ТӨСВИЙН ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХЫГ ДЭМЖИВ

0

17 : 25

2023-6-9

СВОП ХЭЛЦЛИЙН ЕРӨНХИЙ ГЭРЭЭГ СУНГАХ АЖИЛ ТЕХНИКИЙН ШАТАНД АМЖИЛТТАЙ ЯВАГДАЖ БАЙНА

2023 оны Төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг хоёр дахь хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр ТБХ-д шилжүүллээ.

УИХ-ЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР:

-Гадаад дотоод эдийн засгийн тааламжтай нөхцөл байдал цаашдын эдийн засгийн өсөлтийг нэмэгдүүлж байна. Зах зээлд ч гэсэн зөв сигнал өгөх нь зүйтэй. Эхний таван сарын байдлаар инфляц 11.3 хувьтай гарсан. Өмнөх сараас өссөн нь дийлэнх нь махны үнийн өсөлт эзэлж байна. Махны үнэ захуудад кг тутамд хонь 16.800 төгрөг, үхэр 22.200 төгрөг хүрсэн байна. Махны үнийн өсөлтийн эсрэг зохицуулалт авах нь зүйтэй. Төлбөрийн тэнцэл дөрөвдүгээр сарын урьдчилсан гүйцэтгэлээр 286.1 сая ам.долларын ашигтай гарсан. Энэ хэмжээгээр валютын нөөц 3.8 тэрбум ам.доллар давсан ашигтай гарч байна. Зэсийн үнэ эхний дөрвөн сарын дунджаар 8.9 ам.доллар алтны үнэ 1917 ам.доллар болж 2023 оны төсөвт төсөөлснөөс өндөр гүйцэтгэлтэй явж байгаа. Гэхдээ түүхий эдийн үнэ ханш цаашдаа буурах чиглэлтэй. Энэ бүхнийг харгалзан үзэх шаардлагатай. Сайн мэдээ нь гэвэл Монголбанк Хятадын ардын банк хооронд байгуулсан своп хэлцлийн ерөнхий гэрээг сунгах ажил техникийн шатанд амжилттай явагдаж байна. Үндсэндээ 2011 онд байгуулагдсан гэрээгээр хоёр улсын эдийн засаг, гадаад худалдаа төлбөр тооцоог дэмжихэд зохих үр дүнгээ өгсөн. Тиймээс своп хэлцлийн санхүүжилтийн тал дээр хөнгөвчлөх ажлыг зохион байгуулж байна. Уг гэрээний хугацааг дахин гурван жилээр сунгаснаар богино хугацаанд гадаад өрийн дарамт буурч гадаад валютын нөөцийн түвшин хадгалагдаж гадаад валюттай харьцах төгрөгийн ханш тогтворжих өндөр ач холбогдолтой.

15:30

2023-6-9

ҮДЭЭС ХОЙШ ТӨСВИЙН ТОДОТГОЛЫГ ҮРГЭЛЖЛҮҮЛЭН ХЭЛЭЛЦЭНЭ

Чуулганы хуралдаанаар төсвийн тодотголыг үргэлжлүүлэн хэлэлцэж байна.  

УИХ-ЫН ГИШҮҮН П.АНУЖИН:

-Төсвийн тодотгол хэлэлцэх үед сэтгэл дундуур байдаг байлаа. Ёроолтой улсын төсвийг эмэгтэйчүүдийн гэж нэрлэдэг боловч, тэтгэвэр тэтгэмж, эрүүл мэндтэй холбоотой асуудалд төдийлөн мөнгө тавьж чаддаггүй. Энэ нь УИХ-д шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн дуу хоолой дутмаг байгаатай шууд холбогддог. Өнгөц харахад тоо яриад байгаа мэт боловч шийдвэр гаргах түвшинд хэрэгжихтэй шууд холбогддог эдийн засаг санхүүгийн асуудал байдаг. Энэ удаад төсөв шиг төсөв орж ирж байна. Нэг зүйлд талархъя. Хүүхдийн мөнгийг олгох нь зөв. Энэ удаагийн төсвийн тодотголоор Нийгмийн даатгалын багц хуулийг шийдэхэд тодорхой хэмжээний төсвүүд шаардлагатай. Нэрийн дансны хоёр хувь байна, дараалсан долоог тав болгох асуудал хүлээлттэй байна. Эдгээрийн төсвийг намар улсын төсөв өргөн баригдах үеэр оруулж ирэх төлөвлөгөө байна уу.

УИХ-ЫН ГИШҮҮН Б.БАТТӨМӨР:

-Цалин, тэтгэврийг нэмж байгааг дэмжиж байна. ДНБ-ий өсөлт нүүрсэн дээр гарсан өсөлт. Өсөлтийн параметрийг яаж тооцож байна вэ. Үзүүлэлтүүд нь ямар байгаа вэ. Инфляцыг өнөөдрийн түвшингээр тооцож байна уу. Цаашдаа орлогоо нэмэгдүүлэх чиглэлд сайн бодох ёстой. Хүмүүст өгч буй нэмэгдэл бүтээмжтэйгээ хэр уялдаж байгаа вэ. Цалин тэтгэврийн өсөлт бүтээмжээсээ доошоо орох юм бол баялгийн хараал, чөтгөрийн тойрог руу явна. Баялгийн менежментээ зөв хийж чадвал асар их боломж байна.

УИХ-ЫН ГИШҮҮН Г.ДАМДИННЯМ:

-Төсвийн тодотголд анхаарах нэг зүйл байна. Орлого давж орж ирж байгаа шалтгаан бол уул уурхайн салбарын гавьяа. Маш их муу хэлүүлдэг ч орлого оруулдаг. Хүнд нөхцөлд төрдөө ард иргэддээ хувь нэмрээ оруулдаг. Уул уурхайн бүтээгдэхүүний үнэ нэмэгдсэнээр цалин тэтгэвэр нэмэх боломжтой болж байна. Эргээд энэ салбараа яаж дэмжих вэ. Татварын баазаа нэмэгдүүлэх чиглэлд ямар ажил хийх вэ. Дан ганц байгаа хэдийгээ нэмж ноолоод байх уу.

