Х.Нямбаатар: Нийслэл хот орчмын сүүний фермерүүдэд үнээ худалдаж авах нэн хөнгөлөлттэй зээл олгоно
Хүүхдийн өсөлт, хөгжлийг дэмжих, бие махбодын дархлааг сайжруулах зорилготой “Сүүн дархлаа” зорилтот хөтөлбөрийг хэрэгжүүлж, энэ улирлаас бага ангийнханд сүү уулгаж эхлээд буй. Хүүхдүүдэд сүү уулгахтай зэрэгцэн сурагчдын бие бялдар, биеийн ерөнхий үзүүлэлтүүдийг хэмжээд тодорхой хугацааны дараа гарсан өөрчлөлтийг дүгнэх аж.
Энэ тухай хотын дарга Х.Нямбаатар “Япон улс 1959 он, БНСУ 1981 он, БНХАУ 2005 оноос сүү хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэн байна. Сүү хөтөлбөр хэрэгжүүлсэн улсад хүүхдүүдийн дундаж өндөр нэмэгдсэн гэсэн нийгмийн эрүүл мэндийн судалгаа гарч байжээ. Мөн ясны сийрэгжилт, Д витамин болон кальцийн дутагдал арилсан байна. Хамгийн чухал нь хүүхдүүдийн амны хөндийн эрүүл мэнд сайжирна гэсэн хүлээлттэй байна.
Хүүхдүүдийн 90 орчим хувь нь шүдний цооролтой байна. Сүү хөтөлбөрийн үр дүнд энэ бүхэн арилж, хүүхдүүдийн дундаж өндөр нэмэгдэнэ гэдгийг холбогдох байгууллагууд судалсан.
Улаанбаатар хотын төдийгүй Монгол Улсын сүүний нийлүүлэлтийг нэмэгдүүлэх зорилгоор гуравдугаар сард нийслэл хот орчимд үйл ажиллагаа явуулж байгаа сүүний фермерүүдэд сүүний үнээ худалдаж авахад зориулсан нэн хөнгөлөлттэй зээлийг олгохоор бэлтгэл ажил хангаж байна. Ингэснээр ирэх жилээс жилийн дөрвөн улирлын турш дотооддоо үнээний сүүгээ баяжуулж, хүүхдийн эрүүл мэндэд таарсан, боловсруулалт хийсэн сүүгээр хангахаар ажиллаж байна” гэв.
Нийслэлийн төсвийн ₮8.9 тэрбумаар 1-5 дугаар ангийн 189,600 хүүхдийг сүү хөтөлбөрт хамруулж байгаа билээ.