Улсын хошой аварга малчин О.Баттөмөр: Малаа сэтгэл гаргаад маллавал хэзээ нэгэн цагт буян хишиг нь ирдэг

image (9)

Эх сурвалж: Өдрийн сонин

Энэ онд Улсын хошой аварга малчин болсон Булган аймгийн Хишиг-Өндөр сумын “Хүрэмт” багийн малчин О.Баттөмөртэй ярилцлаа.


-Юуны өмнө Улсын хошой аварга малчин болсонд баяр хүргэе. Хэдэн жил мал маллаж байна вэ?

-Баярлалаа. Би 2002 оноос эхлээд өдийг хүртэл мал маллаж байна. Манайх 2015 онд Аймгийн аварга малчин8 2019 онд Улсын аварга малчин цолыг хүртэж байсан. Энэ жил Улсын хошой аварга малчин цол хүртлээ. Манайхан гурван үеэрээ малчин удамтай. Анх айл гэр болохдоо 300 орчим толгой малтай байлаа. Тэрийгээ өдийг хүртэл өсгөж үржүүлээд, амьдралдаа зарцуулаад явж байна даа.

-Малаа хэдэн төрлөөр нь өсгөж үржүүлдэг вэ. Энэ жил танайх хэдэн мал тоолуулав?

-Манайх малаа дөрвөн төрлөөр нь өсгөж үржүүлдэг. Үхэр, адуу хонь, ямаа бий. 2019 онд Улсын аварга малчин болох үед 3000 орчим мал тоолуулсан.

Энэ жилийн тухайд 3952 мал тоолууллаа. Үхэр, адуу нь 800 орчим, бог мал нь 3000 гаруйг тоолуулсан.

-Тэгэхээр танайх туслах малчин авч, малжуулдаг байх нь ээ?

-Тийм. Хавар мал төллөлтийн үеэр 4-5 туслах малчин авдаг. 1-2 сар орчим мал ахуйн ажилд тусалж байгаад, хөлсөндөө зарим нь мал аваад, зарим нь бэлэн мөнгө аваад явдаг.

-Энэ жил танай нутгаар өвөлжөө ямархуу байв?

-Энэ жилийн хувьд цас гайгүй байлаа. Гэхдээ цас их унадаг газраа цастай байсан. Ер нь манай аймагт өнтэй өвөл боллоо. Манайх Гурванбулаг, Хишиг-Өндөр хоёр сумын заагаар нутагладаг. Говь, хангай хоёрын яг дунд байдаг. Манайхаас урагшаа Гурванбулаг руугаа залгаад “говь” гэж ярьдаг. Харин манайхаас хойшоо тэр чигтээ модтой, хөвч газар байдаг. Өвөлжөө маань Өлийн давааны урд, харин хаваржаа ардаа байдаг юм. Одоо хаваржаандаа буугаад 6-7 хонож байна.

-Танай нутаг айргаараа алдартай шүү дээ. Танайх малынхаа ашиг шимээс зарж борлуулдаг уу?

-Манайх зуны гурван сар гүүгээ уядаг юм. Гүүгээ уяхдаа олноор нь биш, ганц, хоёр азаргаар нь уядаг. 14 хоногоор нь сэлгээд, өөр азарга адуу оруулж ирээд уядаг. Зундаа зургадугаар сарын 20-ны үеэс эхлээд, намар аравдугаар сар гартал тасралтгүй уяна. Мөн үнээгээ саана. Үнээнийхээ сүүг борлуулдаггүй. Өөрсдөө хэрэглээд таардаг юм. Харин айргаа борлуулдаг. Айргаа хот руу юм уу, зам дагуу зардаг. Ер нь урьд өдөр нь саасан саам маргааш өдөртөө зарагдаад дуусчихдаг юм.

-Та түрүүн гурван үеэрээ мал маллаж байгаа гэсэн. Энэ талаараа ярихгүй юу?

-Манай аавын аав маань Сүрэн-Очир гэж хүн байсан. 1940-өөд онд мал маллаж байсан хүн. Харин аав маань 1970-аад оноос эхлээд мал малласан хүн бий. Монгол Улсын Аварга малчин н.Отгондаваа гэж хүн байдаг юм. Аав, өвөөгийнхөө мал маллах ухааныг залгамжлаад өдийг хүртэл явж байгаадаа бахдалтай сайхан байдаг. Мэдээж манай эхнэр бид хоёр айл гэр болоод 26 жил энэ бүх ажлыг бүгдийг нь хамтдаа хийгээд явж байгаа.

-Сүүлийн үед залуус хөдөө гарч амьдрах нь багассан шүү дээ. Танай суманд ямар байна вэ?

-Хөдөө гарч байгаа залуус байгаа хэдий ч тоо нь цөөн байна. Мал ахуйгаа гэсэн сэтгэлтэй залуус тоотой хэдхэн л бий. Ер нь залуус ихэвчлэн төв суурин газар л бараадаж байна даа.

-Өдийг хүртэл мал дагаж яваагийнх таны өөрийн мал маллах арга ухаан гэвэл юу хэлэх вэ?

-Малаа би өөрөө багцаалдаад харна. Мэдээж тарга тэвээрэг сайн байлгахын тулд өвс ногоотой газар луу бэлчээрлүүлнэ. Хүйтэн байвал энгэр бараадуулж, салхи шуургатай бол нөмөр бараадуулаад хариулчихна. Өдөр өдөртөө байгальтайгаа зохицуулаад, цаг агаараа сонсож байгаад хариулна даа. Ер нь малаа сэтгэл гаргаад маллавал хэзээ нэгэн цагт буян хишиг нь ирдэг гэдэгт итгэдэг. Мөн хувь хүн талаасаа уйгагүй хөдөлмөрлөх хэрэгтэй. Хонь малаа зүгээр нэг тийш нь туучихаад, хааяа мотоциклоор цаагуур нь орсон болчихоод ирдэг байж болохгүй. Би хониндоо дандаа мориор явдаг. Манай нутагладаг газар уулархаг болохоор

мотоциклоор малдаа явах нь ховор. Хааяа унана л даа. Гэхдээ ихэнхдээ малдаа мориороо явдаг.

-Мах, сүүнээс гадна малаас гарч байгаа түүхий эдийн үнэлгээ буурсан. Үүн дээр та юу хэлэх вэ?

-Малын махны үнэ сайхан давгүй байна. Харин малын арьс ширийг л үнэтэй болгомоор байна. Ялангуяа хонины нэхий, үхрийн арьсыг үнэлдэг болмоор байна. Ямааны арьс угаасаа үнэтэй байдаг. Саяхан ченжээс асуухад, 80-85 мянган төгрөгийн үнэтэй байна гэж ярьсан. Харин хонины арьс үнэгүй учраас энд тэндгүй хог шиг хаягдаж байна. Үүн дээр л анхаарах ёстой юм шиг санагддаг.

-Малын өвчин тахал танай нутгаар ямар байдаг вэ. Та малаа тарилга, туулгалтад нь хамруулдаг уу?

-Би хонь малаа тарилга туулгалтад сүүлийн үед байнгын хамруулж байгаа. Малын мэдэх, мэдэхгүй өвчин янз янзаараа гарч ирж байна. Тарилга туулгалтаас нь хоцорчихвол болохгүй гэж бодоод байнга л малынхаа эмчтэй холбогдоод тариулдаг. Урьдаас холбогдож байгаад, хашаа хороогоо бэлдээд тарилга, туулгалтаа хийлгэчихдэг юм. Ингээд хамгийн сүүлд нь өвөлжөө, хаваржаагаа ариутгуулдаг. Халдварт өвчнөөс сайн сэргийлэхгүй бол нэг голын айлаас нэг нь л халдвар авбал тэр хавийн айлын мал бэлчээр нэгтэй учраас бүгд өвчилнө шүү дээ. Хариулгаас гадна энэ тал дээр миний хувьд их анхаардаг даа.

About Author