УИХ-ЫН ГИШҮҮН Г.МӨНХЦЭЦЭГ:

-Соёл, урлагийн салбарын цалинг нэмсэнд талархъя. Алслагдсан хязгаарт байгаль хамгаалагч, цаг уурчдын цалин нэмэгдэх үү. 160 мянган хүний тэтгэврийн материал алга болсон асуудал явна лээ. Доод тал нь хэд болох вэ. Хороодын дарга нарын цалинг нэмсэн нь цаг үеэ оллоо.

УИХ-ЫН ГИШҮҮН Д.БАТЛУТ:

-33 жилийн хугацаанд анх удаа 1.8 наядын тодотгол хийж цалин тэтгэвэр нийгмийн халамжийн чиглэлд зарцуулж байгаад талархаж байна.  Энэ бодлогыг цаашдаа тогтвортой байлгаж чадах уу. Засаглалын тогтвортой байдал хамгийн чухал нөлөө үзүүлнэ. Хүсэлт гаргасан хүүхэд бүрт мөнгө олгоно гэлээ. Тэгмээргүй байгаа юм. Заавал өргөдөл гаргах гээд байна. Тиймээс хүүхдийн мөнгөө зуун хувь олгоно гэж байгаа бол хүсэлт гаргахгүйгээр зуун хувь олгох ёстой.

ХНХ-ЫН САЙД Х.БУЛГАНТУЯА:

-Бид 9 хувийг нөхөж олгоно. Ерөнхий мэдээлэл нь байгаа. Шинээр төрсөн хүүхдүүд ч мөн хамрагдана.  Өмнө нь 20 мянган төгрөгөөр зуун хувь олгодог байхад 10 хувь нь огт авдаггүй буюу бүртгүүлдэггүй, авдаггүй байсан. Авахгүй хүмүүс байж магадгүй. Амьдралын бололцоотой  ч юм уу. Тиймээс тэдгээр иргэнд сонголтыг нь өгье. Нээх хүндрэлтэй бишээр ойлгох хэрэгтэй. Зуун хувь буюу хүн бүрээс гэж байгаа юм биш. Үлдсэн 9 хувь нь хүсэлтээ гаргана. Аль болохоор цахимаар, Хөдөлмөр халамжийн хэлтсээр дамжуулаад олгох нь зүйтэй. “E-Mongolia” дээр хүсэлт гаргах юм.

УИХ-ЫН ГИШҮҮН Д.ГАНБАТ:

-Та нарын яриаг сонслоо. Ямар уйтгартай юм бэ. ЗХУ-ын үеийн кинон дээр гардаг шиг коммунист намын хурал юм шиг болоод байх юм. Харамсалтай байна. Нэмж байгаа 1.8 их наяд төгрөг чинь нэмэр болох уу. Монгол Улсын эдийн засаг аажимдаа живж байгаа усан онгоц шиг л байна. Дэлгүүр хоршоогоор явж байсан биз дээ та нар. Инфляцтай уялдуулахаар юу ч болохгүй байна. Сэтгэл цадах юм даа. Наадмын дараа мартагдана. 30 жилийн дараа… гээд л уйлчих гээд байх юм. Тийм юм би лав олж харахгүй байна. Ханш уналт хоёр оронтой тоонд байна. Мөнгөний бодлого 13 хувьтай байна. Нүүрс 23 сая тонн гарсан байх. ЭТТ ХК сайн ажиллаад байгаа юм бол ногдол ашгаа өг л дөө. Авъя л даа. Цаашдаа эрсдэлээ тооцсон уу. Баахан сэргэлт яриад байх юм яасан ч сэргэдэггүй юм. Сэргэхийг нь найман жил хүлээлээ. 

Монгол мөнгөний ханш нойлын цааснаас дор байна. Шинэчлэл үнэртэхгүй байна. “Садист” юм уу хаашаа юм. Бүх мэдээлэл нь төрд байгаа биз дээ. Юуг нь хүсэлт гарга гээд байдаг юм. 

12 : 13

2023-6-9

ХАГАС ЖИЛД 1.1 ИХ НАЯДЫН ОРЛОГО ДАВЖ БИЕЛНЭ ГЭДЭГ ИЙМ ХЭМЖЭЭНИЙ ДАЛД ЭДИЙН ЗАСАГ ИЛ БОЛСОН ГЭСЭН ҮГ

Төсвийн тодотголыг УИХ хэлэлцэж байна. 


ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ:

–ҮХӨ-ийг баталж түүхэн реформыг дэмжсэн та бүхэнд талархал илэрхийлье. Усны мандал дээр харагдах мөсөн уулын оройг ярилцаж цаг алдахын оронд усны гүнд орших углуургаар нь өөрчлөхөд төвлөрч суурь реформыг төлөвшүүлэх нийгмийн шаардлага байна. Боомтын сэргэлтийн хүрээнд хилийн боомтууд сэргэж уул уурхай тойрсон далд эдийн засаг өдрөөс өдөрт ил болж системийн авлигыг бүхэлд нь халах “5 Ш” ажиллагааны хүрээнд эдийн засгийн таатай боломж гарч ирж байна. Авлигатай тэмцэх тэмцэл үр дүнд хүрч байна.

Эдийн засаг өссөнөөр Монгол Улсын эдийн засаг хагас жилд 1.1 их наядаар давж биелж, энэ оны эцсийн байдлаар 1.7 их наяд төгрөгт хүрэх төлөвтэй байна. Экспортын орлого анх удаа хоёр оронтой тоонд шилжиж 12.5 тэрбум ам.долларт хүрлээ. Валютын нөөц 3.8 тэрбум ам.доллар давж, нэг хүнд ногдох ДНБ түүхэндээ анх удаа 5000 ам.долларыг давлаа.

