М.Алтангэрэл: Сүхбаатар дүүрэгт бүтээн байгуулалтын ажлууд бүрэн утгаараа хэрэгжиж байна

Сүхбаатар дүүргийн Засаг даргаар М.Алтангэрэлийг томилжээ_l

Сүхбаатар дүүргийн ИТХын төлөөлөгч, Засаг дарга М.Алтангэрэлтэй ярилцлаа.

-Танай дүүргийн хувьд нийслэлийн төсвийн 30 гаруй хувийг бүрдүүлдэг. Их, дээд сургууль, эмнэлэг, үйлчилгээ цөм төвлөрсөн, бизнесийн төв бүс. 2026 оны төсвийн орлогоо хэрхэн бүрдүүлэх вэ?

-Сүхбаатар дүүрэг 2026 онд 612.9 тэрбум төгрөг нийслэлд төвлөрүүлнэ. Энэ дүнгээрээ улсад төсөв бүрдүүлдэг орон нутгуудаас хоёрдугаарт эрэмбэлэгдэж байна гэсэн үг. Хамгийн өндөр төсөв бүрдүүлдэг аймаг буюу Өмнөговь өнөө жил улсын төсөвт 1.1 их наяд төгрөг төвлөрүүлэх юм билээ. Үүний дараа Сүхбаатар дүүрэг бичигдэж байна. Эндээс манай дүүргийн эдийн засгийн чадамж нь харагдах болов уу. Ер нь Сүхбаатар бол нийслэл хотын эдийн засга, нийгмийн хөгжлийн гол тулгуур нь. Хэдийгээр Оюутолгой, Хаанбанк, Худалдаа хөгжлийн банк гээд томоохон бизнес, худалдаа, үйлчилгээний төвүүд манай дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг ч эдгээр том компаниуд том татвар төлөгч гэдэг ангиллаараа улсын төсвийг бүрдүүлдэг. Бид яг орон нутгийнхаа хэмжээнд эдгээр аж ахуйн нэгжээс татварын орлогоо авдаг бол мэдээж Өмнөговь шиг болно. Сүхбаатар дүүргийн татвар бүрдүүлэлтийн дийлэнх нь цалингийн орлого өндөр үзүүлэлттэй байдаг.

-Сүхбаатар дүүргийн хэмжээнд ямар, ямар бүтээн байгуулалтын ажил хийхээр төлөвлөж байна вэ?

