Н.Алтанхуяг: УИХ, Засгийн газар шалтаг тоочоод байлгүй ажлаа хийх хэрэгтэй

download (9)

Эх сурвалж: Өдрийн сонин

Монгол Улсын Ерөнхий сайд асан, Улсын Их Хурлын гишүүн Норовын Алтанхуягтай цаг үеийн асуудлаар ярилцлаа.


-Чуулган завсарласан энэ өдрүүдэд таны хувьд ямар ажил дээр илүүтэй төвлөрч байна. Ямар хуулийн төсөл дээр ажиллаж байна вэ?

-За даа, яг одоо бол иргэдтэйгээ утсаар ярих л ажил хийж байна даа. УИХ-ын чуулган завсарлаад гишүүд хуулийн төсөл дээр ажиллах, иргэд сонгогчдынхоо санаа оноог сонсох, тэдний тавьж байгаа асуудлыг шийдэх гээд нэлээн олон ажлууд байдаг. Чуулган завсарласны дараа надад ганц Сонгиохайрхан дүүрэг гэлтгүй аймгууд, бусад дүүргүүдээс олон иргэн хандсан. Зарим нь одоо завтай болсон бол манай аймагт ирээд уулзалт хиймээр байна гэсэн. Бүгдтэй нь очиж ууулзаад явах боломжгүй учраас надад санал хүсэлт хэлэх хүмүүс утсаа үлдээгээрэй гэсэн. Ингээд саналаа хэлсэн 500 гаруй, утсаа үлдээсэн 200 гаруй хүнтэй холбогдож байна. Нэг бүрчлэн яриад иргэдийн өмнө тулгамдаад байгаа асуудлуудыг сонсож байна. Түмэн янзын асуудал хөндөгдөж байгаагаас хамгийн их давтагдаж яригдаж байгаа зүйл бол тэтгэврийн нэмэгдэл. 80 мянган төгрөгийн нэмэгдэл чинь болсонгүй ээ гэхчлэн тэтгэвэртэй холбоотой асуудал дээр иргэд маш сэтгэл дундуур байна. Үүнийг яаж өөрчилж, шинэчлэх вэ гэдэг дээр хүмүүстэй уулзаад ярилцаад судалгаа хийгээд явж байна. Бас тэтгэврийн зээл улам хүндэрчихлээ, Их хурал дээр хэдэн гишүүд ярьж байгаад л орхичихлоо гэж байна. Тиймээс энэ тэтгэврийн тогтолцоог шинэчлэх, тэтгэврийн зээлийн асуудлыг нэг мөр болгох дээр ажиллах хэрэгтэй байна гээд өөрийнхөө хэмжээнд ажиллаж л байна.

-Иргэдийн хувьд амьжиргаа, амьдрал төдийлөн сайн биш байх шиг байна, тийм үү?

-Иргэдийн ахуй амьжиргаа улам муудаж байна.Юмны үнийн өсөлт гаарлаа. Багш, эмч эмнэлгийн ажилтнуудын цалин нэмэгдсэн ч үнийн өсөлтийг гүйцэхгүй байна гээд ер нь л иргэд бухимдалтай байна.

Засгийн газар шийдэх, хийх олон ажил байгаа учир Ерөнхий сайд Г.Занданшатартай уулзаж уламжилъя гэж бодож байна. Бас Шинэчлэлийн Засгийн газрын үед авч хэрэгжүүлж байсан зарим нэг арга хэмжээг хийж болдоггүй л юм байх даа, саналаа хэлье гэж бодож байна. Иргэдийн л хэлээд байгаа санал шүү дээ.

-Тухайлбал…?

-Жишээ нь, бид үнэ тогтворжуулах хөтөлбөр гээд хэрэгжүүлсэн. Улирлын шинжтэй өсөөд байдаг мах, цемент, арматурын төмөр гэдэг ч юм уу өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийг нэмэгдүүлэхгүйн тулд хөтөлбөр хэрэгжүүлж байсан. Үүнээс авахыг нь аваад, хаяхыг нь хаяад ажиллаж болдоггүй юм байх даа, гээд. Нэгдүгээрт, иргэдийн санал санаачилгыг уламжилъя, хоёрдугаарт, шийдэж болох арга замуудад нь санал бас хэлье гэж бодож байна. Хууль, тогтоомжийн хувьд би сүүлийн 15 жил байнга ярьж байгаа шударга ёсыг тогтоох, дундаж давхаргыг дэмжиж босгох, байгалийн баялгийг ард түмэндээ тэгш хүртээх чиглэлийн хууль тогтоолд саналаа хэлээд, зарим ажлын хэсэгт нь ороод ажиллаж байгаа.

-Та цахим хуудсаараа дамжуулан долоо хоног бүр мэдээлэл хийж байгаа харагддаг. Иргэдтэй утас, цахимаар холбогддог гэдэг. Иргэдтэй ингээд холбогдоод ярихаар ямар асуудлууд хэлж байна вэ?

-Сонгуулийн дараагаас буюу сонгогдсоноосоо хойш иргэдээ сонсох утас ажилууллаад иргэдээс ирсэн асуулт, асуудалд хариулт өгөх бас УИХ-ын гишүүний хувиар хийж байгаа ажлуудаасаа иргэддээ тайлагнаж мэдээлэл хүргэдэг болсон. Долоо хоног бүрийн пүрэв гарагийн 18 цагт хийдэг, тасралтгүй 53 удаа хийсэн байна. Сүүлийн үед гэрэл, цахилгаантай холбоотой асуудал иргэдээс маш их ирж байна даа. Ер нь УИХ-ын чуулган завсарласнаас хойш миний хувьд иргэдтэйгээ утсаар маш их ярьж байна. Өчигдрийн байдлаар 180 гаруй хүнтэй яг биечилж утсаар ярилаа. Ахуй амьдрал, байрны залилангийн асуудлууд, тэтгэвэр тэтгэмжийн асуудал, төрийн хүнд суртал, авлига хээл хахууль гээд маш их зүйлийг хэлж байна. Энэ бүхэнд нь өөрийнхөө боломжийн хэмжээгээр хариулаад л ажиллаж байна.

-Сүүлийн үед яригдаж байгаа гол зүйл бол энэ цахилгаан, дулааны асуудал байна. Та энэ асуудлыг ямар өнцгөөр харж байгаа вэ?

– ДЦС-4 дээр эвдрэл гэмтэл гарсан. Эвдрэл гэмтэл бол яах вэ янз бүрийн байдлаар гардаг зүйл. Харин Засгийн газар юун дээр анхаарах вэ гэхээр ийм эвдрэл гэмтэл гарч болох салбар дээр ямар асуудал байна, хэдийд хүндэрч болох вэ гэдгийг урьдчилан мэргэжилтнүүдийнхээ үгийг сонсож, төлөвлөж арга хэмжээ авах ёстой. Манай Засгийн газрын үед ДЦС-ийн чадлыг 123Мвт-аар нэмэгдүүлье гэдэг саналыг Б.Цэвээн гэж хүн гаргаж байсан. Тэр санал санаачилгынх нь хариуд би өөрийг нь тэр төслийн ахлагчаар тавиад ажиллуулж байлаа. Ингээд Чингис бондын мөнгөнөөс 80 орчим сая ам.доллар гаргаад станцынхаа хүчин чадлыг долоон сарын дотор 123Мвт-аар нэмэгдүүлж чадсан. ДЦС-4-ийн даргаар нэлээн олон жил ажилласан туршлагатай хүн. Сая фэйсбүүк дээрээ бичсэн асуудлыг хараад хэдэн зүйл хэлмээр санагдсан. Энэ хүн ч бас эрчим хүчний салбарынхныг сонсооч, тэр дундаа салбарын мэргэжилтнүүдийг сонсооч гэсэн байна билээ. Энэ хүн ахлаад тэдний баг маш хямд зардлаар хийж чадсан. Үүнээс хойш тус станцыг нэг зуухаар өргөтгөх төсөл хэрэгжихгүй байснаас болоод л ийм осол элдвийн юм болж байгаа юм.

