АН-ын лидерүүдийн толхилцол Ц.Элбэгдорж, Х.Баттулгын эчнээ тэмцлийн илрэл үү

492249b3db7e3bf2cfd56449b388f0ac

Эх сурвалж: ZUV.MN

Ардчилсан намын нөлөө бүхий гишүүд болох Н.Алтанхуяг, С.Баярцогт, З.Энхболд, Л.Гантөмөр ээлж дараалан ярилцлагын нэвтрүүлэгт орж, тэр бүртээ нэг, нэгэн рүүгээ ил дайрсан, далд дамшигласан үгс чулуудсан нь олны анхаарлыг татлаа. Зарим нэг нь “Ардчилсан нам Ерөнхийлөгчийн сонгуулийн пи ар буюу дотоод сунгаагаа арай эрт эхлүүллээ” гэх нь ч байна. Гэхдээ, тэгэхээс өөр аргагүй нэг нөхцөл байгаа нь дөнгөж эхэлж буй дотоод шинэчлэл юм.

Эрх баригч, сөрөг хүчинд явагдах даргын сонгууль МАН-ын хувьд Л.Оюун-Эрдэнийг, АН-ын хувьд Х.Баттулгын нөлөөг үгүй хийх эцсийн зорилготой байна гэж хэвлэлүүд өмнө нь бичиж байсан. Өөрөөр хэлбэл, Л.Оюун-Эрдэнэ, Х.Баттулга гэсэн МАНАН-г У.Хүрэлсүх, Ц.Элбэгдорж гэсэн өөр нэг МАНАН үлдэн хөөх үйл явц гэж.

МАН-ын дотор энэ ажил оны өмнө өрнөөд дууссан. Шүүмжилж, дамшиглах нь битгий хэл орон шоронд хийх дээрээ тулсан айхтар “зодоон” болсныг монголчууд мартаагүй байх. Арай доод түвшинд одоо ч үргэлжилж байгаа ч лидерүүд нь нэг талдаа гарсан учир анзаарагдахгүй байгаа юм. Ерөнхийлөгчид нэр дэвшүүлэх кандидат ч бараг тодорхой, Г.Занданшатар, Ж.Энхбаяр гэсхийгээд зогсоно. 

Харин Ардчилсан намын хувьд энэ тэмцэл дуусаагүй. Лидерүүдийнх нь толхилцол үүнтэй шууд холбоотой. Тодруулбал, Ц.Элбэгдоржийн төлөөлөл С.Баярцогт, С.Баярцогт У.Хүрэлсүх нарын дундын хувилбар О.Цогтгэрэл нар Х.Баттулгатай ойр, дэмжлэгийг нь авч байсан хүмүүсийн хооронд дотоод тэмцэл өрнөж байгаагийн илрэл нь С.Баярцогт, З.Энхболд, Л.Гантөмөр нарын толхилцол болж байна. Шинэчлэлийн дараа нэг нгам хэвээр үлдэж чадах уу гэдэг асуудал ч үнэхээр сонирхолтой.

С.Баярцогт ярилцлага өгөхдөө нэг намын Л.Гантөмөр рүү илт дайрч Г.Занданшатарын Засгийн газрыг бараг шүүмжлээгүй. Харин Л.Гантөмөр хатуу үгийг хайр найргүй шидэж байсан. Л.Гантөмөр, С.Баярцогт нар даргын төлөө өрсөлдсөн буюу одоо байгаа ҮБХ-ны гишүүдийг Дээд шүүх буюу үндсэндээ МАН бүрдүүлсэн. Одоо шинэ ҮБХ бүрдэх гэж байгаа гээд анзаарах өнцгүүд байна.

Ардчилсан нам, дарга О.Цогтгэрэл нь зорилгоо дараалсан ялалт гэж тодорхойлоод зүтгэж байгаагийн хувьд Ерөнхийлөгчийн сонгууль онцгой ач холбогдолтой нь үнэн. Гэхдээ хэнийг нэр дэвшүүлэх вэ гэдэг асуудлыг шийдэх гишүүдийн бүртгэл, дотоод сонгуулиуд, түүнээс шууд хамаарч бүрдэх Их хурал, мөн л шинээр бүрдэх ҮБХ шийдэх учраас нөхдүүдийн толхилцол 2027 оны сонгууль гэхээсээ илүү дотооддоо чиглэсэн гэж хэлэх гээд байна.

Эцэст нь, одоо өрнөж байгаа дотоод шинэчлэл, фракцуудын эрх мэдлийн шинэ хууваарилалтад 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуульд ялах кандидат дэвшүүлж чадах эсэх асуудал үнэхээр жин дарж байгаа учраас л нөхдүүд ил гарч байгаа болов уу.

About Author