Эзэд нь сонгуулиар солигддог дарангуйллын тогтолцоо хүнлэг ардчилсан нийгмээр солигдох явц эрчимжиж байна

image (4)

Эх сурвалж: Өдрийн сонин

Өнөөдөр эзэд нь солигддоггүй дарангуйллын тогтолцоо түүх болж, эзэд нь сонгуулиар солигддог бараг дарангуйллын тогтолцоо хүнлэг ардчилсан нийгмээр солигдох явц эрчимжиж эхлэв. Маш товчоор нийгмийн ухаан гэх төр, засгийнхны худал, суртал ухуулга жинхэнэ шинжлэх ухаанаар солигдох явц эхлэв. Энэ бүхний гол шалтгаан нь төр засгаас санаатай явуулдаг хуурамч суртал ухуулга болон шинжлэх ухаан хоёрын эвлэршгүй зөрчил бөгөөд үүнийг бодит баримтад тулгуурлан, энгийн үгээр тайлбарлавал ийм юм.

Хойд хөршид 2025 оны эцэст, жилийн өмнө 2.7 тэрбум рубль байсан Оросын аж ахуйн нэгж болон иргэдийн татварын өр сүүлийн есөн сарын байдлаар 3.26 тэрбум рубль болж нэмэгдсэн нь 2026 оны улсын төсвийн төлөвлөсөн алдагдал болох 3.8 сая тэрбум рубльтэй ойртож, энэ улсын төсвийн алдагдал хоёр дахин нэмэгдэх нөхцөл үүсэв. Үүнээс 1.2 тэрбум нь татварын өр, үлдсэн нь торгууль юм. Энэ нь Оросын аж ахуйн нэгж болон иргэд татварын энэ их өрийг төлж чадахгүй болж, банкны систем нь дампуурч, тогтолцоо нь нуран унахад бэлэн болж байна гэсэн үг билээ. Мөн Орос нь төмөр замаас шууд хамааралтай улс. Гэтэл өнөөдөр Оросын төмөр зам дөрвөн их наяд рублийн өрөнд ороод байгаа нь улсынх нь төсвийн 10 хувь юм. Өнөөдөр дэлхийн аль ч удирдагч чадамжтай хүмүүсийг бус өөртөө үнэнч хүмүүсийг л дарга болгож байна. Иймээс Оросын төмөр зам, Монголын эрчим хүчний хангамжийг хариуцдаг төрийн байгууллагын байж байгаа байдал нь энэ. Мөн Орост ачааны машины худалдан авалт хоёр дахин буурсан нь төмөр замын тээвэрлэлтийн хүргэлт буурсан гэсэн үг. Сүүлийн жилд Оросын нефть, хийн орлого бараг 25 хувь буурав. Барууны хоригоос болж нефтийн үнэ 27.1 ам.доллараар буурч баррель нь 33-35 ам.доллараар зарагдаж эхлэв. Гэтэл олон улсын судалгааны нэр хүндтэй байгууллагууд 2027 онд Оросын “Urals”-аас үнэтэй байдаг “Brent” маркийн нефть 33 ам.доллар болно гэж дүгнэв. Оросын инфляци он гарснаас хойш 19 хоногт л 1.7 хувиар нэмэгдсэн нь Төв банкны амласнаас хоёр дахин их хэмжээ юм. Оросын удирдлага хаана ч байдаггүй нэршил шинээр зохиож, стагнацийг “төлөвлөгөөний дагуу явагдаж буй хөргөлт”, харин стагфляцийг “зөөлөн газардалт” гэх болов. Гэтэл төлөвлөгөөт “хөрөлт” нь “хөлдөлт”, эдийн засагт нь “зөөлөн” бус хатуу “газардалт” болж рецессттэй тулж орхив. Нефтийн үнэ унаж эхлэнгүүт Кремль өнгөрсөн оны тавдугаар сард төсвийн тодотгол хийж алдагдлыг 1.3 хувь байна гэж төлөвлөсөн бол 10 дугаар сард дахин тодотгол алдагдлыг 3.8 хувь болгож нэмсэн. Түүхий нефтийн үнэ эрчимтэй унаж эхэлсэн тул тун ч удалгүй арванхоёрдугаар сарын 27-нд дахин төсвийн тодотгол хийж, алдагдлыг бүр 5.7 хувь болгосон бол өнөөдрийн байдлаар төсвийн алдагдал нь 7.3 хувийг давав. Энэ нь ОХУ-ын эдийн засаг түүхий нефтийн үнээс шууд хамаардаг болохын бодит баталгаа юм. Гэтэл Оросын удирдлага энэ бүхнийг “бүх зүйл сайн сайхан байна” хэмээн сурталдсаар байна. Харин урд хөршийн хувьд дефляцийн бодит үзүүлэлтийг нуудаг болсон учир эдийн засагчид Бээжингийн эдийн засгийн мэдээлэлд итгэхгүй болоод удаж байна. Үүний баталгаа нь Хятадад гарч, мэдэгдэж бас мэдэгдэлгүй өнгөрсөн Си даргыг цэргийн хүчээр авч хаях гэсэн оролдлогууд юм.

