Хаврын улс төр эхлэхтэй зэрэгцэн Т.Аюурсайхан суллагдана
МАН дотор эрх мэдлийн төлөөх тэмцэл ид өрнөж байна. УИХ-ын хаврын чуулган эхлэхтэй зэрэгцэн Ардчилсан намаас Засгийн газрыг огцруулах асуудлыг тавих нь нэгэнтээ тодорхой болсон бол МАН дотор танхимын тэргүүнийг өөрчлөх нүүдэл хийхээр өрсөлдөөнийг эхлүүлээд буй. Товчхондоо, УИХ-ын дарга Н.Учрал Засгийн газраа авах дотолгоог эхлүүлээд байна гэж хэлж болно. Хэдийгээр МАН өнгөрсөн оны сүүлээр Их хурлаа хийх үеэр 2027 оны Ерөнхийлөгчийн сонгууль хүртэл Засгийн газрыг тогтвортой ажиллуулах амлалт өгсөн ч энэхүү сценарь өөрчлөгджээ.
Нөгөө талд хаврын их улс төр эхлэхтэй зэрэгцэн нүүрсний хэргээр шүүхээс 2.6 жилийн хорих ял авч байсан УИХ-ын гишүүн асан, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд асан Т.Аюурайхан суллагдах болсон нь эрх баригч намынхныг хөдөлгөөнд оруулж буй гэх мэдээлэл бий.
Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр өнгөрсөн долоо хоногт орон нутагт ажиллах үеэрээ сайд асан Т.Аюурсайханыг сар шинийн дараахан суллагдах болсныг зарласан. Энэ талаар тэрбээр “Цагаан сарын дараа эхний нүүрсний хэргээр ял сонссон этгээд суллагдах гэж байна. Нүүрсний асуудлаар сонсгол удирдсан, нотлох баримтыг хууль хяналтын байгууллагад илчилж, хүлээлгэж өгсөн иргэний хувьд тэр хүмүүсийг хангалттай ял шийтгэл хүлээсэн гэж боддоггүй. Тэр сонсгол дээр яригдсан манай намын удирдлагын хүмүүс албан тушаал дэвшиж ажиллаж байсныг заримыг нь буулгасан. Энэ бол шударга ёсны төлөөх тэмцэл болсон. Хууль хяналтын байгууллагад шалгагдаж байна, эхнээсээ хилийн хориг тавигдаж эхэлж байна. Нүүрсний хулгайтай холбоотой хэрэг өргөн цар хүрээтэй шалгагдаж байна” гэсэн нь зөвхөн энэ хэргээр УИХ-ын дарга асан Д.Амарбаясгалан шалгагдаад өнгөрөхгүй араас нь чирэгдэх том албан тушаалтнууд бий шүү гэдэг мессежийг давхар өгсөн зарлан дуудах боллоо гэж хэлж болно.
Гол нь МАН хэнийг Д.Амарбаясгалантай хамт явуулах вэ гэдэг асуудал юм.
Анх нүүрсний хэрэг мандаж, МАН хулгайч нараа хайж эхлэхэд УИХ-ын гишүүн асан, Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд асан Т.Аюурсайхан, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирал асан Б.Ганхуяг нарын 11 хүнийг хууль хяналтын байгууллага шалгаж, шүүхээс ял оноосон. Анхан шатны шүүхээс Т.Аюурсайханд 3 жилийн хорих ял оноосон бол Б.Ганхуягт 5.9 жилийн хорих ял оноосон. Олон нийт дээрх шийдвэрийг хөнгөн гэж үзсэн бол тэд давж заалдсанаар ялаа хөнгөрүүлсэн. Давж заалдахаас өмнө Б.Ганхуяг олон ноцтой үгийг хэлээд амжсан нь энэ хэрэг зөвхөн Т.Аюурсайхан бид хоёроор хаагдах ёсгүй, араас чирэгдэх гишүүд олон бий гэдгийг тодотгосон хэрэг болсон. Тодруулбал, тэрбээр 2023 оны есдүгээр сарын 12-нд болсон шүүх хурлын урьдчилсан хэлэлцүүлэг дээр “Б.Ганхуяг намайг болон бусад хүмүүсийг золиосолж байна. Улс төрийн золиос болгочихлоо. Бид энд золиослогдоод, тэд тэнд тамгатайгаа, төртэйгээ үлдэж болохгүй. 11 хүний хэргийг уншаарай. Гүйдэг хаалга, модон хаалга, чирдэг жорлонгийн хэрэг. Жорлонг нь хураалаа гэж өөрсдийгөө аврах гэж байгаа юм уу. Үүнд итгэдэг ард түмэн байхгүй.
