Эрчим хүчний салбарын идээ бээрийг шахах цаг
Эх сурвалж:Nnews.mn
Цахилгаан станц нь авлигатай, үр ашиггүй ажиллаад байдаг. Эцсийн дүндээ ард түмэнд ачааг нь үүрүүлж, цахилгааны үнэ нэмдэг. Эхлээд хулгайгаа багасга. Цахилгаан станцуудад бүх төрлийн хулгай байна. Ерөнхий сайд Г.Занданшатар өнгөрсөн 2025 оны арваннэгдүгээр сард ингэж мэдэгдсэн. Түүнээс өмнө ч цахилгаан станцуудад болсон эмгэнэлт дэлбэрэлт, осол, доголдол эрчим хүчний шинэ эх үүсвэр бий болгох төслүүдийг 20-30 жил гацаасан цаад эзэдтэй холбоотой. Энэ нь санаандгүй тохиолдол биш. Энэ салбарт гадна, дотнын улс төр-эдийн засгийн бүлэглэл, тэднийг удирддаг далд гарын нөлөөлөл өндөр байгааг Ерөнхий сайдын хувьд хэлсэн. Гэтэл 2026 оны гарангуут Монгол Улсын Төвийн бүс тоггүй болж, нийслэл хот харанхуйлан, хөлдөх дөхөв.
Тэгвэл аливаа юм сайн, муу хоёр талтай байдаг жишгээр эрчим хүчний салбарт тохиосон томоохон гамшиг хэд, хэдэн хулгайн хэрэг, улс орны хөгжлийн төслүүдийг гацаагчдын нэрийг тодруулаад өглөө. Улс орны зүрх судас, хөгжлийн суурь байх ёстой эрчим хүчний салбарт бугшсан хулгай луйврыг тоггүй харанхуй суусан өдрүүд гэрэлтүүлээд өглөө.
Энэ хугацаанд цахилгааны төлбөрийг нэмж, 560 орчим тэрбум төгрөг олсон ч шинэчлэл хийгээгүй, 10 аймагт дулаан цахилгаан станц барих 110 сая ам.долларын санхүүжилт үр ашиггүй болсон зэрэг томоохон хулгайн хэргүүд ил болсон. Мөн цахилгаан станцын шинэ эх үүсвэрийн төслүүдийг гацаасан улстөрчид бие биенээ зааж нэрлэсэн. Хулгайч хамгийн түрүүнд “Хулгайчийг бариарай” гэж чангаар хашхирдаг гэдэгчлэн Монгол Улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Эрчим хүчний яамныг толгойлж байсан улстөрчид сүүлийн 30 гаруй жилд ямар, ямар төсөл гацааснаа олон нийтийн сүлжээнд ээлж дараалан илчлэх болов.
Зарим нь хэвлэлээр эрчим хүчний системийн дампуурлын хөрсийг өнгөрсөн 30 жилд хэрхэн бэлдсэнээ уралдан ярьцгаах маягтай. Энэ дашрамд, Монголын нийгэм эрчим хүчний салбарт хулгай нүүрлэснийг хаа хаанаа хүлээн зөвшөөрөв. Хулгайг дагасан хардлагууд газар авч, хувийн хэвшлийн төслүүдийг хүлээн зөвшөөрүүлэхийн тулд улс чанартай цахилгаан станцын ажлуудыг гацаасан. Хувийн хэвшлийн станцуудыг зохион байгуулалттайгаар магтан сайшааж, 20-25 жил өндөр ашиг хүртэхийг урьтал болгон, цахилгааны төлбөрийг нэмсэн гэдгийг эрчим хүчний салбарын инженерүүд ил цагаан хэлэх болов.