-Одоо ийм нөхцөлд Засгийн газар ямар ажил хийх ёстой гэж Та үзэж байна вэ?

-Ойлгомжтой асуудал шүү дээ. Одоо юуны түрүүнд нэг зуухаар өргөтгөх ажлыг хийх хэрэгтэй. Мөнгөн дүнгээрээ 360 орчим тэрбум төгрөг гэсэн. Намайг Ерөнхий сайд байх үед улсын төсөв долоо орчим их наяд байсан. Өнөөдөр улсын төсөв 30 гаруй их наяд болсон байна. 360 орчим тэрбум төгрөг гэдэг бол улсын төсвийн нэг хувь л гэсэн үг. 2012 онтой харьцуулахад улсын төсөв зургаа дахин өсчихсөн байна. Ийм их мөнгөтэй, их л олон юм хийгээд байгаа царайтай мөртөө асуудлаа эрэмбэлж чадахгүй байна. Цахилгаан дулааны асуудал бол улс орны хувьд номер нэг асуудал. Асуудлаа зөв эрэмбэлээд үе үеийн Засгийн газрууд нь ажлаа хийчихсэн бол одоо юу гэж эвдрэл гэмтэл гарах вэ дээ. Харин ч бүр хүчин чадал нь нэмэгдчихсэн байх ёстой. Энэ бол зөвхөн Дөрөвдүгээр цахилгаан станцын асуудал биш. Ганц эрчим хүчний салбарын асуудал ч бас биш. Энэ бол Монгол Улсын иргэдийн, ААН-үүдийн амин чухал асуудал. Өвлийн идэр есийн хүйтэнд станц нь дэлбэрээд байж болохгүй шүү дээ. Алдаагаа засах ажлаа хурдхан хийх хэрэгтэй. Одоо дулаарлаа гэхэд дахиад л хүйтэрч өвөл болно. Сайд, Ерөнхий сайд яах вэ, ирж л байдаг, явж л байдаг. Харин салбарын хүмүүс дотор олон жил ажилласан туршлагатай, зовлон жаргал, бүх юмыг мэддэг хүмүүс олон бий. Тэд яавал сайжрах вэ, яавал хямд зардлаар хийж болох вэ, яавал эрчим хүч, дулаанаар тасалдахгүй хангах вэ гээд бүх зүйлээ мэдэж байгаа. Тэгэхээр мэргэжлийн хүмүүсээ эхлээд сайн сонс. Засгийн газар, УИХ юуны тулд байдаг юм. Асуудлыг шийдэх гэж байдаг биз дээ. Ялангуяа ард түмнийхээ, ААН-үүдийнхээ төлөө санаа тавих гэж ажилладаг учраас шалтаг тоочоод байлгүй ажлаа хийх л хэрэгтэй.

-Эрчим хүчний салбарын төрийн өмчит компаниудыг хувьчлах асуудал дээр та ямар байр суурьтай байдаг вэ. Одоогийн гарч байгаа асуудлууд үүнтэй холбоотой гэж харж байна уу?

-Энэ асуудалд туйлширч болохгүй. Салбар салбараасаа шалтгаалаад өөр өөр. Эрчим хүчний салбарын мэргэжлийнхэн ажлаа хийж чаддаг гэдгийг богино хугацаанд баригдсан станцууд харуулж байна. Засгийн газар мундагтаа биш, салбарынхан мэддэг учраас хийдэг юм шүү дээ. Төрийн өмчийн зарим чиг үүргийг хувийн хэвшилд шилжүүлэх нь буруу биш. Зөв, хувьд өгөх олон салбар байна. Гэхдээ хамгийн чухал нь ямрыг нь, яаж, хэзээ гэдгийг бодлогоор шийдэх ёстой. Эрчим хүчний салбарын хувьд бол маш болгоомжтой хандах ёстой. Хувьчлахаасаа илүүтэй шинээр босох станцдаа түлхүү тулгуурлах учиртай.

