ХААН Банкны санхүүжилтээр барьсан гурав дахь бага сургууль Сэлэнгэ аймгийн Мандал сумын Тарни багт үүдээ нээлээ
Нийслэлээс 200 гаруй км-ийн зайд орших, Сэлэнгэ аймгийн Мандал сумын харьяа Тарни багийн бага сургуулийн сурагчид өндөр хурдны Старлинк интернэттэй, олон улсын стандартын дагуу баригдсан будаг нь ханхалсан цоо шинэхэн сургуульд хичээллэж эхэллээ.
Хүүхэд бүрд тэгш, хүртээмжтэй боловсрол олгох зорилготой “Багийн бага сургууль” төслийг Боловсролын яам, НҮБ-ын Хүүхдийн сангийн санаачилгаар, ХААН Банкны санхүүжилт дэмжлэгтэйгээр хэрэгжүүлж, ийнхүү 3 дахь бага сургуулийг Сэлэнгэ аймагт барьж, хүлээлгэн өгөөд байна. Өнгөрсөн оны 11-р сард Ховд аймгийн Үенчийн отряд, Увс аймгийн Боршоо боомтод тус бүр 75 хүүхдийн хүчин чадалтай багийн бага сургууль барьж хүлээлгэн өгч, малчин айл өрх, хилийн цэргийн алба хаагчдын хүүхдүүдийг гэрийнхээ ойрхон сургуульд суралцах боломжийг бүрдүүлсэн бол тун удахгүй Төв аймгийн Батсүмбэр сумын Үдлэг багт ХААН Банкны хөрөнгө оруулалтаар дахин нэг бага сургууль үүдээ нээх гэж байгаа билээ.
Тарнийн амралтын газраар нь хүмүүсийн сайн мэдэх, үзэсгэлэнт байгаль дунд орших, Тарни баг Мандал сумаас 30-аад км-ийн зайтай, төмөр замын зөрлөг өртөөтэй газар. Багийн төвд байх бага сургуулийн хуучин барилга анх төмөр замчдын туслах ажилчдын байр байсныг 1982 оноос багийн бага сургууль болгон ашиглаж ирсэн ч зай багтаамж бага, олон жилийн явцад барилга нь хуучирч элэгдсэн тул сургууль шинээр барихаас аргагүйд хүрээд байсан юм. Иймд “Багийн бага сургууль” төслийн хүрээнд ХААН Банкнаас хөрөнгө оруулж, олон улсын стандарт бүхий шинэ сургууль барьж ийнхүү сум орон нутгийн удирдлагууд, багш сурагчдад албан ёсоор хүлээлгэн өглөө.

Тарни багт барьсан бага сургууль агааржуулалт, халаалт, дулаалгын ухаалаг систем, сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэртэй, ус, ариун цэврийн байгууламж бүхий сургууль–цэцэрлэгийн цогцолбор байдлаар төлөвлөгдсөн. Мөн өндөр хурдны Старлинк интернэт, цахим анги, стандартын гал тогоо зэрэг орчин үеийн тоног төхөөрөмжөөр тоноглогдсон зэрэг хүүхдэд тав тухтай, ээлтэй байх бүхий л орчин нөхцөлийг бүрдүүлээд буй.
НҮБ-ын Хүүхдийн сангийн суурин төлөөлөгч Эваристе Коуасси-Комлан сургуулийн нээлтийн үеэр “ХААН Банк бидний санаачилгыг анхнаас нь ойлгон дэмжиж, хүүхдийн сурч боловсрох эрхийг бодитоор хангах нөхцөлийг бүрдүүлсэнд талархаж байна. Энэ бол Монголын хойч үе төдийгүй улс орны сайн сайханд хийж буй хөрөнгө оруулалт юм. Бид цаашид улам олон багийн сургууль байгуулж, хүүхдүүд эцэг эх, гэр бүлтэйгээ ойрхон сурч хөгжих боломжийг олгох болно” хэмээн нээлтийн үеэр онцолсон юм.