Хэдийгээр эдийн засгийн нөхцөл байдал сайжирч байгаа ч дэлхийн зах зээл дээрх нүүрс зэсийн үнийн хэлбэлзэл бусад эрсдэлийг мартаж болохгүй.

Эдийн засгийн өсөлтийн дүнд “Чингис” бондын 1.5 тэрбум ам.доллар “Гэрэгэ” бондын 800 сая ам.долларын өрийг бүрэн төлж, Хөгжлийн банкны чанаргүй зээлийн эргэн төлөлт 1 их наяд давж, “Самурай” бондын өрийг бие даан төлөх боломж бүрдлээ. Ингэснээр Монгол Улс нүүрлэн ирсэн гадаад өрийн дарамтаас одоо л гарч байна. Өртэй хүн өөдөлдөггүй, өттэй ямаа таргалдаггүй гэдэг үг бий. 

Улсынхаа нэрээр зээл авч бүлэглэлийн зарчмаар хувааж өөрсдөдөө зориулж өршөөлийн хууль баталсан гашуун түүхийг та бид мартаж, давтаж болохгүй. МАНАН дэглэм өдрөөс өдөрт нуран унаж хүзүүвч тогтолцоо цагаас цагт задарсаар байна. Гагцхүү тууштай хэрсүү хандаж эхлүүлсэн тэмцлээ үргэлжүүлэх учиртай. Төсвийн орлого дутсанаар тодотгол хийдэг байсан бол энэ удаад давж биелснээр тодотгол хийх гэж байна.

Хагас жилд 1.1 их наядын орлого давж биелнэ гэдэг ийм хэмжээний далд эдийн засаг ил болсон гэсэн үг.

Давж биелсэн 1.7 их наядыг дараах зүйлд зарцуулах нь зүйтэй.

Нэгдүгээрт, нийслэлийн түгжрэлийг шийдэх бүтээн байгуулалт.  Газрын наймаа төлөвлөлтгүй хотын золиос нь нийслэлчүүд болж байгаа нь бодит үнэн. Хүүхдийн талбайг хууль бусаар олгосон үйл ажиллагааг Шилэн ажиллагааны хүрээнд ил болгож алдагдсан боломжийн өртгийг шүүхэд хандан нэхэмжилнэ. Нийслэл хотод өнгөрсөн хугацаанд 1213 км авто зам тавьсан боловч дийлэнх нь хоорондоо холбогдоогүй мухар зам байна.  Энэ нь зөвхөн тойргийн эрх ашигт нийцсэн нэгдсэн төлөвлөлтгүй хөрөнгө оруулалтын сургамж юм. Засгийн газраас эдгээр мухар замыг хооронд холбож тойрог болгох холбоос замын хөрөнгө оруулалтыг энэхүү тодотголоор шийдвэрлэж байна.

Сэлбэ гол болон Туул голын орчны бүтээн байгуулалтын орчныг хэрэгжүүлэх боломжийг энэхүү тодотголоор нийслэл Улаанбаатар хотын удирдлагуудад олгож байна.

 
Хоёр. Төрийн албан хаагчдын цалингийн нэмэгдэл ба нэгдсэн тогтолцоо

Цар тахлын гамшгаас ард иргэдийнхээ амь нас, аюулгүй байдал, улс орны эдийн засгийг аврахын төлөө өргөсөн тангарагтаа үнэнчээр өдөр шөнийг умартан зүтгэсэн нийт төрийн албан хаагчдадаа Ерөнхий сайдын хувьд чин сэтгэлийн талархал илэрхийлье.

Монгол Улсын Засгийн газраас дэвшүүлсэн “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг бодитоор хэрэгжүүлэх цөм нь чадварлаг, мэргэшсэн төрийн албан хаагчид Та бүхэн билээ. Төрийн албан хаагч өндөр ёс зүйтэй, өрсөлдөхүйц цалинтай, мэдлэг боловсролоо байнга дээшлүүлэх боломжийг цогцоор шийдвэрлэж, Монгол Улсын төр хүний нөөцийн нэгдсэн бодлогын реформыг энэхүү тодотголоор эхлүүлж байна. Төрийн албан хаагчдын цалин 560 гаруй салангид шатлалыг уялдуулж, анхан шатанд ажиллаж буй төрийн албан хаагчдаас эхлээд тодорхой хэмжээнд бодлогын гадна орхигдсон хөрөөний ир мэт ялгаатай цалингийн тогтолцоог цэгцлэх нь энэхүү тодотголын үндсэн зарчим байлаа.

Салбар бүхэн өөр өөрийн хуулиар цалингаа тогтоолгосноор Монгол Улсын цалингийн нэгдсэн тогтолцоо алдагдаж, нийгмийн даатгалын сан дампуурлын ирмэгт хүрсэн байна.
Төр өөртөө шаардлагагүй үйлчилгээ, төрийн өмчит компаниуд, хэт данхайж давхардсан бүтцээсээ салж байж өрсөлдөхүйц цалинтай, өндөр бүтээмжтэй иргэд болон хувийн хэвшлийн сэтгэл ханамжид хүрсэн авлигаас ангид чадварлаг төрийн бүтээмжийг бүрдүүлэх нь ойлгомжтой.

Төрийн байгууллагуудын цалингийн системийн нэгдсэн реформыг дэмжиж Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөр зөвлөмж гаргасан Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх, Улсын Их Хурлын дарга Гомбожавын Занданшатар танд талархал илэрхийлье.

