БНСУ 50 хоногийн хугацаатай шалгалт, баривчилгаа хийнэ
Өмнөд Солонгосын Хууль зүйн яам зургадугаар сарын 12-ноос долдугаар сарын 31-нийг хүртэл 50 хоногийн хугацаанд эрчимжүүлсэн шалгалт, баривчилгаа явуулах болсноо өчигдөр /2023.06.08/ мэдэгдлээ.
Хууль зүйн яамны мэдэгдэлд дурдсанаар “Хар тамхитай холбоотой гэмт хэрэгт бага гэлтгүй эрүүгийн хариуцлага хүлээлгэхээс гадна Өмнөд Солонгосоос албадан гаргаж, нэвтрэх эрхийг нь тодорхойгүй хугацаагаар хориглоно. Ингэснээр хар тамхи, мансууруулах бодисыг хууль ёсны болгож зөвшөөрсөн улсын иргэдээр дамжуулан энэ төрлийн худалдаа дэлгэрэхийг хориглож байна” гэжээ.
Түүнчлэн “Гадаадын иргэдийг хууль бусаар оршин суух, ажилд орохыг дэмжсэн аж ахуйн нэгжүүдэд хатуу арга хэмжээ авч, зохих журмын дагуу ажиллана” гэдгийг Хууль зүйн сайд Хан Дун Хун хэлэв.
Улсын дээд прокурорын газраас мэдээлснээр энэ оны эхний гурван сард нийт 4124 хүн хар тамхитай холбоотой хэргээр баривчлагдсан байна. Энэ нь өмнөх оны мөн үеэс 34 хувиар өссөн үзүүлэлт юм. 4124 хүний 454 нь буюу 11 хувь нь гадаадын иргэн байсан. Тодруулбал, 140 тайланд, 115 хятад, 112 вьетнам, 30 америк иргэн байжээ. Өнгөрсөн Лхагва гаригт л гэхэд Зүүн өмнөд Азийн улсаас олон улсын шуудангаар хууль бус бодис зөөвөрлөж, тайланд ажилчдын дунд тарааж байсан хар тамхины сүлжээг Инчон хотын цагдаа нар илрүүлжээ. Нийт 82 хүнийг энэ хэрэгтэй холбоотойгоор баривчилсан байна.
50 хоногийн шалгалтад Хууль зүйн яамнаас гадна Хөдөлмөр эрхлэлтийн яам, Газар, дэд бүтцийн яам, Тээврийн яам, Үндэсний цагдаагийн газар, Солонгосын эргийн хамгаалалтын алба хамтарч оролцоно.