Эхэнд хэлсэнчлэн Монгол Улсын Ерөнхий сайдын хувьд ч ийм мэдээлэлтэй байгаа гэдгээ нуугаагүй. Шалгаж эцэслэх үүргийг хууль хяналтын байгууллагынханд өгсөн улс төрийн манлайлал мэт. Гэвч өнөөдөр хэдхэн хүнийг барьж хориод эрчим хүчний системийн хэмжээнд бугшсан хулгай арилахгүй. Харин хулгай хийх боломжийг нь хязгаарлах хэрэгтэй. Жишээ нь, нүүрс, төмөр замын адил эрчим хүчний салбарын гэрээнүүдийг ил болгох хэрэгтэй. Ил болсон мэдээллүүд дундаас төр, хувийн хэвшлийн цахилгаан станцууд хямралын үед тос, усаараа ялгарч байгаа шиг улс оронд нийгэм-эдийн засагт асар их хохирол учруулж буй хулгайн гэрээнүүд тодроод ирнэ. Тэр цагт цахилгааны хомстолоор далимдуулан нийтийг хүлцэнгүй болгосон эрчим хүчний төслүүд тодроод ирнэ. Ингэж энэ салбар дахь хулгайг нэг мөр цэцэглэхгүйгээр нэг удаа 30 хоногийн үүрэг өгөөд нэмэргүй.
ХОМСТОЛООС ХҮЛЦЭНГҮЙ ХҮРТЭЛ
Цахилгаан тасрав. Хэд хэдэн үйлдвэрийн техник, тоног төхөөрөмж шатжээ. Үйлдвэрлэл зогсов. Төхөөрөмжийн засварын зардлаас эхлээд компани олох орлогоо алдсан. Дэлгүүрийн лангуун дээр байрлуулах ёстой байсан бараа бүтээгдэхүүн тасалджээ. Эрчим хүчний системийн доголдол ийнхүү зах зээлийн гинжин хэлхээг эвдэв.
Гадаадын томоохон хөрөнгө оруулагч Монголд үйлдвэр байгуулахаар судлав. Гэтэл “эрчим хүчний эх үүсвэрийн хувьд эрсдэлтэй” хэмээн төслөө зогсоолоо. Үйлдвэрээ бариад ашигтай ажиллахаар байсан. Гэвч эрчим хүчний эрсдэл бодитоор нүүрлэх онцгой нөхцөл гэж үзэн буцав. Энэ бол улс орон даяар тохиосон гамшгийн нэгээхэн хэсэг. Улс орны аюулгүй байдлын том суурь эрчим хүч салбар олон жил ийм үлгэн салган байдалтай явж ирсэн. Сүүлийн арав хүрэхгүй жилд улсын тал нь тоггүй болж, нийслэл хот хөлдөх шахсан гамшгийн давтамж ойртлоо. Эрчим хүчний дутагдал төр, нийгэм, эдийн засгийн үйл явцыг доголдуулах хүртэл улс үндэсний аюулгүй байдалд маш ноцтой нөлөөлж эхлэв.
Харамсалтай нь, өнгөрсөн долоо хоногийн адил өнөөдөр өөр нэг станц дэлбэрч мэдэх эргэлзээтэй ирээдүй биднийг хүлээж байна. Өнөөдөр ч Монголын зүрх болсон цахилгаан станцууд аваарын байдалтай ажиллаж байгаа. Яг одоо танай гэрт цахилгаан тасарч болзошгүйг мартаж болохгүй гэсэн үг. Энэ нь иргэдийн хийж боломж, улс орны ирээдүйн хөгжлийг боомилж байна.
Нийгмийн уур амьсгалын үед “V дулааны цахилгаан станц”, “Баянгийн цахилгаан станц”, “Тавантолгойн станц”, магадгүй “Энгийн голын усан станц”, бүр “Атомын цахилгаан станц” гэсэн төслүүд гоё сонсогдох нь дамжиггүй. Цөхөрсөн хүлцэнгүй нийгмээр хөрсийг нь бэлдсэн цагт төслөө эхлүүлэх нь улс үндэстнийг аврагч баатар мэт харагдаж магадгүй юм. Гэхдээ эрчим хүчний салбарын алдаа завхарлыг засаж, хулгайн хэргүүдийг давтахгүйн тулд шинэ станцын төслөө анхнаас нь ил тод, нээлттэй явуулах хэрэгтэй. Жишээ нь, хамгийн эргэлзээ төрүүлж буй Бөөрөлжүүт, Баян, Дулааны V станцын гэрээнүүдийг ил болго.