хийж буй хэлэлцээг өргөтгөх, Монгол Улсын эрх ашгийг хангах нэмэлт нөхцөлүүдийг хүлээн зөвшөөрүүлэхэд “Оюутолгой” ХХК-ийн ТУЗ-ийн гишүүд, “Эрдэнэс Оюутолгой” ХХК-ийн гүйцэтгэх захирал, ТУЗ-ийн гишүүд онцгой чухал үүрэг хүлээнэ гэдгийг Ерөнхий сайд Г.Занданшатар онцгойлон анхааруулсан байна.
Дашрамд дурдахад Ерөнхий сайд Г.Занданшатар Монголын талын эрх ашгийг хангуулахаар Рио Тинтод шаардлага хүргүүлээд байгаа билээ. Ингэхдээ:
Үндсэн хуулийн зарчимд нийцүүлэн Оюу толгой төслийн үр өгөөжийн дийлэнх нь Монголын талд ногдох нөхцөлийг нэн даруй бүрдүүлэх
Зээлийн хүү, менежментийн төлбөрийг бууруулж, хувьцаа эзэмшигчийн ногдол ашиг хүртэх хугацааг наашлуулах
Бодлогын шийдвэр гаргалтад Монголын талын дэмжлэгийг заавал авсан байх, төсөв, хөрөнгө оруулалт, борлуулалтын ил тод байдлыг нэмэгдүүлэхийг шаардсан байна.