Ардчиллын тэргүүлэх улс гэгддэг АНУ-ын засгийн газрын эдийн засгийн мэдээлэлд ч эрүүл ухаантай болгон итгэх аргагүй болов. Учир нь Дональд Трамп хөдөлмөрийн зах зээлийн “цочирдмоор сул” үзүүлэлтүүдийг нийтэлсэн Хөдөлмөрийн статистикийн товчооны дарга Эрика Мак Интарферийг ажлаас нь халсан. Үүнтэй зэрэгцэн АНУ-ын Холбооны нөөцийн систем болох Төв банкны Захирлуудын зөвлөлийн гишүүн Адриана Куглер хугацаанаасаа өмнө огцрохоо зарлав. Мөн АНУ-ын Төв банкны тэргүүн Жером Пауэлл өнгөрсөн сарын 11-ний ням гарагт “Америкийн прокурорууд Конгрессын гишүүдэд өгсөн миний мэдүүлгүүдийг шалгаж эхэлсэн бөгөөд “эрүүгийн хэрэг үүсгэнэ” гэж намайг сүрдүүлсэн. Энэ нь мөнгөний бодлогын шийдвэрүүдтэй минь холбоотойгоор ерөнхийлөгч Дональд Трампын зүгээс Төв банкинд үзүүлж буй дарамтын кампанит ажлын нэг хэсэг юм” гэж мэдэгдсэн. Тэгвэл өнгөрсөн баасан гарагт АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп төрөөс хамааралгүй байх ёстой Төв банкны дарга Жером Пауэллын бүрэн эрх дуусангуут эдийн засгийн өөрийн хувийн зөвлөх Кевин Уоршийг түүний оронд нэр дэвшүүлж буйгаа албан ёсоор зарлав. Дональд Трамп мөн энэ үеэр “АНУ аугаа Америкийн “алтан эрин”-д орж, эдийн засаг огцом өсөж, инфляци тогтворжсон” гэж мэдэгдэв. Гэвч санал асуулгаар америкчуудын олонх “Инфляци нэмэгдэж байгаа учир Трампын тарифын дайн, эдийн засгийн бодлогыг дэмжихгүй байна” гэсэн бол эдийн засагчид “Эдийн засгийн бодит өсөлт байхгүй, нөхцөл байдал дордсон” гэж дүгнэв. Ийнхүү АНУ-ын төр, засгийн эдийн засгийн мэдээлэлд итгэх аргагүй болов.

Ардчилсан улс гэгддэг Монголын ерөнхий сайд иргэдийн худалдан авах чадвар муудсанаас үүдэн импорт багасаж, валют хуримтлагдаж эхлэнгүүт аж ахуйн нэгжүүдийн хийсэн ажлынх нь мөнгийг өгөхгүй гацааж, улсаа хорлож байгаагаа “Манай засгийн газар төгрөгийн ханшийг чангаруулж, валютын нөөцийг нэмэгдүүлсэн” гэж сурталдав.Төрийн ордонд Эрчим хүчний сайд нь тог тасарч, иргэд хохирч байгааг “Хэн ч байсан үүнийг сарын дотор засах боломжгүй. Иймээс сайдын суудлаа ав нь л биз” гэсэн бол Боловсролын сайдынх нь сүр болгон зарласан 50 хувийн нэмэгдэл багш нарын гар дээр тавхан мянган төгрөгийн нэмэгдэл болон очиж, заримынх нь цалин бүр хасагдав.

