“Монгол бичгээр бичиж байхдаа монгол хүн болж төрснөөрөө бахархдаг”

DSC05878-810x500

Эх сурвалж: Ubn.mn

Монголын каллиграфийн урлагийн нэгдсэн холбооноос жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Шинэ цас” каллиграфийн үзэсгэлэн өнөөдөр/2026.2.24/ нээлтээ хийв. Анх 2007 онд каллиграфийн их мастер Д.Баттөмөрийн санаачилгаар эхлүүлсэн энэхүү үзэсгэлэн нь жил бүр шилдгийн шилдэг уран бүтээлчдийг тодруулдгаараа онцлог бөгөөд каллиграфийн үзэсгэлэнгүүдээс чансаагаараа тэргүүлдэг нэр хүндтэй арга хэмжээ болон өргөжжээ.

МУИС-ийн оюутан Б.Баяр-Эрдэнэ “Шинэ цас” нэрт энэ үзэсгэлэнд энэ жил анх удаа оролцжээ. Багшийгаа дагаж энэ урлагт татагдан орсон байна. Маш тайван мэдрэмж төрүүлдэг учраас тэр мэдрэмжийг мэдрэхийн тулд энэ урлагийг сонгожээ.

Тэрбээр, “Дээд үеийн ах, эгч нараа сонсож байхад бүтээлээ эхлэхээс өмнө бодолдоо аль хэдийн урлачихсан байдаг тухай ярьдаг.

Түүний дараа бүтээл төрөх явц маш хурдан өрнөдөг гэсэн. Энэ зарчмыг л өөрийн уран бүтээлдээ хэрэгжүүлж байна. Хамгийн удаандаа нэг бүтээлд хоёр хоногийг зарцуулж байсан. Хаана ч очсон хүмүүсийн нэрийг монгол бичгээр бичиж өгөхөд чин сэтгэлээсээ баярлан хүлээн авдаг. Тийм учраас би үүнийг хэзээ ч зогсоохгүй. Монгол бичгийг сурснаараа хүн юу ч алдахгүй. Харин ч бидний хамгийн том бахархлын нэг учраас бичиж байх үедээ монгол хүн болж төрснөөрөө бахархдаг” гэв.

“Шинэ цас-2026” үзэсгэлэнд энэ жил Монгол Улс, ОХУ, Өвөрмонголын нийт 56 уран бүтээлчийн 70 гаруй бүтээл ирснээс шилдэг бүтээлүүдийг шалгаруулан үзэгч олонд толилуулж байна.

Монголын каллиграфийн урлагийн нэгдсэн холбооны гүйцэтгэх захирал Р.Эрдэнэболор хэлэхдээ “Клаллиграфийн урлаг нь дотроо маш олон төрөл байдаг. Манай монгол орон бичгийн уламжлал маш өндөртэй улс. Бичиг үсгээ өөрсдөө зохиож, уламжлуулж ирсэн ард түмэн. Манай уламжлалт бичгийн дэг жаяг бол хулсан үзгээр бичих. Түүнээс хойш манжийн дарааллын үед манжууд үсгээ манайхаас авч, бичгийн соёлоо хятадаас авч байсан. Үүгээр дамжуулан манайд бийрээр бичих соёл орж ирсэн. Хичээнгүй тэгээр маш сайхан бичдэг эртний уламжлалтай. Ардчилал гарснаар манай дээд үеийнхэн урлаг болгон хөгжүүлсэн байдаг. Нэг талаар залуу урлаг боловч уламжлалаа бодохын бол нэн эртний урлаг” гэдгийг хэлэв. Үзэсгэлэнд оролцсон бүтээлүүдээс орчин цагийн каллиграфийн төлөөлөл болсон уран бүтээлчдийн уран бичлэгийн ур чадвар, сэтгэлгээний цар хүрээ, дотоод ертөнцийг нэгэн дороос тольдон харах боломж бүрджээ. Үзэсгэлэн Байгалийн шинжлэх ухааны үндэсний музейн түр үзэсгэлэнгийн танхимд 2026 оны хоёрдугаар сарын 24-нөөс гуравдугаар сарын 1-ний өдрүүдэд долоо хоногийн турш дэлгэгдэх аж.

Үзэсгэлэнд оролцсон уран бүтээлч Очирваани хэлэхдээ “Анхны удаа энэ үзэсгэлэнд оролцож байна. Миний гурван бүтээл энэ удаагийн үзэсгэлэнд шалгарсан. Монгол бичиг үсгийг сонирхон судлаад 5-6 жил болж байна. Бичиг үсэг гэдэг бол хэрэглээ. Хэрэглээнээс гарвал устаж үгүй болно. Хилийн чанадад оршин суугаа Монголын угсаатны бүлэг болох буриад, өвөрмонголчуудын дунд монголоор ярих, бичих нь багасаж, хумигдсан. Энэ бол бидний авч үлдэх ёстой өв соёл учраас дэлгэрүүлж, сурталчлан таниулах ёстой. Тиймээс хүмүүс өдөр тутамдаа хэрэглээсэй гэсэн үүднээс илүү анхаарал татах хэлбэрээр бүтээлээ туурвиж, олон нийтэд хүргэж байна” гэв.

DSC05857

DSC05859

DSC05866

DSC05868

DSC05884

DSC05881

DSC05879

DSC05875

DSC05870

C0181T01

C0170T01

C0169T01

C0164T01

C0159T01

C0154T01

C0153T01

C0145T01

C0143T01

C0141T01

C0139T01

C0134T01

About Author