МЦНХ-ны идэвхтэн гишүүдтэй сургалт зохион байгууллаа

628031056_1206008215027521_4298983660190305493_n

Монгол цэргийн нэгдсэн холбооны байранд (2026.02.04) төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын ахмадын хороодын дарга, орлогч нар болон МЦНХ-ны идэвхтэн гишүүдтэй сургалт зохион байгууллаа.

МЦНХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Тогоо сургалтын ажиллагааг нээж МЦНХ-ны эрхэм зорилгыг хэрэгжүүлэхэд хамтран ажиллаж байгаад талархал илэрхийлээд, сургалтын зорилго, ач холбогдлыг онцлон тэмдэглэв.

Сургалтаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн бодлого, үйл ажиллагаа, санаачлан хэрэгжүүлж байгаа үндэсний хөтөлбөр, хөдөлгөөнүүдийн хүрээнд хийгдэж буй ажлууд, хүрсэн үр дүн, энэ чиглэлээр МЦНХ-ноос 2025 онд хэрэгжүүлсэн ажил, 2026 онд төлөвлөсөн арга хэмжээнүүд, МЦНХ-ны үйл ажиллагааг нийгэмд сурталчлах ажлыг эрчимжүүлэх талаар хэлэлцэв.

Сургалтад Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх Э.Одбаяр “Гадаад хамтын ажиллагаа – Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлын үндэс болох нь” сэдвээр, ЕТГ-ын Хүнсний төсөл, хөтөлбөрийн албаны дарга О.Нямсүрэн “Хүнсний аюулгүй байдал – Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын салшгүй хэсэг болох нь” сэдвээр, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Ойн газрын дарга Б.Оюунсанаа “Тэр бум мод үндэсний хөдөлгөөний хэрэгжилт, үр дүн” сэдвээр тус тус лекц уншиж, сургалтад оролцогчидтой чөлөөт ярилцлага өрнүүлэв.

Сургалтад оролцсон бүрэлдэхүүн Монгол Улсын гадаад хамтын ажиллагаа, хүрсэн үр дүн, түүнчлэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлан хэрэгжүүлж байгаа “Тэрбум мод”, “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөн, “Ерөнхийлөгчийн Илгээлт-2100” тэтгэлэгт хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлж байгаа ажлуудад сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлэхийн зэрэгцээ хүнсний бүтээгдэхүүний чанар, эрүүл ахуйн стандарт шаардлагад тавих хяналтын тогтолцоог сэргээх зэрэг олон чухал санаануудыг дэвшүүлж тавилаа.

About Author