Нүүрсний том төслүүд байна. Ардах эзэн нь Т.Аюурсайхан юм уу? Энэ энд юу хийж суугаа юм бэ. Надтай найзалсны төлөө суулгаж байгаа бол бүгдийг нь аваад ир. 76-уулаа сууя.
Сүртэй яригдаад байсан оффтейк гэрээ, хил, гааль, нүүрсний тендер хаана байгаа юм бэ? Дараад үлдэх юмуу? Надад жорлонгийн хэрэг чихчихээд өөрсдөө ард нь үлдчих юм уу?
Нүүрсний мөнгөөр санхүүжиж байгаа хэвлэлүүд гадаа байгаа. Иргэний хөдөлгөөнийхөн яаж санхүүждэг юм, яамдаас хэдийг авдаг юм. Би үүнийг яримаар байна. Гэхдээ би итгэдэг шүүгчдээ яримаар байна. Би 2007 оноос хойш энэ компанид ажиллаж байгаа. Надаас өөр нүүрс мэддэг хүн байхгүй. УИХ дээр яагаад надгүйгээр нүүрсний хэргийг яриад байгаа юм бэ. Нүүрсний гэх хэргээр 68 хүн баригдаад би ганцаараа үлдсэн. Намайг байлга байлга, би байж л байя.
Намайг шоронгоос гаргавал маш олон хүний зүрх зогсох гээд байна.
Гадаа гаргаж, үг хэлүүлэхгүй байна. Үгээ хэлэх боломжгүй учраас ганц боломжоо энд ашиглаж байна” гэж мэдэгдэж байв. Ямартай ч давж заалдсанаар ялаа хөнгөрүүлж чадсан. Ингэснээр тэрбээр ирэх 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуультай зэрэгцэн шоронгоос суллагдах болж буй. Тодруулж хэлбэл, 2027 оны зургадугаар сард суллагдана. Харин тэр үед нүүрсний хулгайд хэн, хэн холбоотой байсныг илчилж чадвал МАН дотор жинхэнэ бөмбөг тэслэх юм.
Хууль зүй дотоод хэргийн сайд Б.Энхбаяр өнгөрсөн онд /2025.11.12/ “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн захирал асан Б.Ганхуягаас УИХ-ын дарга асан, УИХ-ын гишүүн Д.Амарбаясгалан руу илгээх гэж байгаад Чингэлтэй дүүргийн МАН-ын хорооны гишүүн н.Амарбаясгалан руу андуурч бичсэн мессеж, мөн УИХ-ын гишүүн Д.Амарбаясгаланг Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга, Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооны даргаар ажиллаж байхдаа хурал удирдсан проткол шийдвэрүүд устгагдсан асуудлыг хууль хяналтын байгууллагад өгч шалгуулахаа мэдэгдсэн. Дээрх мессежид Бортээг ордтой холбоотой асуудал хөндөгддөг.
Т.Аюурсайханы хувьд ч жинхэнэ хулгайч нараа илчилж чадвал МАН дотор нүүрсний хэргээр явах нөхөд олон байгаа тухай өнгөрсөн хугацаанд шуугиж ирсэн. Иймээс хаврын чуулган халуун болно гэж Хууль зүй дотоод хэргийн сайд Б.Энхбаярын хэлээд байгаа үг МАН дотор олон өөрчлөлт авч ирж мэдэхээр байна. Хэнийх нь бүлэглэл, фракци түүний шоронгоос суллагдсан үйл явдлыг хэр овжноор ашиглаж өөрсдийнхөө талд эргүүлж чадах вэ гэдгээс шалтгаална.