-Бид энэ жил боловсрол, эрүүл мэндийн салбарт ихээхэн анхаарч ажилладаг. Дүүргийн ИТХ-аараа 2026 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон үйл Засаг даргын тухайн жилд хэрэгжүүлэх ажиллагааны хөтөлбөрөө батлуулсан. Энэ хүрээнд 13 дугаар хороонынхоо нутаг дэвсгэрт дөрвөн давхар барилга бүхий Хүүхэд хөгжлийн төв байгуулахаар ажиллаж байна. Нэлээд өргөн хүрээг хамарсан далайцтай ажил болох учраас судалгааг олон талаас нь харж хийгдсэн, одоо зураг төслийн ажил дуусах шатандаа явж байна. Энэ хавартаа бүтээн байгуулалтаа эхэлнэ. Мөн боловсролын салбарын хувьд AI болон кембрижийн хөтөлбөрийг дүүрэгтээ хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа. Тодруулбал, 12 дугаар хорооны нутаг дэвсгэр шинээр баригдсан 166 дугаар сургуулийг кембрижийн хөтөлбөртэй болгохоор холбогдох төсвийг тавьсан. Түүнчлэн улсын төсөв дээр жанжин Д.Сүхбаатарын нэрэмжит ерөнхий боловсролын II сургуульд “Google”-ийн анги нээхээр бэлтгэлээ хангаж байна. Цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэхээр 75 дугаар цэцэрлэгийн хуучин барилгыг нурааж, дүүргийн төсвөөр шинээр барих санхүүжилтийг шийдсэн. Ер нь хүүхдийн хөгжлийг дэмжихийн тулд дан ганц уламжлалт буюу спорт, бүжиг, шатар, даамны дугуйлангаас гадна ирээдүй рүү чиглэсэн AI юм уу, шинжлэх ухаан технологийн хөгжлийн чиг хандлагыг түлхүү анхаарч ажиллана. Үүний зэрэгцээ хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн цэцэрлэг барьж байгуулъя гэсэн санаачилга гарсны дагуу газар чөлөөлтийн ажил явагдаж байна. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд маань цэцэрлэгт явахаас гадна хичээлийн бус цагаараа хөдөлгөөн засал, бусад судлагдахуун хичээлүүдэд суралцах боломжтой. Энэ бүх үйл ажиллагаа маань Хүүхэд хөгжлийн төв дээр явагдана. Энэ төвтэй залгаа урд талд нь Сүхбаатар дүүргийн 60 жилийн ойд зориулан бүтээн байгуулж байгаа цэцэрлэгт хүрээлэн босох юм. Урин дулаан цагаар хүүхэд, хөгшчүүл, иргэд маань цэцэрлэгт хүрээлэндээ амарч, зугаалах бүрэн таатай орчин бүрдэнэ. Эрүүл мэндий салбарын тухайд Монгол Улсад анх удаа дүүргийн төсвөөр барьсан Сэлбэ нэгдсэн эмнэлгийг шинээр барьж, өнгөрсөн оны 10 дугаар сард үйл ажиллагааг нь эхлүүлсэн. Оны өмнөхөн энэ эмнэлэгтээ орчин үеийн дэвшилтэт тоног төхөөрөмж бүхий бүрэн автомат мэс заслын өрөөнүүдийг ашиглалтад оруулсан. Эрүүл мэндийн төвийн харьяа салбар амбулатори III хороонд улсын төвсөөр баригдсан. Энэ салбар амбулаторидоо хоёр тэрбум төгрөгийн тоног төхөөрөмжийн хөрөнгө оруулалт хийнэ. Ингэснээр бүх төрлийн хавдрыг хиймэл оюун ухааны тусламжтайгаар эрт үед нь илрүүлдэг “NURA” шиг оношилгооны төв болж үйл ажиллагаа явуулах юм. Орчин үеийн өндөр технологийн тусламжтайгаар энэхүү салбар амбулатори дээрээ урьдчилан сэргийлэх оношилгоо, шинжилгээгээ хийчихээд дараагийн шатны эмчилгээг Сэлбэ нэгдсэн эмнэлэгтээ хэвтэн эмчлүүлнэ гэсэн үг. Тэнд мэс засал хийх бүрэн боломж бүрдсэн. Өдрөөс өдөрт өвчлөл нэмэгдэж, ачааллаа дийлэхээ больсон анагаахын салбарт Сүхбаатар дүүргийн хөрөнгө оруулалтын ажлууд үр дүнгээ өгнө гэж харж байгаа. Түүнээс гадна энэ онд хийх бас нэг чухал ажил бол төрийн албан хаагчдад зориулсан 288 айлын орон сууц юм. Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт нийслэлээс хэрэгжүүлж байгаа дахин төлөвлөлт явагдаж буй “Сэлбэ” 20 минутын хотын ойролцоо барихаар төлөвлөж байна. Сүхбаатар дүүргийн иргэдэд төрийн үйлчилгээг үзүүлж, энэ дүүргийн хөгжил, бүтээн байгуулалтын төлөө мэдлэг, оюун, өдөр тутмын амьдралаа зориулж буй албан хаагчдын нийгмийн баталгааг хангахаар энэ ажлыг хэрэгжүүлэхээр зорьсон. Тамгын газар, 1-20 дугаар хорооны Ажлын алба ажиллахаас гадна дүүргийн хэмжээнд цагдаа, онцгой, эмч, багш гээд бүх төрийн албан хаагчдыг энэхүү орон сууцанд хөнгөлөлттэй нөхцөлөөр оруулах тодорхой хэмжээний квот олгох юм. Өнөөдөр төрийн албан хаагчдын цалин хэд билээ, зах зээл дэх орон сууцны үнэ ханш ямар байгаа билээ. Муу хэлүүлээд байдаг төрийн албан хаагч нар анхан дунд шатандаа иргэдтэй тулж, нийгмийн аливаа асуудлын “галыг” нь авч ажилладаг хүмүүс. Тэднийг захын хүн дураараа орж ирээд загнах нь энгийн үзэгдэл болсон. Иргэд “Та нар татварын мөнгөөр цалинждаг хэн юм бэ” гээд уур бухимдлаа төрийн албан хаагчид руу л гаргадаг. Яг үнэндээ нийгмийн бүх ажлуудыг хийж, төр иргэдийн хооронд гүүр болсон хүмүүс энэ төрийн албан хаагчид шүү дээ.

