АМЬТНЫ ТУХАЙ ХУУЛИЙН 35.1-Д ЗААСНЫ ДАГУУ АХУЙН ЗОРИУЛАЛТААР ТАРВАГА АГНАХ ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОЖ БОЛНО

0

✅Цахим сүлжээнд явж буй 4500 тарвага агнах зөвшөөрлийг Ховд аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газраас ирүүлсэн 2022 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 96 тоот албан бичгээр ирүүлсэн хүсэлтийн дагуу судалж, сүргийн бүтэц болон тоо толгойг зохицуулах зорилгоор 2022 оны 08 дугаар сарын 15-нд А/299 дугаар тушаалаар Ховд аймагт 1500, Баян-Өлгий аймагт 3000 тарвага агнуулах тушаал гаргасан. Гэвч Ховд аймгийн Жаргалант, Цэцэг суманд тарвага тахал өвчин дэгдэж, Баян-Өлгий, Говь-Алтай аймгуудад сэжигтэй тохиолдол илэрсэн тул 2022 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн А/391 дүгээр тушаалаар “АХУЙН ЗОРИУЛАЛТААР ТАРВАГА АГНАХЫГ ТҮР ХОРИГЛОХ ТУХАЙ” тушаал гарсан юм. Өөрөөр хэлбэл уг тушаалын дагуу тарвага агнаагүй болно.

БОАЖЯ ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН БАЙГУУЛЛАГАД МЭДЭЭЛЛЭЭ ИЛ ТОД НЭЭЛТТЭЙ ӨГЧ АЖИЛЛАЖ БАЙНА

✅Тодруулбал Ховд аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газраас ахуйн зориулалтаар амьтан агнах барих эрхийн бичгийг сумуудад хүргүүлсэн байсныг аймгийн Онцгой байдлын газартай хамтран шуурхай ажиллаж буцаан авсан.

📌Хуулийн талаас тайлбарлавал:
✅Амьтны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1 –д “Төрийн захиргааны төв байгууллага тухайн жилд үйлдвэрлэлийн болон ахуйн зориулалтаар агнах, барих агнуурын амьтны тоо хэмжээний дээд хязгаарыг, энэ хуулийн 5.3.2, 5.8.1-д заасан агнуурын амьтны нөөц, хэрэгцээг харгалзан аймаг, нийслэл тус бүрээр тогтооно”.
✅29.2.3-д “нутаг дэвсгэрт агнуурын амьтны сүргийн бүтцийг зохицуулах, халдварт өвчний голомтыг эрүүлжүүлэх зорилгоор.” агнуурын амьтныг агнах зөвшөөрөл олгоно. Мөн хуулийн 35.1-д Байгалийн тэнцлийг хангах, хүн амын эрүүл мэнд, аюулгүй байдлыг хамгаалах, халдварт өвчний голомтыг эрүүлжүүлэх болон мал, гэрийн тэжээвэр амьтанд өвчин халдварлах, иргэн, хуулийн этгээдэд хохирол учруулахаас сэрэмжлэх зорилгоор зарим амьтны тоо толгойг зохицуулах арга хэмжээ авч болно” гэж заасны дагуу шийдвэр гаргасан болно.

✅Тарваганы тоо толгой олширсон үед халдварт өвчний гаралт ихэсдэг тул сийрэгжүүлэх зорилгоор агнах зайлшгүй шаардлагатай гэж эрдэмтэд үздэг. 2023 онд Улаанбаатар хот болон Архангай, Баянхонгор,Увс, Хэнтий, Баян-Өлгий, Говь-Алтай, Дундговь, Завхан, Өвөрхангай, Өмнөговь, Ховд, Хөвсгөл, аймагт мал амьтнаас хүнд халдварладаг халдварт өвчний байгалийн голомтын эпизоотын идэвх, хил хязгаар, төлөв байдлын тандалт, судалгаа шинжилгээ хийх зориулалтаар “Зооноз өвчин судлалын Үндэсний төв”-д 2997 мэрэгч амьтдыг шинжлэх ухааны зорилгоор агнаж, дээж материал цуглуулах зөвшөөрлийг холбогдох хуулийн дагуу олгосон болно.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *