Ц.Элбэгдорж: Эпштейнтэй НҮБ-ын хурлын үеэр таарснаас өөрөөр нүүр тулаагүй
Эх сурвалж: ZUV.MN
АНУ-ын санхүүч, гаж донтон, хүн худалдаалах гэмт хэрэгтэн Жеффри Эпштейн нь 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд АН-аас нэр дэвшигч Х.Баттулгад ямар нэгэн байдлаар дэмжлэг үзүүлсэн байж болзошгүй баримт гарч ирсэн талаар бид өмнө нь мэдээлсэн. Харин УИХ-ын гишүүн Х.Баттулга тус мэдээллийг эрс үгүйсгэсэн байдаг.
Тэгвэл Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж Жеффри Эпштейнтэй уулзаж буй зургийнхаа талаар дараах тайлбарыг хийжээ.
Тэрбээр,
1. Эпштейн нарын Монгол агент намайг “тэрслэгч” гэж бичсэнийг харсан. “ЖЭ”-ний муу үйлдэлд миний байр суурь маш тодорхой. Шүгэл үлээгч, хохирогчдын эрх ашгийг хамгаалах. Тэр муухай сүлжээний бүх баримтыг ил болгох. Хууль зөрчсөн хэнтэй ч бай хариуцлага тооцож, дахиж үл давтах.
2. Хүүхдүүд бүгд сайн байгаа. Тэд ийм асуудалд ямар ч хамаагүй. Бүгд тусдаа ажил амьдралтай. Хэний ч үрс адилхан, хэл амнаас хол байсан нь дээр. Арай дэндүү гүтгэх юм. Надаас зарим нь юунд ингэтлээ айдаг байнаа. Сэдвийн хомсдолд ороод сандрав уу!
3. Нуух юм юу ч байхгүй ээ. Хувийн зүйл ярихаас аль болох зайлсхийж явдаг. НҮБ-ын Ерөнхий Ассамблейн үеэр янз бүрийн хүрээнд олон арга хэмжээ, зоог, хүлээн авалт болно. Тэгж л албаны хэдэн үг сольсноос өөрөөр нүүр тулаагүй” гэжээ.