-Та сая яриандаа дурдсан, Сэлбэ нэгдсэн эмнэлгийн талаар иргэд их ам сайтай байна лээ. Хэзээнээс үйл ажиллагаа нь жигдрэх вэ. Ажиллах боловсон хүчний хувьд ямархуу байгаа юм бол?

-Сэлбэ нэгдсэн эмнэлгийн төсөв анх 2019 оны дүүргийн ИТХ-аар батлагдаж, 2021 оны зургадугаар сард барилгын шав нь тавьсан. УИХ-ын гишүүн Х.Болормаа энэ том бүтээн байгуулалтыг хийх санаачилгыг гаргаж, үе шаттайгаар холбогдох төсвийг дүүргийн төсвөөр шийдвэрлэн өнөөдөр бодит ажил хэрэг болоод явж байна. Эмнэлэг 2024 оны аравдугаар сард амбулаторийн түвшинд нээлтээ хийгээд өнгөрөгч оны сүүлчээр мэс заслын тоног төхөөрөмжүүдээ суурилуулж дууссан байгаа. Материаллаг талаасаа буюу эмнэлгийн барилга байгууламж, тоног төхөөрөмж гээд бүх зүйл нь бэлэн болсон. Ганц дутагдалтай тал нь хүний нөөцийн асуудал байна. Нийт 200 ортой эмнэлгийг маргааш нээгээд иргэдэд эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлье гэж тооцоход хүний нөөц үнэхээр Монголын зах зээлд маш дутмаг байгаа. Гэхдээ бид аль болох хурдан хугацаанд үйл ажиллагааг жигдрүүлэхийн тулд үе шаттай арга хэмжээнүүдийг авч байна. Тухайлбал, ЭХЭМҮТ болон Улсын клиникийн нэгдүгээр эмнэлэгтэй хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурсан. Энэ хүрээнд эмч, мэргэжилтнүүдийг урьж ажиллуулах, одоо байгаа хүний нөөцөө чадавхжуулах ажлыг хийж байна. Ер нь Сэлбэ нэгдсэн эмнэлэг маань ашиглалтад орсноос хойш бусад эмнэлгүүдийн ачааллаас үүрэлцсэн. 2025 оны эхээр хавдрын эмнэлгийн засварын ажлын үеэр хөнгөвчлөх эмчилгээг хэсэг хугацаанд Сэлбэ нэгдсэн эмнэлэг дээр авсан.

-Сэлбэ нэгдсэн эмнэлгийг дүүргийн хөрөнгөөр барьсан гэхээр хэдий хэмжээний төсөвтэй боссон бэ. Тоног төхөөрөмж, гадна дотор тохижилт гээд бүгд орсон гээд байгаа?

-Сэлбэ нэгдсэн эмнэлгийн барилга нь 28.8 тэрбум төгрөгөөр боссон. Тоног төхөөрөмжийн хувьд одоогийн байдлаар 20 орчим тэрбум төгрөгөөр орчин үеийн стандарт бүхий 190 гаруй нэр төрлийн тоног төхөөрөмж, компьютер техник, эмнэлгийн багаж, хэрэгсэл авсан. Ер нь эмнэлгийн хувьд барилгаасаа тоног төхөөрөмж нь илүү их зардалтай байдаг юм байна. Бүтэн эмнэлэг баригдлаа гэж бодоход барилгын зардал 30-40 хувьтай байх жишээтэй. Яагаад гэвэл өндөр технологийн тоног төхөөрөмжүүд асар өндөр өртөгтэй. Нийт дүнгээрээ тооцоод үзэхэд Сэлбэ нэгдсэн эмнэлэг 60-аад тэрбум төгрөгт босч байгаа юм. Манайд баригдсан эмнэлгүүдийн төсвийг судлаад үзэхэд Азийн хөгжлийн банк, гадны зээл тусламж, төслөөр босч байгаа эмнэлгийн зардал нь дунджаар 50 орчим сая ам.доллар байдаг. Үүнтэй харьцуулахад Сэлбэ нэгдсэн эмнэлэг маань улсын хэмжээнд анх удаа орон нутгийн төсвөөр, эдийн засгийн хувьд бага хөрөнгөөр боссон гэхэд олон улсын жишигт нийцсэн бүтээн байгуулалт болсон.

