“Жагсаалтыг цагаан толгойн үсгийн дарааллаар эрэмбэлэх ёстой”
АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ч.Өнөрбаяртай цаг үеийн асуудлаар ярилцлаа.
-Гишүүдийн тоог нэмж тогтолцоотой холбоотой чухал өөрчлөлтийг УИХ хийлээ. Ер нь гишүүдийн тоо нэмэгдсэнээр тоглоомын дүрэм яаж өөрчлөгдөх юм бол?
-Парламентын засаглалтай улс орнуудад гишүүдийн тоо олон байдаг нь гайхмаар зүйл биш. Яагаад гэвэл дарга гэж үздэггүй, ард түмний төлөөлөл гэдэг утгаараа тэр. Дэг нь өөр байдаг. Манайх 76 гишүүнтэй байхад нэг УИХ-ын гишүүн таван минут орчим үг хэлдэг. 126 хүн таван минутаар үг хэлэхээр шийдэл гардаггүй, ярьдаг парламент болж хувирна. Парламентыг дэлхийд ярьдаг ба ажлын парламент гэж хоёр хуваадаг. Ажлын парламент бол байнгын хороодод хэлэлцүүлэг сайн хийж, бүлэг дээрээ асуудлаа нухацтай ярьдаг. Өөрөөр хэлбэл чуулган дээр гишүүн бүр үг хэлдэггүй. Тиймээс гишүүн бүр таван минут үг хэлдэг одоогийн дэг байхгүй болно. Эсвэл бүлгийн дарга нар нь төлөөлөөд үг хэлдэг, гол мэтгэлцээн маргаан байнгын хороодод өрнөдөг хэлбэр рүү орох байх. Чуулган дээр гишүүн бүр үг хэлж попордог байдал байхгүй болох байх. Энэ бол сонгодог парламентын зарчим. Нөгөө талаар УИХ-д дарга болно гэж бодоод ороод ирчихсэн хүмүүс энэ зарчмаар явбал тэсэхгүй байх. Тиймээс хариуцлагатай парламент төлөвшинө.
-Үндсэн хууль оруулсан энэ удаагийн өөрчлөлтийн талаар ямар бодолтой байна вэ. Эрх баригч намын дарга ирээдүйн 30 жилийн шинэ эхлэлийг тавилаа гэж тодорхойлсон?
-Монгол Улс геополитикийн хувьд хоёр гүрний дунд байдаг. Гаднаас ирэх шахалтыг шингээх хэмжээний парламенттай байх ёстой. Дээрээс нь парламентад цөөхөн гишүүн эрх мэдлээрээ далайлгаад албан тушаалын наймаа хийж, тендер, ЖДҮ авдаг байсан бол олон болсноор энгийнээр хэлбэл үнэ цэн нь буурна. Гишүүд моданаас гарна. Парламент бол нийгмийн төлөөлөл шүү дээ. Тэр утгаараа төсвийн эрх мэдэл байхгүй, бүлгээрээ дамжуулж үг хэлдэг болоод ирвэл аяндаа гишүүн байх нь сонин биш болно. УИХ-ын жин нөлөө ч багасна. Энэ нь тодорхой хэмжээний явцуу улс төрийг багасгана. Мэдээж ахиц дэвшил гарна. Гэхдээ, Монгол Улсын бүх зовлон бэрхшээлийг алга болгохгүй.
Тиймээс ирэх парламент нийгмийн олон бүлгийн төлөөлөл байх ёстой.
-Сонгуулийн тухай хуулиар намын жагсаалтыг тодорхой болгох байх. Жагсаалтыг ямар байдлаар эрэмбэлэх шаардлагатай гэж та үзэж байна. Иргэд энэ удаагийн сонгуульд нэлээд эерэг хүлээлт тавьж байгаа. Жагсаалтад нэр дэвшигчдэд ямар шаардлага тавих ёстой вэ?
-Үндсэн хуулиар 78 нь тойрог, 48 нь жагсаалтаар сонгогдохоор боллоо. Жагсаалтыг яаж хийх үү гэдэг янз бүрийн хувилбарууд бий. Намууд 126 нэр дэвшигчээ заавал 1,2,3 гээд даргаасаа авхуулаад эрэмбэлэхгүй. Цагаан толгойн үсгийн дарааллаар 126-г эрэмбэлэх байхгүй юу. Жишээ нь АН 126 нэр дэвшигчийг дэвшүүлж байгаа гээд нэрсээ ил болгоно. Гэхдээ цагаан толгойн үсгийн дарааллаар буюу ямар нэгэн албан тушаалын дараалалаар биш юм. Энэ 126 дотроосоо 78 нь тойрогт нэр дэвших юм гээд гаргачихна. Тэр 78 хүнээс тойрогт нэр дэвшээд ялсан хүмүүс нь автоматаар гишүүнээр сонгогдоно. Өөрөөр хэлбэл авсан саналаар нь эрэмбэлнэ. Тэр эрэмбээр 30 хүн тойргоос сонгогдлоо, дараагийн 20 хүн тойргоос ялаагүй ч гэсэн тойргоос авсан саналаар жагсаалтад эрэмбэлэгдээд гишүүн болно гэсэн үг. Энэ бол шударга зарчим. Хэн нэгэн даргатай наймаалцаж мөнгө өгөөд жагсаалтад бичүүлж автоматаар гишүүн болдог биш тодорхой хэмжээнд тойрогт ажиллаад сонгогч нартай нүүр тулаад ард түмнээр дүн тавиулаад гишүүн болж байна гэсэн үг. Тэгэхгүй бол ард түмэнд нүүргүй болчихсон хүмүүсийг мөнгөө төлж жагсаалтад бичигдлээ гэдэг яриа гарахгүй байх. Нөгөө талаар ард түмний санал гээгдэхгүй. Энэ зарчим руу Монгол Улс яваасай. Зарим нь энэ зарчмийг шүүмжилдэг. Хаалгаар хөөгөөд гаргасан ч тооноор оруулж ирлээ гэдэг. Гэхдээ жагсаалтад шууд бичигдэнэ гэдэг хаалгаар ч хөөж гаргахгүй шүү дээ. Зүгээр л намын даргатай юм уу эрх бүхий хүмүүстэй ойрхон байснаараа жагсаалтад бичигдэж байгаа байхгүй юу.
