Яаралтай тусламж, онцгой байдлын үед агаарын хөдөлгөөний дэд бүтцийг бий болгох санамж бичиг байгууллаа
Нийслэлээс 2026 оныг бизнес эрхлэгчдийг дэмжих жил болгон зарласан. Энэ хүрээнд технологи инновац шингээсэн шийдлийг нийслэл хотод хэрэгжүүлэх зорилгоор нийслэлийн Засаг даргын Эдийн засгийн хөгжил, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Т.Даваадалай шинэлэг санаа бүхий төсөл хэрэгжүүлэгч аж ахуйн нэгж, байгууллагуудаас ирүүлсэн төслүүдтэй танилцсан.
Ийнхүү өнөөдөр НЗДТГ болон “ОнТайм Авиэшн” ХХК нар Улаанбаатар хотын тээврийн нэгдсэн тогтолцоо, яаралтай тусламж, авран хамгаалах болон нийтийн аюулгүй байдлын үйл ажиллагаанд хөнгөн агаарын хөлгүүд болох онгоц, нисдэг тэрэг, жирокоптер, EVTOL-ийг ашиглах нөхцөлийг бүрдүүлэхэд хамтран ажиллах санамж бичиг байгууллаа.

Санамж бичиг байгуулсантай холбоотойгоор нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Т.Даваадалай “Улаанбаатар хотын түгжрэл, эрүүл мэнд, онцгой байдлын асуудлыг шийдэх агаарын тээврийн дэд бүтцийн төсөлд 2023 иргэн санал өгснөөс 95 хувь дэмжсэн. Ийнхүү түгжрэл бууруулах, түргэн тусламж болон онцгой байдлын үед шуурхай хариу арга хэмжээ авах, хотын дэд бүтэцтэй агаарын замаар холбогдох бага оврын онгоц, нисдэг тэрэг, жирокоптер, дрон зэрэг шинэ төрлийн нисэх төхөөрөмжүүдийг ашиглах боломж бүрдэж байна. Өөрөөр хэлбэл нийслэлийн яаралтай тусламж, онцгой байдлын үед агаарын хөдөлгөөний дэд бүтцийг бий болгож, хотоос гарах шаардлагагүй, түгжрэлд суухгүйгээр бага оврын онгоцны зурвастай болох юм” хэмээв.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС