Н.Боргилцэцэг: Тог тасалдсанаас болж дөрвөн жил хөдөлмөрлөж, бүтээсэн гэр минь 30 минутын дотор шатчихлаа
Өнгөрсөн долоо хоногт ТЭЦ-4 ТӨХК-д гэмтэл гарч, нийслэлд цагийн хувиараар цахилгаан хязгаарласан. Үүнээс үүдэж олон иргэн эд хөрөнгө, цаг хугацаагаараа хохирч байгаа талаараа байр сууриа илэрхийлсэн.
Энэ сарын 21-ний өдөр Сүхбаатар дүүрэгт оршин суудаг иргэн н.Боргилцэцэгийн гэр тог тасарч, цахилгааны масс үүссэнээс болж шатжээ.
Энэ талаар түүнтэй холбогдож мэдээллийг тодрууллаа.
н.Боргилцэцэг “Нэгдүгээр сарын 21-нд тог тасраад би дэлгүүр, эмийн сан орчихоод ирэхэд гэр маань шатчихсан байсан. Тухайн үед гэрт хөргөгч залгаатай байхад тог өндөр хүчдэлтэй ирж масс үүссэн.
Би хоёр хүүхэдтэй ганц бие ээж. Гэрээ орноо босгож, тохижуулах гэж би дөрвөн жил цаг наргүй хөдөлмөрлөсөн. Өөрөөс шалтгаалах зүйлгүйгээр эд хөрөнгөөрөө хохирч, өмссөн хувцастайгаа л үлдсэндээ маш их гомдолтой байна.
Азаар хоёр хүүхэд маань айлд байсан. Хэрвээ гал гарах үед хүүхдүүд минь гэрт байсан бол би үсрээд орчихсон байгаа.
Гэр орноо алдсан намайг ОБЕГ 100.000 төгрөгөөр торголоо. Миний хичээж босгосон бүхнийг хэн төлөх юм, хэн хариуцлага хүлээх юм бэ” гэв.
https://www.facebook.com/share/v/1GYuPhCUxs