-Танай нам эрх барих үед тавдугаар цахилгаан станцын төсөл нэлээд эрчимтэй явсан. Одоо ч яригдсаар л байна. Ер нь эрчим хүчний салбарт орж ирж байгаа хувийн хэвшилд улс төрийн нөлөөлөл их байдаг уу?

-Би тэрийг хэлж мэдэхгүй. Харин манай Засгийн газрын үед тавдугаар цахилгаан станц яригдаж байхад нэг л зүйлийг байнга ярьдаг байсан. Шинэ станц барилаа гэхэд төвийн эрчим хүчний системд ямар хэмжээний чадал байнга нийлүүлэх вэ, квт цагийн үнэ хэд байх вэ гэдэг хоёр үндсэн асуудлыг зөв тохиролцох нь чухал. Үүнийгээ урьдчилж тохиролцохгүй бол дараа нь маргаан үүснэ. Тиймээс энэ бүхнийг нэг мөр ойлголцож, төлөвлөлтөө л сайн хийх хэрэгтэй. Эрчим хүч бол өнөө маргаашийн шийдвэрээр явчих салбар биш. Миний харж байгаагаар Багануурт станц барина гэдэг бол маш зөв концепци, станцаа нүүрсний уурхайнхаа хажууд барих нь логиктой. Нүүрсийг Улаанбаатар руу зөөх ачаалал багасна, өртөг буурна. Багануур дээр хувийн хэвшил оролцох боломж ч байж болно. Энэ бол зөв санаа. Одоо Бөөрөлжүүтийн станц ч энэ чиглэлээр явж байх шиг байна. Тиймээс учир начраа олоод Багануур хавьдаа нэг станц барьчих хэрэгтэй. Нөгөөтэйгүүр урд байгаа Тавантолгойн станцыг яагаад барихгүй байгааг би мэдэхгүй байна. Энэ станцыг ч гэсэн барих л ёстой.

-Томоохон станцуудын төслүүд эхлээд л зогсдог. Дахиад л сөхөгддөг асуудал олон жил үргэлжилж байна. Үүний шалтгааныг та юу гэж харж байна вэ?

-Бодлого нь биш байна аа л гэсэн үг. Нэг станц энд, нэг станц тэнд гээд явчихдаг нь буруу. Яагаад зогссон, яагаад үргэлжлээгүйг нь мэдэхгүй. Ер нь Засгийн газар бодлогоор хандаж байна уу, эсвэл хувийн хэвшлийн ашиг сонирхлоор явж байна уу гэдэг нь ойлгомжгүй байна. Явж явж нарны станцууд шиг болох вий. Засгийн газар маань яриад байлгүй ажлаа л хиймээр байна л даа. Дандаа эвдрэл, гэмтэл, дэлбэрэлт ярьдаг, эсвэл олон жилийн дараа тэдэн МВт чадлаар нэмэгдэнэ гэж яриад байж болохгүй. Тухайлбал, Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцыг хэдэн жил ярьж байгаа билээ. Засгийн газар гэдэг чинь ард түмний өмнө хариуцлага хүлээгээд бодит ажил хийж, босгож харуулж, асуудал гарвал засч, үнэ өртгийг нь тогтворжуулж чаддаг байх ёстой. Түүнээс биш дараа нь бид ёстой алаад өгнө өө гэж яриад байдаг байж болохгүй.

-Өнгөрсөн жил Эрчим хүчний сайд, Засгийн газар нь 2028 гэхэд Монгол Улс эрчим хүчний хараат байдлаасаа гарна. Хараат байдлаасаа гараад зогсохгүй гадагшаа эрчим хүч экспортолдог орон болно гэж байсан. Үүнд та хувьдаа итгэж байгаа юу?

