Дүүжин замын тээврийн хоёрдугаар шугамын санхүүжилтийн асуудлаар ОУСК-тай хамтран ажиллах санал солилцлоо

698453abe337fe7967a3115a

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар Олон Улсын Санхүүгийн корпорацийн Суурин төлөөлөгч Матье Ле Блан тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Уулзалтын үеэр Улаанбаатар хотод хэрэгжүүлж байгаа Дүүжин замын тээвэр төслийн хоёрдугаар шугамыг барих санхүүжилтийн асуудлаар санал солилцлоо.

Уулзалтын эхэнд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар Улаанбаатар хотоос авто замын түгжрэл, нийтийн тээврийн хүртээмж, агаарын бохирдлыг шийдэх үр ашигтай төслүүдэд ач холбогдол өгч ажиллаж байгааг онцлохын зэрэгцээ Улаанбаатар хотод хэрэгжүүлж байгаа Дүүжин замын тээвэр төслийн талаар мэдээлэл өглөө.

Дүүжин замын тээвэр төслийн нэгдүгээр шугамыг Яармаг, Арцат-Өнөр хороолол чиглэлд барьж байгаа бөгөөд нийт ажлын явц 60 гаруй хувьтай байна. Тэгвэл Дүүжин замын тээвэр төслийн хоёрдугаар шугамыг “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн-Үндэсний соёл амралтын хүрээлэн” чиглэлд 2.7 км урттай, гурван зогсоолтойгоор төлөвлөсөн. Төслийг олон улсын аюулгүй байдал, техникийн стандарт, байгаль орчин, нийгмийн нөлөөллийн шаардлагыг онцгой анхаарч хэрэгжүүлж байгааг онцоллоо.

Олон Улсын Санхүүгийн корпорацийн Суурин төлөөлөгч Матье Ле Блан Дүүжин замын тээвэр төсөл төдийгүй Улаанбаатар хотын санхүүгийн удирдлага, зээлийн чадавхыг бэхжүүлэх, дэд бүтцийн төслүүдэд хамтран ажиллах талаар санал бодлоо илэрхийллээ. 

Улаанбаатар хотын хувьд Дүүжин замын тээвэр нь гэр хороолол болон хотын төвийг холбох, өндөр ачаалалтай чиглэлүүдийн нийтийн тээврийн дарамтыг бууруулах, иргэдийн зорчих хугацааг мэдэгдэхүйц багасгах, хотын агаарын бохирдлыг бууруулахад бодитой хувь нэмэр оруулах ач холбогдолтой төсөл юм.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

About Author