ХААН Банкны Гүйцэтгэх захирал, НҮБ-ын Хүүхдийн сангийн үндэсний элч Р.Мөнхтуяа энэхүү төслийн санаачилгыг анхнаас нь дэмжиж, хүүхдийн боловсрол, хөгжлийн тэгш боломжийг бүрдүүлэх үйлсэд манлайлан оролцож байгаа төдийгүй хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдийн хамтын оролцоог уриалан ажиллаж буй.
ХААН Банк 2007 оноос хойш ХААН Банк сангаараа дамжуулан нийгмийн хариуцлагын хүрээнд хүн амын эрүүл мэнд, боловсрол, соёл урлаг, спорт, хүүхэд хамгаалал зэрэг олон салбарт 520 гаруй төсөл, хөтөлбөр хэрэгжүүлж, нийт 27.7 тэрбум төгрөгийн санхүүжилт үзүүлээд байна. Энэ удаа “Боловсрол- Хүүхдийн ирээдүй” уриан дор алслагдсан бүс нутгийн хүүхдүүдэд тэгш, хүртээмжтэй боловсрол олгохоор, итгэл, боломж, ирээдүйг нь ойртуулж өгөхөөр ийнхүү томоохон хөрөнгө оруулалт хийгээд байна.

АЛСЛАГДСАН БҮС НУТАГТ БАГИЙН БАГА СУРГУУЛЬ 60-ЫГ БАЙГУУЛНА
Боловсролын сайд П.Наранбаяр:
Хүүхэд гэртээ, ээж аавынхаа дэргэд гэр бүлийн хүрээнд боловсрол олж авах бололцоо бүрдэж байгаа нь хамгийн том давуу тал. Хоёрдугаарт, бид Багийн бага сургуулийн хувьд нэг загварын жишиг зураг төсөлтэй болсон. Тэр нь олон улсын стандартад нийцсэн, бас эрчим хүч, дулааны хэмнэлттэй, тэр нь хүүхдэд ээлтэй байгаа юм. Яг ийм жишиг загвар зураг төслөө баримтлаад ийм сургуулийг ердөө 2-4 сарын хугацаанд л барьж байна. Энэ бол хугацаа болон төсөв хэмнэж буйгаараа сайн талтай. Энэ сургууль 2 тэрбум төгрөгт багтсан, нүсэр биш төсвөөр баригдаж байна. Гуравдугаар сайн тал нь энэ. Дөрөвдүгээрт, бид хувийн хэвшилтэйгээ түншилж байна. Нээлтээ хийж байгаа Тарни багийн энэ сургууль гэрэл цахилгаан нь гурван эх үүсвэртэй. Хэзээ ч цахилгаан тасрахгүй сургууль.
НҮБ-ын Хүүхдийн сангийн үндэсний элч хатагтай Мөнхтуяа, ХААН Банкны санхүүжилтээр ийм 3-4 сургууль барьж хөрөнгө оруулж байгаад баяртай байна. Хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдтэйгээ хамтраад өнөөдрийн байдлаар ийм сургууль 5-ыг байгуулсан байна.
Яамны зүгээс багийн бага сургуулийн багш нараа сургах, хөтөлбөрийг нь бэлтгэхэд анхаарч, цаашдаа сурагчдын эцэг эхийг нь өргөнөөр оролцуулсан гэр бүлийн хүрээний сургууль болгох юм. Ингээд ирэхээр бидний яриад байдаг сайн сургууль таны дэргэд, гэр бүлийн чинь дэргэд ирж байна гэсэн үг. Гэр бүл багш, эцэг эх, бүгд ойртсон ийм сайхан сургууль бий болж байна.
Цаашид 60 гаруй байршилд Багийн бага сургууль барина гэж төлөвлөсөн. Энэ жилийн хувьд 16 сургууль шинээр ашиглалтад орно гэсэн хүлээлттэй байгаа. Цаашдаа энэ ажлыг эрчимжүүлнэ. Сургууль нь хажууд ойртоод ирвэл гэрийн эзэн болсон хүүхдүүд ч нутагтаа эзэн болно. Гэрийн хүмүүжил их чухал, хүүхэд аав, ээжийгээ л харж өсдөг. Энэ утгаараа Багийн бага сургуулийн концепц зөв явж байна гэж харж байна.