-Сүхбаатар дүүргийн 9, 11 дүгээр хороо үнэхээр нягтаршил ихтэй шүү. Хүмүүсийн хэлдгээр бетон ширэнгэ боссон…

-Тантай санал нэг. Нэгдсэн төлөвлөлтгүй дураараа нэг, нэг газар аваад байшин босгочихсон. Дэд бүтэц, орц, гарц гээд зам харгуйн асуудал үнэхээр хүндрэлтэй. Иргэд бухимдахгүй байхын аргагүй. Ямар сайндаа дүүрэг рүү дайрах вэ дээ. “Та нар юм хийхгүй байна. Энэ зам талбайгаа засаач ээ” гэдэг. Бид төсвийн мөнгөөр засмал замыг нь хийчихэж болно. Тэр хэсэгт барилгын ажлууд ар араасаа өрнөж байгаа учраас мянга сайхан зам тавиад нэмэргүй. Хүнд даацын том машинууд өдөр бүр холхиж байгаа болохоор амархан эвдэрнэ. Дараа жил нь дахиад л шинээр зам тавих болно. Тийм болохоор төсвийн хөрөнгийг үр ашиггүй зарлага болгох гээд байгаа юм. Тодорхой хэмжээнд барилгын ажил дуустал зам барихгүй байхаас өөр аргагүй.

-Танай камерын хяналтын дэд төвийн талаар танаас асуумаар байна. Камер бол яалт ч үгүй гэмт хэргээс урьдчилан сэргийлэх том ажил. Тэгвэл энэ төв дээр нийт хэчнээн камерыг хянаж байгаа вэ. Хамгийн гол нь камерын стандарт орчин үеийн өндөр технологийн шаардлагад хэрхэн нийцдэг юм бол?

-Камерын хяналтын төв маань 2024 онд нийт 4.8 тэрбум төгрөгийн төсөвт өртгөөр баригдаад өнгөрсөн жил ашиглалтад орсон. Сүхбаатар дүүрэгт 2012 оноос хойш 13 жилийн хугацаанд 1000 орчим камер тавигдсан. Технологи байнга шинэчлэгддэг учраас 2012 оноос хойш тавигдсан камеруудын шаардлага ерөнхийдөө хангагдахаа больчихсон. AI буюу царай таних, дугаар харах болон сүүлийн үеийн өндөр технологитой нийцдэггүй. Үүнийг бид шат дараатайгаар шинэчлээд явж байгаа. Яг одоо дүүргийн камерын хяналтын төвд 360 орчим камер байна. Камерууд маань өөрсдөө тусгай лицензтэй. Дүүргийн төсвийн хөрөнгөөр хийгдсэн камеруудаас гадна CU, GS24 зэрэг сүлжээ дэлгүүрүүдийн камеруудыг холбож, хяналтын төв дээрээ харж байгаа. Тэгэхээр гэмт хэргээс урьдчилан сэргийлэх болон шуурхай илрүүлэх тэрхүү ажлуудын нөхцөл нь бүрдсэн.

-Зуслангийн бүсэд өвлийн улиралд эзэнгүй үеэр хулгай их гардаг. Тийшээ камерын хяналтыг яаж сайжруулах вэ?

