ШҮҮХ ХУРАЛ: Ц.Санжаачойпэлийн найз охиныг хоргоосноос үүдэж зодоон эхэлсэн гэв

7f4117bb7b7c706c3ef91b100fd27f17 (1)

Эх сурвалж: Zuv.mn

“Говь” компанийн Гүйцэтгэх захирал Б.Амарсайхан, “Эрэл” группын захирал Б.Эрдэнэбатын хүү Э.Тэмүүлэн, УИХ-ын гишүүн асан Ц.Цэрэнпунцагийн хүү Ц.Санжаачойпэл, Л.Алтан-Очир, Д.Саяннямбуу нарт холбогдох хэргийн шүүх хурал Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд үргэлжилж байна. 

https://www.facebook.com/share/v/186S8c5hm4

Шүүх хурлын эхэнд гэрчүүдийн мэдүүлгийг танилцуулав.

Хохирогч Д.Саяннямбуугийн найз мэдүүлэхдээ “Хүн алчихлаа” гээд орилох дуунаар очиход Д.Саяннямбуугийн нүүр нь цус болчихсон, ухаангүй хэвтэж байсан. Ц.Санжаачойпэл “Би Монголын хамгийн баян хүн. Г.Занданшатар миний аавын найз. Намайг яаж ч чадахгүй” зэргээр хашгирч, дайрсан. Ц.Санжаачойпэл Б.Амарсайхан, Э.Тэмүүлэн, Л.Алтан-Очир нар Д.Саяннямбуугийн толгой руу олон удаа өшиглөсөн. Дараа нь “Esther” гэх эмэгтэй Ц.Санжаачойпэлийг таксинд суулгаад аваад явсан” гэв.

Гэрч Х.Хүслэн “Д.Саяннямбуу гээд залуу цагаа нударгандаа тааруулж зүүж байгаад гараараа Ц.Санжаачойпэлийг хэд хэдэн удаа цохисон” хэмээн мэдүүлжээ.

Хохирогч Цэрэнпунцагийн Санжаачойпэл мэдүүлэхдээ “Би мастерынхаа дипломоо хамгаалахаар АНУ руу хоёр хоноод буцах гэж байсан. Тэр орой найзуудтайгаа хоол идчихээд Канте гэдэг баар орсон. Тухайн бааранд Д.Саяннямбуу, У.Өлзийсайхан нар хажуу ширээнд сууж байсан.

У.Өлзийсайхан найз охиныг маань хоргоогоод байсан. Дотор асуудал болоогүй, мэндлээд өнгөрсөн.  Найз охин маань баарнаас түрүүлж гарсан. Гэтэл араас нь гарахад гадаа хоргоогоод зогсож байсан. Маргаан эхэлж, би түрүүлж цохисон. Гэнэт зүүн талаас гурав дахь хүн гарч ирсэн. Тэр нь хохирогч Д.Саяннямбуу байсан байна лээ. Баруун гараа далайж байгаа юм шиг санагдаад би цохисон. Удалгүй би найз охиноо аваад явах гэж байхад таксинд нийлж зодсон” хэмээн ярив.

Хохирогч Д.Саяннямбуу: Тухайн газрын гадна найзуудыгаа хоол идэх үү гээд асуугаад зогсож байхад хажуугаас ирээд цохисон. Түүнээс хойших үйл явдлыг сайн санахгүй байна. Ц.Санжаачойпэлийн найз охин Х.Хүслэнг танихгүй. Харж байгаагүй. Миний нүд цаашаагаа чихэгдэж орсон. Нүүрний яснууд хугараад мах руугаа орсон байсан. Хамар маань бутраад хугарчихсан. Тархинд цус харвалттай, шүд сэтэрсэн байсан.

Гэмтлийн улмаас би зургаан цаг хагалгаанд орсон. Дахин хагалгаа хийлгэх шаардлагатай гэсэн. Эмчилгээний зардал, хор хохирол, сэтгэл санааны хувьд нэхэмжлэх зүйл байхгүй” гэлээ.

Яллагдагч Баатарсайханы Амарсайхан: Бид найзуудаараа бааранд ороод хоёр цагийн хугацаа болсон. Хажуу талын ширээнд байсан н.Майдар, У.Өлзийсайхан, н.Сэргэлэн гэдэг хүмүүсийг олон жил таньдаг. Хамт сагс тоглодог байсан хүмүүс болохоор мэндлээд, дотор ямар ч асуудал болоогүй. Баар хаагаад 3 цаг 30 минутын үед  бид бүгд гарч, миний бие найз охинтойгоо хүмүүстэй ярилцаад байж байхад цаана хүмүүс маргалдаж байсан.

Таньдаг хүмүүс болохоор маргалдаад зодоон хийгээд байхгүй байлгүй дээ. Гэхдээ маргалдаж байгаа юм чинь болиулъя, тайтгаруулъя гэж удаа дараа хичээсэн. Тэр дунд Д.Саяннямбууг таньдаггүй. Ямар ч асуудал байгаагүй. Машины дунд цохисон үйлдэл хийгээгүй. Д.Саяннямбуу болон найзуудаа болиулаад байж байхад тэдний найзууд манай найзууд руу дайрах, орилох, хашхирах үйлдэл үзүүлсэнтэй холбоотой би найзуудаа болон салгах гэж хоёр талаас нь хичээсэн. Саяннямбууд гарсан хохиролд харамсаж, гэмшиж байна.

Яллагдагч Л.Алтан-Очир: Баарны гадна би тамхи татаад зогсож байсан. Тэр үед танай найзууд хүмүүстэй муудалцаад байна гэсэн. Би зодооныг салгах гэж очсон. Зодооныг салгасан ч Д.Саяннямбуу дахин ирж зодоон үүсгэсэн. Тэгэхэд би Д.Саяннямбууг цохисон. Ингээд зодоон болсон. Хүлээн зөвшөөрч байна.

Би эрүү, цээж, хоёрын гарын шуу, өвдгөндөө гэмтэл авсан.

Мөн Б.Амарсайхан, Э.Тэмүүлэн, Л.Алтан-Очир, Ц.Санжаачойпэл нар хохирогч Д.Саяннямбуугаас уучлалт гуйж, харамсаж байгаагаа илэрхийлэв.

About Author