ИРЭЭДҮЙ БОЛСОН ХҮҮХЭД БАГАЧУУДЫН ТӨЛӨӨ ХӨРӨНГӨ ОРУУЛЖ БАЙГААДАА БИД БАЯРТАЙ БАЙНА
НҮБ-ын Хүүхдийн сангийн үндэсний элч, ХААН Банкны Гүйцэтгэх захирал Р.Мөнхтуяа:
Багийн бага сургууль төсөл хүүхдүүд гэр бүлийн орчинд ээж аавтайгаа өсөж торних, нийгэмших боломжийг бий болгох зорилготой. Бид хөдөө аж ахуйн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж байгууллагууд болон хөдөө орон нутагт амьдарч байгаа хүмүүсийн нийгэм, соёлын хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр цөөнгүй ажлыг санаачлаад явж байгаа. Үүний нэг нь “Багийн бага сургууль” юм.
ХААН Банк Тогтвортой хөгжлийн бодлогынхоо хүрээнд нийгмийн хариуцлагын ажлуудыг ХААН Банк сангаараа дамжуулан 2007 оноос өнөөдрийг хүртэл хэрэгжүүлж ирсэн. Үндсэн 6 чиглэлд үйл ажиллагаа явуулдгаас хамгийн чухал хэсэг болох боловсрол, эрүүл мэнд, тэгш оролцоо, нутаг орны соёл заншлыг дээдлэх чиглэлд илүүтэй анхаарал хандуулж байна. ХААН Банкнаас санаачлан хэрэгжүүлдэг эрүүл мэндийн аянууд, “Хавдрын эсрэг үндэсний аян”, “Цусны даралт ихсэлтийн эсрэг аян”-ыг хүн бүр мэддэг.
Эрүүл монгол хүн бий болгох, ялангуяа боловсролын чиглэлд анхаарч байгаа ажлууд маань тэгш боломжийг бий болгох, хөдөө орон нутгийн хүүхдүүдээс гадна Улаанбаатар хотын алслагдсан дүүргийн сургуулийн хүүхдүүдийг хотын төвийн болон хувийн хэвшлийн сургуулийн хүүхдүүдтэй ижил тэгш боломжоор хангах зорилготой. Энэ бүхэн Монгол Улсын хүн амын гуравны нэгийг эзэлж буй, ирээдүй болсон хүүхэд багачуудын төлөө хийж байгаа хөрөнгө оруулалт учир бид бүхэн маш их баяртай байгаа.
Нийгмийн сайн сайхны төлөө, хүүхдүүдийн төлөө энэ ажилд нэгдээсэй гэж аж ахуйн нэгж байгууллагуудыг уриалж байна. Энэ чиглэлээр аж ахуйн нэгж байгууллагууд, иргэд өөрийн нутаг орондоо соёлыг түгээх, ирээдүй болсон хүүхэд багачуудын сурч боловсрох үйл явцад дэмжлэг үзүүлье гэвэл хэзээд нээлттэй шүү.

СУРГУУЛИЙН БАРИЛГЫН ЦАХИЛГААН ЭРЧИМ ХҮЧНИЙ 30-50 ХУВИЙГ НАРНЫ ЭХ ҮҮСВЭРЭЭР ХАНГАНА
НҮБ-ын Хүүхдийн сангийн зөвлөх инженер Т.Батаа:
НҮБ-ын Хүүхдийн сан нь алслагдсан орон нутгийн хүүхдүүд гэртэйгээ ойр байршилд чанартай боловсрол эзэмших, улмаар гэр бүл, эцэг эхтэйгээ хамт амьдрангаа суралцах боломжийг бүрдүүлэх шинэлэг жишиг загварыг хөгжүүлэх ажлын хүрээнд Багийн бага сургуулиудын барилгын чанар, инженерийн шийдлийг шинэ түвшинд хүргэхээр ажиллаж байна. Эдгээр сургуулийн барилгын архитектур, инженерийн шийдэл нь Passive House буюу пассив барилгын концепцод суурилсан. Үүнд: нарны тусгалыг хамгийн их ашиглах том хэмжээтэй цонхны оновчтой зохион байгуулалт, нарны ээвэрлэлтийг дулааны энерги болгон ашиглаж, анги танхимын дулаан хадгалалтыг сайжруулах шийдлүүдийг тусгасан.
