Ирэх сарын 1-нд УИХ-ыг тараах цуглаан болно
Эх сурвалж: Zuv.mn
Ард нийтийн санал асуулга хөдөлгөөнөөс ирэх гуравдугаар сарын 1-ний өдөр Сүхбаатарын талбайд “Бид итгэхгүй байна” цуглаан зохион байгуулахаа мэдэгдлээ.
Тэд УИХ болон Засгийн газрын үйл ажиллагаа Монгол Улсын Үндсэн хууль зөрчсөн гэж үзэж байгаа бөгөөд энэ үндэслэлээр УИХ-д итгэл үзүүлэх эсэх асуудлаар ард нийтийн санал асуулга явуулах шаардлагатай хэмээн байр сууриа илэрхийлжээ.
Үүнд:
• 126 гишүүнээс 71 нь Үндсэн хууль зөрчсөнийг Үндсэн хуулийн цэц тогтоосон,
• 126 гишүүнээс 1 гишүүн ял шийтгэлтэй, 34 гишүүн яллагдагчаар татагдан шалгагдаж байгаа гэх мэдээлэл,
• Нийгэм, эдийн засгийн тулгамдсан асуудлуудад хариуцлагагүй хандсан зэрэг нь УИХ-д хариуцлага тооцож, тараах үндэслэл болж байна гэж үзэж буйгаа илэрхийлжээ.
Ард нийтийн санал асуулга хөдөлгөөний зүгээс “Монгол Улсын эх оронч иргэн бүр Үндсэн хуулийнхаа эрхэм зорилгын дор нэгдэх”-ийг уриалж, гуравдугаар сарын 1-ний цуглаанд оролцохдоо төрийн далбаа болон Үндсэн хуулиа авч ирэхийг мөн уриалжээ.