Допингтой бөхчүүдэд “тонгоруулсан” Цэргийн арслан Б.Өлзийсайхан яах вэ?

допинг

Эх сурвалж: 24tsag.mn

Өнгөрөгч 2025 Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд үзүүрлэж “Улсын гарьд” цолын болзол хангасан Сүхбаатар аймгийн Онгон сумын харьяат Н.Өсөхбаярын шинжилгээнээс хориотой бодис илэрсэн байдаг. Баяр наадам зохион байгуулах хорооноос Н.Өсөхбаярын цолыг нь хурааж, барилдах эрхийг гурван жилээр хасах санал гаргасан. Тэгвэл түүний цолыг хураах зарлигт Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өнгөрсөн долоо хоногт гарын үсэг зуржээ.

Улмаар Н.Өсөхбаярын 6, 7, 8 давсныг хүчингүй болгож, түүнд унасан бөхчүүдэд чимэгийг нь нөхөн олгох юм. Тэрбээр зургаагийн даваанд Улсын заан М.Лхагвагэрэл, долоогийн даваанд Улсын заан Б.Пүрэвсайхан, наймын даваанд Дархан аварга Н.Батсуурь нарыг давсан билээ. 

Гэвч өөр нэг асуулт бөх сонирхогчдын дунд байсаар байна. Тодруулбал, түүнд тавын даваанд унасан Улсын гарьд Б.Гончигдамбаас мөн хориотой бодис илэрсэн. Харин түүнийг зодог тайлсан гэх үндэслэлээр ямар нэгэн шийтгэлгүй давааны мөнгийг нь хураах шийдвэр гарсныг бид өмнө нь мэдээлсэн.

Гол асуудал нь Б.Гончигдамбатай дөрвийн давааны нугараанд таарч унасан Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын харьяат Цэргийн арслан Б.Өлзийсайхан хэрхэх вэ? Б.Өлзийсайханыг давсан бөх нь допингтой, давсан бөхийг нь давсан бөх нь допингтой байсан нь байх үед эр хэндээ гомдох ёстой вэ? Б.Гончигдамбыг давлаа гэхэд “од нь гийж” улсын цолны босго алхах ч байсан юм билүү, хэн мэдлээ. 

         Өөрийг нь давсан бөх допингийн зөрчил гаргаж, цолоо хураалгасан тохиолдолд тэр бөх цол ахиж, чимэг нэмдэг журамтай юм бол “давхар тонгуруулсан” Б.Өлзийсайхан арсланд яагаад “Улсын начин” цол олгож болохгүй гэж. Бүгд л ногт ганзгалж ирдэг наадам… хохирсон бөхийн урам мөхөж хойтонгийн наадамд итгэл нь мохоо ирвэл яана!

About Author