Барилгын гадна нийт талбай 342м², дотор ашиглалтын талбай 302м² бөгөөд уламжлалт сургуулийн барилгуудтай харьцуулахад цахилгаан болон дулааны эрчим хүчний хэрэглээ 10–15 хувиар бага байна. Мөн шалны халаалтын систем суурилуулснаар дулаан жигд тархаж, хүүхдэд ээлтэй, аюулгүй, тав тухтай орчныг бүрдүүлсэн. Багийн бага сургуулиудад суурилуулж буй бүх цахилгаан болон инженерийн тоног төхөөрөмжийг эрчим хүчний хэмнэлтийн A–D ангиллаас B болон B+ түвшнээс дээш үзүүлэлттэй бүтээгдэхүүнээс сонгон ашиглаж байна.
Агааржуулалтын системийн хувьд дулаан нөхөн сэргээх технологитой, агаар боловсруулах ухаалаг төхөөрөмж (HVAC with heat recovery) суурилуулсан. Энэхүү систем нь гадна агаарын температурыг автоматаар мэдэрч, орж ирэх агаарыг олон шатлалт фильтерээр нарийн ширхэгт тоосонцор (PM)-ыг бүрэн шүүж, дулааныг нөхөн сэргээж, халаасан цэвэр агаарыг анги танхимд нийлүүлэх бүрэн автомат ажиллагаатай. Ингэснээр хүний байнгын оролцоогүйгээр дотоод орчны агаарын чанар, эрүүл ахуйн шаардлагыг тогтвортой хангах боломж бүрдэж байна. Сургуулийн барилгын дулааны алдагдлыг бууруулах, эрчим хүчний хэрэглээг оновчлох, ашиглалтын урсгал зардлыг багасгах зорилгоор сэргээгдэх эрчим хүчний шийдлүүдийг үе шаттайгаар нэвтрүүлж байгаа бөгөөд үүний гол бүрэлдэхүүн хэсэг нь нарны цахилгаан үүсгүүр (PV system) юм.
Тухайн сургуулийн барилгад нийт 34.4 кВт суурилагдсан хүчин чадалтай нарны цахилгаан панелийн систем суурилуулсан. Барилгын нийт суурилагдсан цахилгаан ачаалал 60 кВт бөгөөд уг систем нь зуны улиралд сургуулийн цахилгаан эрчим хүчний хэрэглээний ойролцоогоор 50 хувийг, өвлийн улиралд нарны тусгал болон идэвхтэй цаг багассантай холбоотойгоор 15–20 хувийг хангах техникийн тооцоотой.
Мөн НҮБ-ын Хүүхдийн сан нь WASH (Water, Sanitation and Hygiene) буюу цэвэр ус хангамж, ариутгах татуурга, ариун цэвэр, эрүүл ахуйн хөтөлбөрийн хүрээнд нарны эрчим хүчээр үйлдвэрлэсэн цахилгаан эрчим хүчийг голчлон ариун цэврийн байгууламжийн цэвэр болон бохир усны насос, холбогдох инженерийн тоног төхөөрөмжийг ажиллуулахад ашиглаж байна. Цаашид эрчим хүчний хүртээмж хязгаарлагдмал, алслагдсан орон нутагт цэвэр ус хангамжийг сэргээгдэх эрчим хүчид суурилсан шийдлээр хангах чиглэлийн ажлуудыг үе шаттайгаар хэрэгжүүлэхээр ажиллаж байна.
Хамтын өсөлт төгөлдөр – ХААН Банк