Энэхүү тодотголын хүрээнд цалингийн хэт ялгаатай байдлыг цэгцэлж, цалингийн шатлалыг 42 суурь системд шилжүүлэх дараагийн алхмыг хийж, инфляцын өмнөх жилийн хувьтай уялдуулж, жил бүр тогтмол нэмэгддэг байх асуудлыг тусгалаа. Улсын Их Хурал хэлэлцүүлгийн явцад төрийн байгууллагын албан хаагчид болон үйлдвэрчний эвлэлтэй санал солилцож, суурь реформын үзэл санааг дэмжиж ажиллана гэдэгт итгэлтэй байна.

Гурав. Тэтгэврийн зөрүүг арилгаж, инфляцын түвшинтэй уялдуулан нийт тэтгэврийг 10 хувиар нэмэгдүүлэх

“Алсын хараа-2050” урт хугацааны хөгжлийн бодлогын үзэл баримтлалын хүрээнд манай Засгийн газар улс орны хөгжил дэвшлийн цөм бол хүний хөгжил хэмээн үзэх болно.
Ахмад, дунд, залуу үеийн алтан хэлхээ, хамтын ажиллагааг бүх талаар дэмжих нь Монгол төрийн эрхэм үүрэг билээ.
Залуу нас, эрдэм мэдлэг, хөдөлмөр зүтгэлээ эх орныхоо хөгжлийн төлөө зориулж ирсэн ахмад үеийнхэндээ бид үргэлж талархан хүндэтгэж, ачлан хамгаалах учиртай.
Энэхүү төсвийн тодотголд сүүлийн 20 гаруй жилийн хугацаанд маргаан дагуулсан, 2000 оноос өмнө суурь цалин бага байх үед тэтгэвэр тогтоолгосон ахмадуудын тэтгэврийн асуудлыг шийдвэрлэнэ.

Нийгмийн даатгалын багц хуулийг Улсын Их Хурал хэлэлцэж байгаа энэ цаг үед бид тэтгэврийн зөрүүг арилгаж буй нь хууль батлагдсан даруйдаа амжилттай хэрэгжих боломжийг бүрдүүлж байна. Цаашид Нийгмийн даатгалын сангийн хүртээмж, ил тод байдлыг нэмэгдүүлэх, тэтгэврийг инфляцын түвшинтэй уялдуулж, жил бүр тогтмол нэмэгдүүлдэг байх суурь зарчмыг тусгалаа.

Цаашид ахмадуудынхаа хуримтлуулсан туршлага, мэдлэг, чадварыг эх орныхоо хөгжил дэвшилд идэвхтэй оролцуулах тогтолцооны шинэчлэлийг хийж, ахмад настан гэдэг бол зөвхөн тэтгэвэр авагч гэдэг ойлголтыг өөрчилж, ахмад настан бол мэдлэг, туршлагын хувьд ахлан манлайлах, ирээдүй хойч үеэ халамжлан хүмүүжүүлэх үйлсийн түүчээ байх боломжийг Засгийн газар тууштай дэмжиж ажиллах болно.

Дөрөв. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд чиглэсэн цогц бодлого

Хүнд ээлтэй нийгмийн тухай ойлголт, тэр дундаа хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд ээлтэй байх орчны тухай ойлголт орхигдсоор ирсэн. Одоо бид харах хандлагаа өөрчилж, хөгжлийн бэрхшээлтэй иргэд энгийн иргэдтэй адил түвшинд сурч боловсрох, ажиллаж хөдөлмөрлөх эрхийг хангахыг Засгийн газар бодитоор дэмжих болно. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төрийн бодлого тодорхойлоход оролцуулах боломжийг бодлогоор дэмжих болно. Үндсэн хуулийн өөрчлөлт хэрэгжиж эхэлснээр хөгжлийн бэрхшээлтэй иргэн парламентад төлөөлөлтэй байж, дуу хоолойгоо илэрхийлэх эрхийг Ерөнхий сайдын хувьд нээх болно гэдгээ илэрхийлж байна. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн агентлагийг Хөгжлийн бэрхшээлтэй иргэн өөрөө удирдах эрхзүйн орчныг бүрдүүлнэ. Хөгжлийн бэрхшээлтэй иргэнд ээлтэй орчин бүрдүүлэх хуулийн тусгайлсан шаардлагыг төрийн бүх худалдан авалтад хуульчлан тусгаж, төрийн бүх шатны байгууллагад ажиллах боломжийг эрхзүйн хувьд нээх болно.

Энэхүү төсвийн тодотголоор хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд олгодог халамжийг 325 мянган төгрөг болгож, асаргаа шаардлагатай хүүхэд, насанд хүрсэн хүнийг асарч байгаа иргэн, эцэг эхэд нь олгодог тэтгэмжийг 255 мянган төгрөг болгон 2-3 дахин нэмэгдүүлэхээр тусгалаа.

Тав. Хүүхдийн мөнгийг хүсэлт гаргасан хүүхэд бүрд олгоно
 
Хүүхдийн мөнгө халамж уу? Байгалийн баялгаас хүртэх ёстой өгөөж үү? Монгол төрийн хүн амаа өсгөх бодлого уу? Энэ асуулт олон жилийн турш улс төрийн маргаантай сэдэв байсаар ирлээ. Олон улсын байгууллагууд энэ асуудлыг тодорхой болгох шаардлагыг үе үеийн Засгийн газарт тавьсаар ирсэн нь бодит үнэн юм. Цаашдаа ч бид энэ асуудалтай нүүр тулна.
Монгол Улсын Үндсэн хуулийн 6.2-т, “Байгалийн баялгийг ашиглах төрийн бодлого нь урт хугацааны хөгжлийн бодлогод тулгуурлаж, одоо ба ирээдүй үеийн иргэн бүрд эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг нь баталгаажуулах, газрын хэвлийн баялгийн үр өгөөжийг Үндэсний баялгийн санд төвлөрүүлж тэгш, шударга хүртээхэд чиглэнэ” гэж заасан байдаг.
Аль ч улс орны ирээдүй бол өнөөдрийн хүүхэд багачууд бөгөөд улс орны хөгжлийн бодлогын суурь ирээдүй рүү чиглэсэн байх учиртай.

