Халаасандаа гар буу атгагсдыг “Нийгмийн дайсан” УСК-гоор илчилнэ
Хоёрдугаар сарын 26-нд нээлтээ хийж, бүх кино театруудаар үзэгчдийн хүртээл болох “Нийгмийн дайсан” УСК-ны тийзер цацагдлаа. Уг киногоор бидний зэрэгцээ нийгмийн амьдралыг тод томруунаар үзүүлэх юм. Өнөөгийн нийгэм, бидний өдөр тутмын амьдрал, зарим хүний хувь заяа, уналт, босолт гээд энэ бүхэн нийгмийн сүлжээтэй шууд хамааралтай болсон.
Энэ бүхнийг өгүүлэх тус кинонд онцолбол С.Ариунбямба, О.Оюун нар МУГЖ цолтойгоор анх удаагаа өргөн дэлгэцээр үзэгчидтэйгээ уулзах гэж байна. Мөн тус кинонд жүжигчин Н.Цэнд-Аюуш, Б.Батмэнд. М.Цогт, Э.Тодгэрэл, Т.Борхүү, реппер Тришна нар дүр бүтээжээ

Харин “Нийгмийн дайсан” киноны зохиолч, ерөнхий найруулагчаар Б.Гарамханд ажилласан байна.
Тэрбээр, “Бидний амьдарч байгаа нийгмийн зэрэгцээ сошиал нийгэм бий болсон. Энэ хоёр нийгэмд зэрэг амьдрах хэрэгтэй болж байна. Энэ хэрээр зарим хүмүүс хоёр дүрээр амьдарч эхэлж байна. Нийгмийн харилцаанд орохдоо нэг, сошиал руу буюу утасны цаана далд хэлбэрт орохдоо бас нэг өөр.

Сошиал нийгэм бид хүссэн дайснаа бий болгож, устгаж чадаж байна. Хүссэн буруутнаа шүүж бас болж байна. Гэхдээ яг зөв нь хаана байгаа юм бэ. Зөвийг нь хэн нотолж, гаргаж ирэх вэ. Ийм асуудлыг дэвшүүлсэн. Хүн болгонд хамааралтай сэдэв гэж бодож байгаа. Хуучин хүйтэн зэвсгээр хүний амь хороодог байв. Өөрөөр хэлбэл гар бууг сумаар цэнэглээд хүйтэн зэвсэг болдог байсан бол одоо гар утсыг датагаар цэнэглээд хүйтэн зэвсэг болгож болж байна.

Энэ хүйтэн зэвсэг хүн бүрийн халаасанд байна. Гагцхүү түнийг удирдаж байгаа хүн нь ямархуу ухамсрын түвшинтэй байна гэдэг л чухал болж. Өмнө нь сайд, ялаа хоёрыг сонингоор буюу хэвлэлээр алж болдог гэж ярьдаг байлаа. Одоо бүх хүн хэвлэл мэдээлэл болсон. Өөрсдийн сувагтай болсон. Тэгэхээр гар утас аюултай юм уу, гар буу аюултай юм уу гэдгийг кино бүтээлээрээ хөндсөн” хэмээсэн юм.