Герман улс дээрх туршлагаар хуулиа өөрчлөөд зуун хувь пропорциональ систем рүү орсон. Энэ тогтолцоо нь улс төрийн намын төлөвшилтөд хэрэгтэй.
Тэгэхгүй жагсаалтын ард нэр хүнд нь муудсан ард түмнээс муу дүн авсан хүмүүс гишүүн болоод байх юм бол улс төрийн намуудад итгэх итгэл дахиад л унана. Хэзээ ч сэргэхгүй.
-Жагсаалтын квотын асуудалд АН ямар байр суурьтай байна. Эмэгтэйчүүдийн квотыг нэмэгдүүлэх нь зөв үү?
-АН эмэгтэйчүүдийн асуудалд нийт нэр дэвшигчдийн 40 хувь нь байх ёстой гэдэг байр суурийг илэрхийлсэн. Эмэгтэйчүүдийн оролцоог дэмжих байр суурийг манай намын дарга ч мөн илэрхийлсэн. Аль болохоор эмэгтэйчүүдийн улс төрийн оролцоог нэмэгдүүлэх зарчимд байх ёстой гэж харж байгаа. Эмэгтэйчүүдийн квотыг 20 хувь байх уу, 25 байх уу гэдгийг УИХ-ын бүрэн эрхийн асуудал учраас олон нийт шахалт үзүүлж байх ёстой.
-Сонгуулийн хуулиар нэр дэвшигчид намд дэнчин өгөхгүй, мөн сурталчилгааны зардлыг бууруулах зэрэг олон дэвшилттэй заалтууд орсон байна лээ. Гэхдээ бодит байдалд мөнгөний сонгуулиас зайлсхийж чадах уу?
-Сонгуулийн өмнө мөнгө, бэлэг сэлт тараах гээд зөндөө юмыг хааж хорьдог. Цагаа тулахаар сонгуулиар янз бүрийн юм зөндөө л болдог. Тиймээс сонгуулийн санхүүжилтийг ил болгох ёстой. Санхүүжилтийг ил болгохгүйгээр мянга цаасаар хориод нэмэргүй юм байна лээ. Улс төрийн намын санхүүжилтийг ил тод болгох ёстой. Улс төрийн намын тухай хууль, Сонгуулийн тухай хууль бол нэг тэрэгний хоёр дугуй шиг нэгэн зэрэг явахгүй бол тунхаг болж үлдэнэ. Дээрээс нь хар машины асуудал байна. Ард түмэн намуудад саналаа өгч болно оо. Гэтэл ард түмний саналаа өгснөөс эсрэг дүн гаргадаг байж болохгүй. Сонгуулийн санал тоолох зарчим шударга байх ёстой. Хуучин хар машины хугацаа дуусчихсан гэх мэт 2020 оны сонгуулиар янз бүрийн байдлаар хардлага гарах боломжтой байсан. “3-4 удаа халдлага хийсэн байна” гэдэг дүгнэлт гаргасан. Сонгуулийг шударга болгохын тулд хар машинаар ард түмний саналыг луйвардахгүй байхыг маш тодорхой болгохгүй бол мянга хуулиар хориглоод ахиц дэвшил гарахгүй. Цаашдаа Сонгуулийн ерөнхий хорооны бүтэц бүрэлдэхүүнийг эргэж харах хэрэгтэй.
–БЗС-ийн асуудлаар Л.Гантөмөр даргыг танай нам дотор огцруулах яриа гарч байгаа гэсэн үнэн үү. Эсвэл эрх баригчдаас ирж буй дайралт уу?
-АН-ын үе үеийн лидерүүд рүү эрх баригчдын зүгээс сум тавьдаг. Жишээ нь, Хөгжлийн банкаар Н.Алтанхуяг, Оюутолгойгоор Ч.Сайханбилэгийг буруутгах гэж оролдож байна. Нүүрсний хулгайг “Ажнай” руу чиглүүлэх маягтай. Ер нь МАН өөрсдөө энхийн цагаан тагтаа байдаг. Үнэндээ бодлоготой ПР-аар энтэртаймент хийж байгаа үйлдэл юм. Тэрний илрэл нь БЗС-ийн асуудлыг Л.Гантөмөр рүү чиглүүлж байна. Ерөөсөө эрх баригчдын тоглоом тохуу байхгүй юу. Түүнээс биш зээл авсан байдлыг харвал МАН-ын нөлөө бүхий хүмүүс 52 хувь нь байна лээ. Тиймээс манай намыг дахиад харлуулах бодлого явж байна.