Хөгжингүй улс орнуудад өнөөдөр хамгийн тулгамдаж буй асуудал  бол төрөлт буурах, улмаар ажиллах хүчний хомсдолд орох асуудал болон хувирч байна. Цөөн хүн амтай, өргөн уудам газар нутагтай манай улсын хувьд хүн амаа өсгөх бодлого нь төрийн бодлогын үндсэн цөм гэдэгт улс төрчид нэгдсэн ойлголтод хүрч, олон улсын байгууллагуудтай нэгдмэл байр сууринаас тайлбарлах нь чухал байна.

Энэхүү төсвийн тодотголоор хүсэлт гаргасан хүүхэд бүрд хүүхдийн мөнгийг олгохоор тусгаж байна. Цаашид хүн амаа өсгөх бодлогыг Монгол Улс тууштай дэмжиж, байгалийн баялгийн шударга хуваарилалт өнөөдөр ба ирээдүйд тэгш хүртээмжтэй зориулагдах суурь зарчмыг баримталж ажиллана.

Түүнчлэн, 98 жилийн түүхтэй Хүүхдийн байгууллагын бие даасан байдлыг эрхзүйн хувьд хангаж, хүүхдийн оролцооны байгууллагуудыг Засгийн газар бодлогоор дэмжиж, Хүүхэд хамгааллын тухай хуулийг шинэчлэн батлуулна.
 
Улсын Их Хурлын дарга, эрхэм гишүүд ээ,
 
Монгол Улсын Засгийн газраас Оюу Толгойн 2.3 тэрбум ам.долларын өрийг тэглүүлж, Дубайн гэрээг цуцалж, Эрдэнэтийн 49 хувийн луйврыг таслан зогсоож, суутган тооцолтыг хийж дуусгалаа. Хөгжлийн банкны чанаргүй зээлийг эргэн төлүүлж, Нүүрсний хулгайг илчилж, Биржийн арилжааг эхлүүлж, тусгай сангуудын мэдээллийн ил тод болгож, “Чингис”, “Гэрэгэ” бондуудын гадаад өрийг төлж барагдууллаа.
 
Товчоор дүгнэж хэлэхэд, завхарсан хариуцлагагүй байдлыг цэгцлэх гэж цар тахал, дайн давхацсан энэ үед хайран цаг хугацааг зарцуулж байна.
 
Гэхдээ энэ тэмцлийн үр дүн гарч байна. Бид улс орноо дампуурах эрсдэлээс аварч, цалин, тэтгэвэр тэтгэмжийг нэмэгдүүлж, хүүхдийн мөнгийг хүүхэд бүрд олгох шийдвэр гаргах боломж бүрдлээ.
 
Цаашид эхлүүлсэн тэмцлээ хамтын хүчээр үргэлжлүүлж, Шинэ сэргэлтийн бодлогоо бүх нийтээрээ хэрэгжүүлж чадвал, Монгол Улсын эдийн засаг эрүүлжин тэлж, эдийн засгийн тоо иргэдийн гарт бодит мөнгөн орлого болж очсоор байх болно. Энэ бол зөвхөн эхлэл юм.  
 
Өнгөрсөн хугацааны уул уурхайн ашигт малтмалын лицензүүд хэн хэнд хэрхэн очсон тухай, нийт ард түмний баялаг хэдхэн хүний гарт хэрхэн төвлөрсөн тухай, мэдээллийг Засгийн газар цаашид ил болгож, иргэдийн мэдэх эрхийг хангах болно.    
 
Монгол Улсын Засгийн газраас байгалийн баялаг иргэн бүрд тэгш хүртээмжтэй, ил тод байх суурь зарчмыг хатуу баримталж, уул уурхайн аж ахуйн нэгжүүд нээлттэй компанийн засаглалтай байхыг хуульчлан зохицуулах болно. Үндэсний баялгийн сангийн тухай хууль, Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын тухай хуулийн төслийг энэ хаврын чуулганд багтаан Улсын Их Хуралд өргөн барих болно.
 

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж байна

УИХ-ЫН ГИШҮҮН Б.БАЯРСАЙХАН:

-Хүүхэд гэр бүлийн газрыг бие даасан байгууллага болгож шийдвэрлэсэнд талархаж байна. 2025 онд хүүхдийн байгууллагын 100 жил болно. Гэтэл өнөөдөр бид хүүхдийн эрхийг хамгаалж ажиллаж байгаа юу. Хүүхдийн байгууллагад ажиллаж буй төрийн албан хаагчдыг улс төрийн хамаарлаас ангид томилдог байх ёстой. Хэзээ Гэр бүл хүүхэд залуучуудын газрын даргыг томилох вэ? “Хүүхдээр” мэргэшсэн туршлагатай хүнийг томилох боломж байна уу?

УИХ-ЫН ГИШҮҮН Ж.ЧИНБҮРЭН:

-Эрүүл мэндийн салбарын санхүүжилт 122 тэрбум төгрөгөөр нэмэгдэж байна. С.Чинзориг сайдаас асуухад алслагдсан хүн цөөтэй сумдын эрүүл мэндийн санхүүжилт нэмэгдэх асуудал тодотголд орсон уу. Эрүүл мэндийн тусламж үйлчилгээний санхүүжилт дээрдсэн. Харин дүүрэг, аймгийн эмнэлгийн ажилчдын цалин хөлс нэмэгдээгүй. Нийтийн эрүүл мэндийн байгууллагад ажилладаг эмч нарын цалин нэмэгдэнэ гэж ойлгож байгаа. Бодитоор яаж нэмэгдэж байгаа юм бэ. Ж.Ганбаатар сайдаас асуухад гадуур бензин, түлш хязгаарлалтад орох нь гэсэн мэдээ явж байна. Эрүүл мэндийн салбарын түргэн тусламж түлштэй холбоотой. Энэ тодотголд түлштэй холбоотой төсөв хэрхэн суугдаж байна вэ?

ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД С.ЧИНЗОРИГ:

-Төсвийн тодотгол хийж байгаатай холбоотой Эрүүл мэндийн салбарын цалин хөлс, санхүүжилтийн аргаар бодогдож буй тарифт өөрчлөлт орно. Хэд хэдэн асуудал шийдэгдэнэ. Сумын эрүүл мэндийн байгууллагыг дэмжихтэй холбоотой газар зүйн байрлал хүн ам цөөтэй алслагдсан сумдын эмнэлэгт санхүүжилтийн хэмжээг нэмэгдүүлэх чиглэлээр тарифаа өөрчилнө. Долдугаар сарын 1-нээс хэрэгжинэ. Эрүүл мэндийн салбарынхны цалин хамгийн багадаа 42 хувиар нэмэгдэнэ. Энэ дагуу тарифын өөрчлөлтөд зохицуулалт хийнэ. 

УУЛ УУРХАЙН САЙД Ж.ГАНБААТАР:

-“АИ-92” болон дизель түлшний хангалт хэвийн байна. Жил бүр “Ангарский” үйлдвэр 14 хоног зогсч засвар хийдэг. Үүнээс улбаалаад зуны түлшнээс өвлийн түлшинд шилжихэд хомсдол үүсдэг. Энэнээс сэргийлэх арга хэмжээ явагдаж байна. ОХУ-ын төмөр замын ачааллын асуудал болж байна. Монголын талд тээвэрлэлтийн хувьд асуудал байгаа. Ялангуяа жил бүрийн наймдугаар сард түлш тасалдах асуудал байдаг. Дизель түлшний үнэ сүүлийн хоёр сарын хугацаанд 200-300 төгрөг буусан.

УИХ-ЫН ГИШҮҮН Ц.САНДАГ-ОЧИР:

-Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайдын Засгийн газарт “Браво” гээд хэлчихье . Нэг удаагийн цалин тэтгэврийн асуудлыг биш олон удаагийн цалин тэтгэвэр нэмэх боломжийг гаргаж өнгөрсөн хугацааны алдагдсан боломж далд эдийн засгийг ил болгож, шилэн тунгалаг төртэй байх, хулгайгүй төртэй байх, хариуцлагатай төртэй байвал ямар бололцоо байгааг гаргаж буй ажлын үр дүн харагдаж байна. Нийслэлийн түгжрэлийг хэдэн хувиар бууруулах тооцоо гарсан бэ? Нөгөө талаар та бүхэн өндөр босго тогтоож байна. Төсвийн алдагдлаа яаж тооцоолж байна. Жил бүр 36 сая тонн нүүрс олборлож чадах уу. 

ТҮГЖРЭЛИЙН САЙД Ж.СҮХБААТАР:

-Замын хөдөлгөөний зохион байгуулалтыг наадмын дараа хийнэ. Нийтийн тээврийн парк шинэчлэлтийг намар гэхэд 90 хувь руу оруулна. Метро бусад асуудлаар ТЭЗҮ боловсруулах талаар гаднынхантай ярилцаж байна. 92 мянган хүүхэд  хотын төв рүү ирж байна.Ингэхдээ, 100 мянган машинаар хүүхэд сургууль,цэцэрлэг рүү нь зөөж байна. Өнгөрсөн жил том ажил эхлүүлсэн. Яг хамаатуулж байгаа 187 тэрбум бол холбоос замуудад зарцуулна. 

УИХ-ЫН ГИШҮҮН Б.ЭНХ-АМГАЛАН:

-Цахим орчны аюулгүй байдал хүндэрсэн. 2.8 сая хэрэглэгчээс 1.1 сая нь хуурамч хаяг байна. Эргээд нийгмийн сэтгэлзүйг буруу тийш нь хөтлөх, иргэдийн дунд бухимдал үүсгэх, улс орны аюулгүй байдалд нөлөөлөх сөрөг талтай. Цахим аюулгүй байдлыг хамгаалах тал дээр ямар төсөв тусгав. Монгол Улс өөрийн гэсэн хиймэл дагуултай болох асуудал яригдаж байгаа юу.

УИХ-ЫН ГИШҮҮН Ц.ТУВААН:

-Цалингийн доод хэмжээг сая төгрөг болгож байна гэж ойлголоо. Өнөөдөр Засгийн газраас сум, багийн засаг дарга нар ирсэн байна. Эд нарын цалин яаж нэмэгдэх вэ? Юмны үнийн өсөлтийн талаар маш их ярилаа. Үнэ өсч буй нь хоёр талтай. Валютаар авч буй бараа бүтээгдэхүүний үнэ өсч байна. Төгрөгийн ханш чанга байвал үнийн өсөлт тодорхой хувиар шийдэгдэх байх. Бүх тэтгэвэр авагчдын тэтгэвэр нэмэгдэж байгаа юу. Олон хүүхэд төрүүлсэн хүний тэтгэвэр нэмэгдэж байгаа юу. Хувь тэнцүүлсэн байдлаар явдаг. Хүүхдийн мөнгө бол зөв. АН-ын гаргаж ирсэн бодлого.