Энэ бүхэн өнөөдөр эзэд нь солигддоггүй дарангуйлал болон эзэд нь сонгуулиар солигддог бараг дарангуйлал болох “ардчилал” гэх үгний ард нуугдсан авлигын тогтолцооны бүх удирдлагууд нэгэн зэрэг галзуурсан гэсэн үг биш ээ. Харин иргэдээ нийгмийн тухай шинжлэх ухааны боловсролгүй болгож, оронд нь худал суртлаар тэднийг хагалан бутаргаж, “гарын дор” байлгах зорилгоо өнөөгийн төр, засгийнхан биелүүлж чадахгүй болсон явдал юм. Энэ нь төр, засагт амар аргаар баяжих гэсэн хүмүүс олширч, нийгмийнхээ хөгжилд гай болж эхэлсэн явдал юм. Гэтэл бидний хувьд эвдрэл, сүйтгэлээр дарангуйллын дэглэмийг авч хаясан Балбын “Z-т үеийнхэн”-ий хувьсгал Монголд давтагдах нөхцөл үүсээд байгааг онцгойлон анхаарах хэрэгтэй болоод байна. Өөрөөр хэлбэл нам, улстөрчид болон өнөөгийн “улс төр” бидний хөгжил, дэвшилд гай болж, аюултай нөхцөл үүсгээд байгаа нь хүн бүхэнд тодорхой болов. Иймээс манай улсын эрх барих дээд байгууллага болох УИХ хаврын чуулганаар “эдийн засгийн эрх чөлөө”, “шүгэл үлээгч”-ийн тухай хуулиас гадна төрийн албан хаагчдыг шоронд хийхгүйгээр хууль бус хөрөнгийг нь хурааж эмч, багш, тэтгэврийн хөгшдөд олгох хуулийг яаралтай баталж, мөрдүүлэх шаардлага үүсэв. Учир нь энэ бүхний гол буруутан нь сонгогчид бид бүхэн өөрсдөө юм. Үүний дараа өнөөдрийн бидний сонгодог парламентын засаглалыг анх бий болгосон англичуудын “A crowd al­ways contains fools” буюу “Олон хүн дотор олон тэнэг л байдаг” гэдэг зүйр үгийн дагуу олны дотор байгаа цөөн ухаантнаа олж гаргах хэрэгтэй байна. Үүний тулд зөвхөн шинжлэх ухаан буюу шинэ технологи болох холбогдох “Оюуны өмч” бүхий цөөн хүнийг урьж “Монгол Улсад хурдан хугацаанд, маш бага зардлаар хэрхэн хүнлэг, ардчилсан нийгэм байгуулах вэ?” гэсэн сэдвээр хэлэлцүүлэг явуулж, ард иргэдээ нэгэн цул хүч болгон нэгтгэх шаардлага үүсэв. Учир нь хуурамч суртал ухуулга нь иргэдийг талцуулж, бүр тэднийг бие биеийнхээ амь насыг бүрэлгэхэд хүргэдэг бол харин шинжлэх ухаан эсрэгээрээ иргэдийг нэгтгэж байдаг билээ. Өнөөдрийн хөгжил дэвшлийг нам, улстөрчид бус шинжлэх ухаан буюу Аж үйлдвэрийн хувьсгалууд бидэнд авчирсан гэдгийг бүү март! Харин Аж үйлдвэрийн хувьсгалуудын цорын ганц нийтлэг зүйл нь “Оюуны өмч” юм. Энэ бүхэн Монголын албан ёсны, эхний бөгөөд сүүлийн Богд хааны “Цаг үгүй нь үгүй” гэж хэлсэн л батлагдаж буй явдал юм. Өөрийн гэсэн цаг хугацаагүй зүйл байдаггүй тул дарангуйлал болон бараг дарангуйллын үе бөхөж, орших цаг хугацаа нь дуусч байна.

About Author