-Сүхбаатар дүүргийн 19, 20 дугаар хорооны нутаг дэвсгэр буюу Бэлх, Сэлх гээд зуслангийн бүсийн лагерын байшингуудад өвлийн цагт хулгай нэлээд гардаг. Энэ өвөл ч бас нэлээд хулгай гарсан байна лээ. Энэ хоёр хороо маань дүүргийн нийт нутаг дэвсгэрийн 60 гаруй хувийг хамардаг. Тийшээ шилэн кабель болон цахилгааны шугам сүлжээ татаад явахад дэд бүтцийн хувьд асуудалтай, зардал өндөр гарна. Энэ жилдээ зургийн ажлыг хийгээд ирэх жилээс үе шаттайгаар ашиглалтад оруулахаар төлөвлөж байгаа. Энэ ажлыг дан ганц дүүргийн төсвөөр хийхэд амаргүй. Улс, нийслэл, дүүргийн төсөв гээд хийх ажлуудаа тус тусад нь хуваагаад хэрэгжүүлнэ. Камер өөрөө онцлогтой. Зураг төслийг нь хийлгэчхээд тэр даруй хийж гүйцэтгэх ёстой. 2026 онд зуруулсан зураг маань дараа жил технологи нь өөрчлөгдөөд зургийг шинэчлэх шаардлагатай болчихдог. Тэгэхээр бид аль болох богино хугацаанд хийж хэрэгжүүлэхийг хичээж байгаа.

-Сүхбаатар дүүргийн хувьд “20 минут”-ын хот төсөл хэрэгжиж байгаа бүс гэдэг утгаараа томоохон бүтээн байгуулалтын ажлууд эрчимжиж байгаа. Газар чөлөөлөлт, дахин төлөвлөлтийн хүрээнд хэчнээн яндан цөөлж чадав?

-“Сэлбэ” дэд төвийн хүрээнд Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр хамарсан томоохон бүтээн байгуулалт өрнөж байна. Дүүргийн 14 дүгээр хороонд нийтдээ 1000 орчим өрхийг газар чөлөөлт хийгдсэн. Наашаа үргэлжлээд 13 дугаар хороо руу дахиад газар чөлөөлж байгаа. Нийтдээ 40 гаруй нэгж талбар газар чөлөөлөхөөр төлөвлөсөн. 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт “Сэлбэ” 20 минутын хот төлөвлөлттэй уялдсан 200 ортой Сэлбэ нэгдсэн эмнэлгийг бид барьсан. Мөн 960 хүүхдийн суудалтай 159 дүгээр сургууль, 150 хүүхдийн ортой 248 дугаар цэцэрлэгт өргөтгөл барьж байгууллаа. Одоо 3 га газарт тэнд Спорт цогцолбор баригдаж байна. Газар чөлөөлөлтийг үе шаттай явуулсны үр дүнд бид дүүргийн төсвөөр эдгээр нийгмийн байгууламжуудаа барьж байгуулсан байна. Энэ хэрээр яндангийн тоо буурсан гэсэн үг.

-“Зуун айл”-ын барилгын материалын захыг хотоос гаргах асуудал үе, үеийн дүүргийн Засаг даргын үед яригддаг. Замын түгжрэлийн гол зангилаа болсон энэ орчмын худалдааны төвүүдийг хотоос гаргах ажил ойрын төлөвлөгөөнд тань байна уу?

-Энэ бол манай дүүргийн бас нэг том асуудал. Дахин төлөвлөлтийн хүрээнд яндангийн тоог бууруулж, орон сууцжуулах ажил 13, 14 дүгээр хороонд хийгдэж байна. Гэтэл энэ ажил 12 дугаар хороон дээр ирээд гацчихсан. Яагаад гэвэл тэнд том, том агуулахууд барьчихсан, бизнесийн чиглэлээр ашиглаж байгаа. Эзэдтэй нь тохиролцъё гэхээр асар өндөр үнэ хэлдэг. Яалт ч үгүй хөрөнгө мөнгөө зараад том агуулах барьсан байхад газрын үнэлгээгээр нь үнэлж болохгүй. Нийслэлтэй дахин төлөвлөлтийн талаар ярилцаж байхад 12 дугаар хорооны газруудыг чөлөөлбөл нэлээд өндөр үнэлгээ гарах юм билээ. Тиймээс эдийн засгийн хөгжлийг дэмжих парк маягаар хөгжүүлэх боломжтой гэсэн төлөвлөлт байгаа юм билээ. Энэ бол дүүрэг ганцаараа шийдэх боломжгүй. Мэдээж “Зуун айл”-ыг нүүлгэчихвэл түгжрэл багасна. Гэхдээ нөгөө талдаа хүндрэл үүсэх нь гарцаагүй.