ХНХ-ЫН САЙД Х.БУЛГАНТУЯА:

-Төрийн албан хаагчдын цалингийн зөрүү бол тэдний хамгийн бухимдалтай асуудал байдаг.  Энэ удаагийн төсвийн тодотголоор төрийн албан хаагчдын цалинг ойролцоо ангилал, зэрэглэл рүү оруулах хоорондоо харьцуулагддаг болох тогтолцоог хийж өгсөн. УИХ-ын гишүүдээс хүсэхэд тун удахгүй Төрийн албаны тухай хуульд төрийн албан хаагчдын цалинг нэгдсэн тогтолцоонд оруулж салбараар нь ялгаатай байдлаар нэмэгдүүлдэг биш нэгдсэн журмаар нэмэгддэг байдал руу орох ёстой. Багийн засаг дарга нарын цалин бол 1.250 сая төгрөг болгон нэмэгдэж байгаа.  Олон хүүхэд төрүүлсэн ээжүүд 50 насандаа тэтгэвэр тогтоолгож байгаа. Ээжүүдийн тэтгэвэр итгэлцүүрээр нэмэгдэнэ.

12 : 01

2023-6-9

ИМПОРТЫН ДЭМЖЛЭГТЭЙГЭЭР ӨВЛИЙН ОРГИЛ АЧААЛЛЫГ ДАВЖ БАЙНА

Жавхлан УИХ намрын чуулган нээлт гишүүд (30 of 76)

САНГИЙН САЙД  Б.ЖАВХЛАН:

-Цахилгаан эрчим хүчний хэрэглээ жилд дунджаар 7-8 хувиар өсч эрчим хүчний салбар системийн нийт суурилагдсан хүчин чадлыг бүрэн ашиглаж импортын дэмжлэгтэйгээр өвлийн оргил ачааллыг давж байна. Уур амьсгалын өөрчлөлтийн дагуу олон улсын банк санхүүгийн байгууллагаас нүүрсний эрчим хүчний салбарт оруулах санхүүжилт улам хумигдаж мөн БНХАУ-ын засгийн газар хилийн чанадад нүүрсний эрчим хүчний шинэ эх үүсвэрийг барихаас татгалзах бодлогыг 2021 онд зарласан. Монгол Улс нүүрсээр ажиллах томоохон станц барих ёстой боловч олон улсын нөхцөл байдал цар тахлын нөлөөллөөс шалтгаалан зарласан тендерт оролцогчид хангалттай биш байна. иймд нүүрсээр ажиллах ДЦС барих, өргөтгөх төслүүдийг хэрэгжүүлэхийн тулд тоног төхөөрөмжийг гаалийн болон бусад албан татвараас чөлөөлж өртгийг нь бууруулах шаардлага үүсч байна. Хууль эрх зүйн болон практик хэрэгцээ шаардлагын үүднээс гаалийн тариф, гаалийн  татварын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг танилцуулж байна.

10 : 29

2023-6-9

ЭРЧИМ ХҮЧНИЙ АСУУДАЛ МОНГОЛД ТУЛГАМДАЖ БАЙНА

 Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2023.06.02-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/-ийг хэлэлцэж байна.

УИХ-ЫН ГИШҮҮН Т.ЭНХТҮВШИН:

-Эрчим хүчний асуудал Монголд тулгамдсан асуудал боллоо. Цаашдаа шинэ эрчим хүчний эх үүсвэртэй болох шаардлагатай. Аль юм болгон гадаадаас импортоор авах вэ. Тиймээс хуулийн төслийг дэмжиж байна. Гэхдээ Сэргээгдэх эрчим хүчний тухай хуульд өөрчлөлт оруулах уу. Цаашдаа сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэр баригдах уу. Ер нь Эрчим хүчний яам тодорхой бодлогоор явах хэрэгтэй. Эрчим хүчний хэрэглээ жилээс жилд нэмэгдэж байгаа ч сэргээгдэх эрчим хүчийг дэмждэггүй, гадаадын хөрөнгө оруулалтыг зогсоосон. Сэргээгдэх эрчим хүчний үнэ тарифыг буулгаад гаднын хөрөнгө оруулалтыг оруулах уу. Хүрэн нүүрсийг эдийн засгийн эргэлтэд оруулах асуудал хүндэрлээ. 

ЭРЧИМ ХҮЧНИЙ САЙД Б.ЧОЙЖИЛСҮРЭН:

-Сэргээгдэх эрчим хүчний хуульд өөрчлөлт орсон. 2017 онд батлагдсан юм билээ. 2019 оны өөрчлөлтөөр тендер зарлаад аль хямд үнэ өгсөн оролцогчийг шалгаруулах зохицуулалттай. Сэргээгдэх эрчим хүч нэн ялангуяа нар салхины эрчим хүчийг дэмжихэд төвийн эрчим хүчний системд хоёр хүндрэл байна. Эхнийх нь техникийнх, дараагийнх нь холбогдсон 9, холбогдох гэж буй 11 аж ахуй нэгжийн үнэ асар өндөр байна. Нарных 15 цент, салхиных дунджаар 9.4 центийн үнэтэй байна. Энэ үнээр төвийн эрчим хүч худалдан авахад санхүүгийн хүндрэлтэй. Одоо байгаа 9 сэргээгдэх эрчим хүчийг зохицуулахад ОХУ-аас зохицуулалт хийж ирсэн.

УИХ-ЫН ГИШҮҮН Т.ЭНХТҮВШИН:

-Сэргээгдэх эрчим хүчний зөвшөөрөл аваад барихгүй байгаа аж ахуй нэгжийг нягталж үзэх хэрэгтэй. Уулзаж байгаа нь салхин парк, нарны станц барих асуудал тавьдаг. Эсрэгээрээ олон жил зөвшөөрөл авчхаад барьдаггүй компанийг цуцлаад шинээр гаднын хөрөнгө оруулагчдыг татан оруулж яаралтай зөвшөөрлийг нь олгох хэрэгтэй.

