“Улсын төсвийн 2025 оны хөрөнгө оруулалтын төлөвлөгөөний хэрэгжилт, үр дүн”-д хийх гүйцэтгэлийн аудитыг эхлүүллээ

51dc7801e994333690c98e5cf8fe5dca

Үндэсний аудитын газраас “Улсын төсвийн 2025 оны хөрөнгө оруулалтын төлөвлөгөөний хэрэгжилт, үр дүн”-д хийх гүйцэтгэлийн аудитын нээлтийг өнөөдөр хийлээ. Аудитыг улсын төсвийн 2025 оны хөрөнгө оруулалтын төлөвлөгөөнд тусгагдсан төсөл, арга хэмжээг төлөвлөж хэрэгжүүлсэн төсвийн ерөнхийлөн захирагч нар, тэдгээрийн харьяа байгууллагыг хамруулан гүйцэтгэх юм. Мөн Барилгын хөгжлийн төв, Эрчим хүчний хөгжлийн төв, Зам тээврийн хөгжлийн төв зэрэг холбогдох бусад байгууллага, гүйцэтгэгч аж ахуй нэгжийг хамруулах бөгөөд төсөл, арга хэмжээний төлөвлөлт, техник, эдийн засгийн үндэслэл, зураг төсөл, магадлалын ерөнхий дүгнэлт, худалдан авах ажиллагааны төлөвлөгөө, тайлан, гүйцэтгэгчтэй байгуулсан гэрээ, олгосон санхүүжилт, төсөл, арга хэмжээний хэрэгжилт, үр дүн зэрэгт аудит хийхээр төлөвлөөд байна. 2025 оны улсын төсөвт төсвийн ерөнхийлөн захирагчдын төсвийн багцад нийт 611 төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэхээр баталсан. Эдгээрийн 505 нь өмнөх оноос үргэлжлэн хэрэгжсэн бол, 106 нь 2025 онд шинээр баталсан төсөл, арга хэмжээ юм. uploaded pictureНийт санхүүжилтийн 83.2 хувийг барилга, байгууламж, 11.9 хувийг тоног төхөөрөмж, 0.7 хувийг ТЭЗҮ боловсруулах, 4.1 хувийг их засварын төсөл, арга хэмжээний санхүүжилтэд зарцуулахаар тусгажээ. Нийт төсөл, арга хэмжээний 56.6 хувь буюу 346 төсөл, арга хэмжээг өнгөрсөн онд хэрэгжүүлж дуусахаар төлөвлөсөн байна. Аудитын нээлтийг Үндэсний аудитын газрын Гүйцэтгэлийн аудитын газрын захирал, тэргүүлэх аудитор Д.Энхболд хийж, төлөвлөгөө, хөтөлбөрийг танилцуулан, аудитын явцад анхаарах шаардлагатай асуудлын талаарх мэдээллийг өглөө. Нээлтэд төсвийн ерөнхийлөн захирагчдын санхүү төсвийн асуудал эрхэлсэн удирдах албан тушаалтнууд оролцов. Аудитын нэгдсэн тайланг энэ оны 06 дугаар сарын 10-ны дотор Монгол Улсын Их Хурал болон Төсвийн байнгын хороо, холбогдох бусад байгууллагад хүргүүлнэ.uploaded picture

About Author