-Жилийн жилд шар усны үер, халиа тошин асуудал болдог. Өнгөрсөн жил Сэлбэ гол сүрхий хөлдөж, мөсийг нь зөөх ажлууд хийгдэж байсан байх аа. Үүнээс урьдчилан сэргийлэх ямар ажлууд хийж байна вэ?

-2023 оны долдугаар сард нийслэлд буусан үерийн үеэр ажилласан хүний хувьд нэлээд туршлага суусан гэх үү дээ. Суваг, шуудуу сэргээх ажлууд халиа, тошингоос сэргийлэх ажлыг жил болгоны 11 дүгээр сарын сүүлээс эхлээд л хийдэг. Өвлийн цагт халиа тошин гэж айхавтар асуудал бий. Одоо залгуулаад шар усны үерээс хамгаалах, халиа тошиныхоо ажлыг хийх гээд бэлтгэл ажлаа хангаад явж байна. 2023 оны үеийн дараа нийслэлийн 2024 оны төсөвт үерийн далан босгох, тохижилт бүтээн байгуулалтын ажилд хөрөнгө суулгасан. Энэ ажил ирэх зун дуусах болов уу.

-Тэр үерийн жил та дүүргийнхээ Иргэдийн төлөөлөгчөөр ажиллаж байсан бил үү?

-Тийм ээ, 2023 оны үерээр ажиллаж байсан учраас зүрхэнд орсон шүү. Гамшигт өртсөн бүсэд ажиллаж өнгөрүүлсэн тэр долоо хоногийг одоо бодоход үнэхээр хүнд дүр зураг буудаг юм. Өндөржүүлсэн бэлэн байдал зарлаад хөл хорио тавьсан байсан үе. Тэнд олон иргэний машин тэрэг, байшин барилгууд үерт автчихсан. Эд хөрөнгө, эрүүл мэнд, сэтгэл санаагаараа хохирсон иргэдийг харсан хэний ч сэтгэл өвдөнө.

-Ингэхэд та дүүргийн ИТХ-ын төлөөлөгч, орлогч даргаар ажиллаж байгаад Засаг даргаар томилогдсон хүн. Шат, шатанд нь ажиллаж байсан болохоор шийдлээ олж ажиллахад дөхөм гэж харж байна л даа. Харин шийдвэр гаргах түвшинд ажиллахаар ямар асуудлуудтай нүүр тулж байна вэ?

-Дүүргийн Засаг даргын орлогчоор ажиллаж байсны хувьд Засаг дарга болоход бодит байдал дээр харьцуулшгүй л дээ. Ерөнхий ажлуудын чиг баримжаа байгаа ч гэсэн шийдвэр гаргах түвшинд, авч байгаа ачааллын хувьд, хувь хүн талаасаа тун хариуцлага өндөртэй. Мэдээж чамгүй туршлага хуримтлуулсан. Хэрэв шинээр орж ирсэн бол адаглаад л 60 жилийн түүхтэй дүүргийн архивыг уудалж, бүх ажилтай эхнээс нь танилцах гээд цаг их алдах байсан байх. Миний хувьд дүүргийнхээ иргэдтэй ойр ажиллаж, тэдний нийгмийн асуудал, дуу хоолойг шийдвэр гаргах түвшинд хүргэж байсан болохоор ажлаа аваад ямар нэг хүндрэл үүсээгүй. Удирдах түвшинд ажил урагштай явахад нөлөөлдөг гол хүчин зүйл бол баг хамт олон байдаг. Манай дүүргийн Тамгын газрын албан хаагчид маань харьцангуй тогтвортой ажиллаж ирсэн хүмүүс. Нэг ёсондоо төрийн залгамж чанар үргэлжлээд явж байна гэсэн үг. Дүүргийн ажил амар биш. Ядаж л сүүлийн арван жилийн түүх, архиваа мэдэж байж иргэддээ үйлчилгээ үзүүлнэ шүү дээ.

About Author