“Орон нутагт шатахууны хангамж хэвийн болж эхэлсэн”

dashpurev-810x500

Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамнаас шатахууны нөөцийн талаар өнөөдөр /2026.08.24/ мэдээлэл өгөв.


Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Дашпүрэв:

-Холбогдох газруудын зүгээс шатахууныг тасралтгүй импортолж байна. Өнгөрсөн амралтын өдрүүдэд орон нутгуудын шатахууны нөөцийг хэвийн болгох чиглэлд ажиллалаа. Наймдугаар сарын 1-24-н  хүртэл Сүхбаатар боомтоор 45507 тонн авто бензин, Эрээнцав боомтоор 780 тонн, Замын –Үүд боомтоор 4500 тонн шатахуун импортолсон, нийт 50787 тонн авто бензин импортолсон байна. Харин өнгөрсөн 24 цагийн хугацаанд 42 вагон цестерн буюу 2520 тонн АИ-92 төрлийн авто бензин импортолж, нийслэлийн хэмжээнд 121 шатахуун түгээх станцад 1345 тонн шатахууныг түгээсэн бол орон нутгийн 150 шатахуун түгээх станцад 1216 тонн шатахуун түгээгээд байна. Өнөөдрийн байдлаар замд 149 вагон цестерн буюу 9000 тонн АИ-92 төрлийн шатахуун замдаа ирж байгаа.

Цаашид аймаг, сумдын шатахууны асуудлыг хэвийн болгох талд анхаарч ажиллана. Бид бүхэн наймдугаар сард авах шатахууны тонн хэмжээгээ богино хугацаанд шахаж авахаар ОХУ-тай ярьж байна.

БНХАУ-аас шатахуун тасралтгүй орж ирж байгаа. Улмаар хоёр, гурав хоногоор дугаарлаж байсан харьцангуй болж дунджаар 20 орчим машин дугаарлаж байгаа.

Зарим орон нутгуудын шатахуун түгээх станцад 20 хоног түгээлт хийгдээгүй асуудал байсан, энэ мэт хомсдолыг хэвийн болгоход анхаарч ажиллаж байна.

Өнгөрсөн амралтын өдрүүдэд ОХУ-аас импортлох шатахууны ачилтыг нэмэгдүүлсэн. БНХАУ-аас авах шатахууны импорт эхнээсээ орж ирж байгаа. Нийслэлд нэг хоногт 1000 тонн шатахуун хэрэглэдэг. Орон нутагт эрэлт харьцангуй бага байдаг. Тиймээс түгээлтээ нэмбэл шатахууны хомсдол хурдан арилна. Харин нийслэлд эрэлт багасаагүй хэвээр байна. Ойрхи дорнодын нөхцөл байдал хэвээр байгаа учраас амлалт өгөхөд хэцүү. Тиймээс олон эх үүсвэрээс импортоо нэмэгдүүлэх шаардлагатай байгаа. Боловсруулсан бүтээгдэхүүн өгье гэх газруудаас авах нь зүйтэй. Олж ирж байгаа бүтээгдэхүүнээ иргэддээ түргэн шуурхай түгээхэд анхаарч холбогдох байгууллагууд 24 цагаар ажиллаж байгаа. Дээрээс нь газрын тос боловсруулах үйлдвэрээ цаг хугацаанд нь ашиглалтад оруулах шаардлагатай байна” гэлээ.

About Author