ГАМШГААС ХАМГААЛАХ ИЖ БҮРЭН СУРГУУЛИЛТЫН ХҮРЭЭНД “ХЭЭРИЙН ЭМНЭЛЭГ” ДЭЛГЭЛЭЭ
Монгол Улс даяар гамшгаас хамгаалах стратегийн команд штабын сургуулилт хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Тус сургуулилтын хүрээнд Сонгинохайрхан дүүргийн цахилгаан тээврийн хашаанд Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэг, Сонгинохайрхан нэгдсэн эмнэлэг, дүүргийн Эрүүл мэндийн төв, Онцгой байдлын ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газар хамтран хээрийн эмнэлэг дэлгэн эмнэлгийн тусламж үйлчилгээг тасралтгүй явуулах, газар хөдлөлтийн дараах бэртэж, гэмтсэн иргэдэд хэрхэн тусламж үйлчилгээ үзүүлэх талаар дадлага, сургуулилтыг явууллаа.
Энэхүү үйл ажиллагаанд тус эмнэлгүүдийн нийт 80 гаруй эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд оролцсон бөгөөд хүлээн авах эрэмбэлэн ялгах бүлэг, эрчимт эмчилгээний тасаг, эмчилгээний тасаг, халдвартын тасаг, эмэгтэйчүүдийн тасаг, гэмтэл мэс заслын тасаг, лаборатори, хөдөлгөөнт эмийн сан, хүүхдийн тасаг, ариутгал, техник хангамж, нөөц ор дэлгэх хэсэг зэрэг нэгжүүдээс бүрдсэн хээрийн эмнэлэг дэлгэн гамшгийн үед эрүүл мэндийн тусламж үйлчилгээг үзүүлэх сургуулилтыг зохион байгуулсан юм.
Өнөөдөр бид улсын хэмжээний томоохон команд штабын сургуулилтыг дүүрэг дээрээ зохион байгуулж байна. Энэ удаагийн сургуулилтаар болзошгүй гамшигт хэр бэлэн байдалтай байгаа вэ гэдгээ шалгаж, байгууллага хороодын уялдаа холбоо, гамшигтай тэмцэх чадвар бэлэн байдлаа өнөөдөр туршиж, шалгаж байна.
Газар хөдлөлтийн давтамж ихэссэн аюулт үзэгдэл болж болзошгүй энэ үед ямар арга хэмжээ богино хугацаанд авч хохирол багатай даван туулах, цаашид бидэнд хэрэгцээ шаардлагатай зүйлсээ олж харах, түүнийг тодотгох шаардлага гарч байна. Та бүхэнд амжилт хүсье.