УИХ-ЫН ГИШҮҮН Ц.САНДАГ-ОЧИР:

-Хуульд нэмэлт өөрчлөлт орсноор дулаан, цахилгааны хэчнээн төсөл хөтөлбөр хамрагдахаар байна вэ? Манай улсаас гэрээ байгуулаад тендер зарласан хэчнээн газар байна вэ? 2023 онд том утгаараа эдийн засгийн үзүүлэлтүүд сайжирч байгаа үед гаднын хөрөнгө оруулалт нэмэгдэж байна уу. Гадаадын хөрөнгө оруулагчид нэмэгдэж байж ажлын байр нэмэгдэнэ. Хэрвээ уг хуулийг баталснаар хөрөнгө оруулалт яаж нэмэгдэх вэ?

ЭРЧИМ ХҮЧНИЙ САЙД Б.ЧОЙЖИЛСҮРЭН:

–Тавантолгой ЦС-ын тендерийг ойрын хугацаанд зарлана. Хөрөнгө оруулагчид сонирхох болов уу. ТЭЦ-3-ийг 300 мегаваттаар дулааны хувьд өргөтгөх асуудлыг ОХУ-тай ярилцаж байна. Бусад төслүүдэд дэмжлэг болно. Санхүүгийн хүндрэлтэй үед энэ төслийг дэмжиж өгөхийг хүсч байна. Парисын 2015 оны хэлэлцээрээс хойш нүүрсээр ажилладаг цахилгаан станцуудад хөрөнгө оруулахыг дэлхий нийтээр татгалзсан. Хамгийн сүүлд БНХАУ-ын дарга ШиЖинпинь нүүрсний төсөл санхүүжүүлэхгүй гээд амлалт авчихсан. Тиймээс ямар ч байсан энэ дэмжлэгийг үзүүлье гэж санаачилж оруулж ирсэн.

УИХ-ЫН ГИШҮҮН О.ЦОГТГЭРЭЛ:

-Эрчим хүчний асуудал нэн тулгамдлаа. Шийдлийн хувьд яг үнэндээ бодитой шийдэл харагдахгүй байна. Татварын хөнгөлөлтөөр хэдэн хувийн өртгөөр буурах вэ. Ямар үр дүн хүлээж байгаа бол. Тодорхой тоо хэлээч. Борлуулалтын орлогоосоо өртөг нь давчихсан, энэ салбарт хөрөнгө оруулагч орж ирэхгүй байна. Яалт ч үгүй энэ салбарт чөлөөлөлт, хувийн  хэвшил орж ирэх орон зай орж ирж байж асуудал шийдэгдэнэ. Ямар нөхцөл бүрдвэл энэ зах зээлд хувийнхан орж ирэх вэ

УИХ-ЫН ГИШҮҮН Б.ДЭЛГЭРСАЙХАН:

-Эрчим хүчний сайд Говьсүмбэр, Сайншандын шугам өнөө маргаашгүй эхэлнэ гэж ярилаа. Энэ бол өмнөх сайдын үед байнга яригдсан. Одоо бодитой яг эхлэх үү. Хувийн хэвшил цахилгаан станц барьж болох юм байна, энэ дээр бүх хөнгөлөлт зөвшөөрөл олгож, татвараас чөлөөлөх юм байна гэж ойлголоо. Баттай биз дээ. Коксжих үйлдвэрээс цахилгаан гарах нь ойлгомжтой. Үүнийг төр худалдан авна гэж ойлголоо зөв үү.

УИХ-ЫН ГИШҮҮН Б.ЖАРГАЛМАА:

-Сонгинохайрхан дүүргээс сонгогдсон гишүүний хувьд манай тойрогт эрчим хүчний асуудлууд бий. Азийн хөгжлийн банкны зээлээр эрчим хүчний төсөл ямар шатанд явж байгаа юм бол. Нийтдээ 119 сая ам.долларын өртөгтэй хийгдэж байгаа.

10 : 17

2023-6-9

ТҮЛШНЭЭС БОЛЖ ХҮМҮҮС НАС БАРЖ БАЙХАД ЯАГААД ЭРХ БАРИГЧИД ДУУГАЙ БАЙНА ВЭ!

Чуулганы эхэнд гишүүд үг хэллээ. 

УИХ-ЫН ГИШҮҮН С.ОДОНТУЯА:

-Энэ оны тавдугаар сарын 31-ны өдөр 25 хүн угаартаж найман хүн нас барсан харамсалтай хэрэг гарсан. Түлшнээс болж иргэд амь насаа алдсаар байхад УИХ-ын гишүүд эрх баригчид яагаад ганц үг ган хийхгүй байна вэ. Нэг л их инээсэн баярласан хүмүүс. Нийслэлд 38 хүн МАН-аас сонгогдсон. Мэдээллийг нуун дарагдуулж байна. Ярилцлага авах гэхээр оруулахгүй байна. Д.Тогтохсүрэн даргаа энэ асуудлыг танаар ярихаа заалгахгүй. УИХ уг асуудлыг ярь гэж байгаа юм. Түлшний асуудлыг яаралтай хэлэлц. Үнийн өсөлтийн талаар УИХ яаралтай хэлэлц. Дүүргээр яваад иргэдтэй уулзахад үнийн өсөлт галзуурч, тэсэхэд бэрх болсон байна. Тэтгэвэр нэмэх сургаар бүх юмны үнэ өснө. Эдийн засгийн байнгын хорооны дарга яагаад харагдахгүй байна вэ. Олонхоор түрий бариад микрофон хаана гэж байхгүй шүү. Байцай, талхаа таллаж авч байна. Гэр хороололд үнийн дэвтэр зузаарсан.

10 : 05

2023-6-9

ЧУУЛГАНД ЕРӨНХИЙ САЙД ҮГ ХЭЛНЭ

УИХ-ын чуулганы хуралдаан /2023.06.09/  эхэллээ. Дараах асуудлыг хэлэлцэнэ. 

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *