Д.Амарбаясгалан: Шүүр ажиллагааны хүрээнд 27 албан тушаалтанд сахилгын арга хэмжээ авсан
“Шинэ сэргэлтийн бодлого – анхан шат 2023” зөвлөгөөн үргэлжилж байна. ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан Алсын хараа 2050–Урт хугацааны хөгжлийн бодлого дахь Засаглал сайжруулах зорилгыг хэрхэн биелүүлж байгаа талаар илтгэл мэдээлэл танилцуулав.
Засаглал сайжруулах зорилгод Ухаалаг засаглал, Ухаалаг бүтэц, Цахим Монгол, Чадварлаг ёс зүйтэй төрийн алба, Хүний эрхийг дээдэлсэн нийгэм, Авлигагүй засаглал зэрэг таван зорилт дэвшүүлсэн байдаг.
УХААЛАГ ЗАСАГЛАЛЫН хүрээнд яг одоо улс төрийн тогтолцооны багц шинэчлэлийг хийж байна. ҮХӨ-ийг баталж, түүнийг дагасан хуулиудад өөрчлөлт оруулахаар хэлэлцэж байна. Эрх мэдлийн төвлөрлийг бууруулж, бодлогын парламент болох эхлэлийг тавилаа гэдгийг ЗГХЭГ-ын дарга онцлов.
Тэгвэл УХААЛАГ БҮТЦИЙН хүрээнд төр бизнесийнхэнтэй өрсөлддөг бус дэмждэг байх бодлогыг баримталж байна. Шаардлагагүй ажил үйлчилгээг хувийн хэвшилд шилжүүлж, ТӨК-иудын шинэчлэлийг эхлүүлсэн. Төрийн байгууллагын процессын дахин инженерчлэлийг хийж, үүний үр дүнд иргэд чанартай үйлчилгээ авч, төрийн албан хаагчид сэтгэл ханамжтай ажиллахад чиглэгдэх аж.
ЦАХИМ МОНГОЛ зорилтын хүрээнд И-Монголиа системээр төрийн 82 байгууллагын 1000 гаруй үйлчилгээг үзүүлж эхэлжээ. Удахгүй “Цахим аймаг” хөтөлбөрийг хэрэгжүүлнэ гэдгийг тодотголоо. Орон нутагт тулгамдсан асуудлыг шуурхай шийдвэрлэн төрийн үйлчилгээний чанарыг нэмэгдүүлэх замаар иргэдийн амьдралын чанар, хэв маягийг өөрчлөх зорилготой уг зорилтод бүх шатны Засаг дарга нар идэвхтэй оролцох шаардлагатайг онцлов.
ЧАДВАРЛАГ, ЁС ЗҮЙТЭЙ ТӨРИЙН АЛБА зорилгын хүрээнд орон нутагт ажиллаж байгаа Төрийн захиргаанны албан хаагчдын цалинг 20-100 хувь нэмэхээр болсон. Ингэж байж чанартай үйлчилгээ, ёс зүйг шаардах боломжтой юм. Нөгөө талд улс төрд нөлөө бүхий хүний хамаарал бүхий этгээд төрийн албаны удирдах албан тушаад эрхлэхгүй байх, аливаа сан, тендерт оролцохгүй байх зэрэг хуулийн заалтуудыг тусгахаар ажиллаж байгааг мэдэгдлээ.
ХҮНИЙ ЭРХИЙГ ДЭЭДЭЛСЭН НИЙГЭМ зорилтын хүрээнд Хүний эрхийг хангах Үндэсний хороог байгуулж, хүний эрхийг хангах 2023-2027 оны төлөвлөгөөг баталжээ. Анх удаа Хүний эрхийн үндэсний индексийг боловсруулж байгааг зарлалаа.
АВЛИГАГҮЙ ЗАСАГЛАЛЫН хүрээнд ЗГ-аас 5Ш хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэн. Шүүр ажиллагаа гэхэд төрийн албан дахь хууль бус томилгооны эсрэг ажиллаж одоогоор 1421 мэдэгдэл хүргүүлж, 481 хүнийг ажлаас чөлөөлж, 27 албан тушаалтанд сахилгын арга хэмжээ аваад байгаа талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан мэдэгдлээ.