-Эхлээд ядаж ДЦС-4-ийнхөө ганц зуухыг янзлаад өг л дөө. Тэгээд ард иргэддээ бид чадна гэдгээ харуул. Нэг зуухаа засаж чадахгүй байж 20, 30, 40 он гээд алс холын юм яриад байх хэрэггүй. Амьдрал хэцүү байхад шилний цаанаас чихэр долоолгоод байж хэрэггүй шүү дээ. Би ер нь байнга хэлдэг, жаахан бодитой бай гэж. Дахиад л хэлье, асуудлаа зөв эрэмбэл. Иргэдэд яг одоо хэрэгтэй байгаа зүйлийг хий. Иргэдийнхээ төлөө ажиллаж чаддаггүй юм аа гэхэд ядаж гай болохгүй бай. Төр ийм л байх ёстой.

-Эрчим хүчний асуудлаас болоод зарим хүмүүс хоорондоо маргалдаж байна. Ерөнхий сайд байхдаа хийчихгүй яасан юм, Эрчим хүчний сайд байхдаа нэг станц барьчихгүй яасан юм гэх зэргээр. Эцсийн дүндээ тухай бүрд ажлаа хийгээгүй албан тушаалтнуудын буруугаас болоод өнөөдөр ийм байдал үүсч байна уу?

-Ер нь бодлогын асуудлаа тойрч суугаад зөвлөлдөөд ярьчих хэрэгтэй. Маргалдаад асуудал шийдэгдэхгүй. Том концепци яриад олон цаас гаргаж суухаар ганц зуухаа яаж шинэчлэх вэ гэдгээс эхлэх ёстой байна л даа. 360 тэрбум төгрөгөөр хийчих бодит ажлаа ярих ёстой байтал 10, 20 жилийн төлөвлөгөө эсвэл 10,20 жилийн өмнөх юм ярьж маргалдаад ажил явахгүй. Бид өнөөдөр нэг асуудал гарахаар л хэн нэгнийг баатар, эсвэл хэн нэгнийг дайсан болгодог. Харамсалтай нь тэр “дайсан” нь дандаа монгол хүн байдаг. Бодитой ажил хийж, бие биенээ сонсож сурмаар байна. Миний бодлоор, бидэнд үнэндээ мөнгө дутагдаж байгаа юм биш. Бидэнд мэргэжлийн хүмүүс, туршлагатай инженерүүд, санхүүгийн боломжууд бүгд бий. Гол дутагдаж байгаа зүйл бол диалог, зөвлөлдөх, хамтран шийдвэр гаргах. Би “диалог” гэж хэлж байгаа нь гадаад үг мэт сонсогдож болох ч ойлголт нь энгийн мэргэжлийн хүмүүсээ сонсож, тэдний мэдлэг, туршлагыг ашиглаад бодит шийдвэр гаргах. Ингэж байж төсөл, станц, бүтээн байгуулалтын ажил зөв чиглэлд явах боломжтой.

-Нэг үеэ бодоход Монгол Улс орлоготой, мөнгөтэй болсон. Харамсалтай нь мөнгөтэй болсон ч шийдэгдэж шинэчлэгдэж буй асуудал алга гэж иргэд шүүмжилж байгаа шүү дээ…?

-Ер нь шийдвэрийг улстөрчид ганцаараа гаргах биш, салбарын мэргэжилтнүүдээ сонсож, тэдний зөвлөгөө, саналын дагуу санхүү, хөрөнгө оруулалтыг дэмжих хэрэгтэй. Үүнийг хийхгүйгээр зүгээр л том тоо, амлалтаар ярьж суух нь үр дүнгүй. Таны хэлж байгаачлан манайх санхүүгийн боломж илүү их болсон. Өмнө нь 5–6 их наяд төгрөгийн төсөвтэй байсан бол одоо 30 гаруй их наядын төсөв ярьж байна. Энэ нь төсөл, станц барихад хангалттай хөрөнгө байна, хангалттай боломжууд байна. Харин төлөвлөлт, зөв зохицуулалт дутагдаад байна. Мэргэжлийн хүмүүсийн санал, зөвлөмжийг сонсоод зөв шийдвэр гаргаад ажиллавал бүтээн байгуулалт илүү хурдан, үр дүнтэй босох боломжтой. Товчхондоо бол өнөөдөр мөнгөний зовлон алга, хулгайн зовлон л байна.

About Author