Улаанбаатар хотод өвлийн цэцэрлэгт хүрээлэн байгуулах төсөлд хамтран ажиллах гишүүнчлэлийн гэрээ байгууллаа

697c9150e337fe7967a31081

Улаанбаатар хотод жилийн дөрвөн улиралд ашиглах боломжтой өвлийн цэцэрлэгт хүрээлэн байгуулах төсөлд хамтран ажиллах гишүүнчлэлийн гэрээ байгууллаа. Гишүүнчлэлийн гэрээнд нийслэлийн Бизнес, инновацын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Ж.Төгөлдөр, “Нэйшнл энержи комплекс” ХХК-ийн гүйцэтгэх захирал М.Нямбаяр нар гарын үсэг зурав.

Энэ талаар нийслэлийн Бизнес, инновацын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Ж.Төгөлдөр “Улаанбаатар хот 2026 оныг бизнес эрхлэгчдийг дэмжих жил болгон зарласантай холбогдуулан инновацад суурилсан төслүүдийг дэмжин хэрэгжүүлж байна. Энэ хүрээнд иргэдийн эрүүл мэнд болон идэвхтэй амьдралыг дэмжих, амралт, чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, орчны хүртээмжийг нэмэгдүүлэх зорилготой амралт, соёл, спорт, үйлчилгээ хосолсон цогц байгууламж бүхий өвлийн цэцэрлэгт хүрээлэн байгуулах төсөлд “Нэйшнл энержи комплекс” ХХК-тай хамтран ажиллах гэрээ байгууллаа. Тодруулбал, тус төслийг манай газрын харьяа “Улаанбаатар инновацын төв”-д стартап компаниар гишүүнчлэлийн эрх олгож, бойжуулна” гэв.

Ташрамд, Улаанбаатар хотод өвлийн цэцэрлэгт хүрээлэн байгуулах төсөлд 200 хүн санал өгснөөс 94.5 хувь нь дэмжжээ. Түүнчлэн уг төсөл нь Төв Азийн хэмжээнд анхдагч төсөл болж байгаагаараа онцлогтой аж.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

About Author