ТӨСВИЙГ МӨШГӨЕ: Оюутолгойгоос төрсөн тэрбумтны хэрэг хаана очоод гацав?

5008182b76f691d86c2d222a3af64d74

Эх сурвалж: Zarig.mn

Оюутолгой компанийн ажилтан компанидаа хэрэгцээ шаардлаггүй 60 ширхэг компрессор шахаж тэрбум гаруй төгрөгийн хохирол учруулсан талаар бид өмнө нь мэдээлж байсан. Одоогоос зургаан жилийн өмнө ил болсон уг хэрэг 10 прокурорын нүүр үзэж шийдэгдэхгүй гацсан байдалтай өнөөдрийг хүрээд байна.

Хэргийг эргэн сануулбал, Оюутолгой ХХК-ийн Механик засвар үйлчилгээний хэлтсийн Механикийн засвар үйлчилгээний менежер Пэрлий-Энх овогтой Эрдэнэбилэг нь худалдан авах бодит хэрэгцээ шаардлага үүсээгүй байхад тус бүр нь 6400 ам.долларын үнэ бүхий 60 ширхэг компрессорыг нийт 384 мянган ам.доллараар худалдан авч компанид тэрбум гаруй төгрөгийн хохирол учруулсан. П.Эрдэнэбилэг уг үйлдлийг Явуу импекс ХХК-ийн захирал Ц.Явуухулантай бүлэглэн зохион байгуулсан нь хэргийг шалгах явцад тодорхой болсон байдаг.

/Зураг: Явуу импекс ХХК-ийн захирал Ц.Явуухулан/

Мөрдөн шалгах ажиллагааны хүрээнд 60 ширхэг компрессор нь газар дээрээ байгаа эсэхийг шалгахад ердөө 15 нь байсан бөгөөд мөрдөн шалгах явцад нуусан 45 ширхэгийг нь илрүүлсэн байдаг. Нуусан 45 ширхэг компрессор нь зах зээлийн үнэ хямд Копланд загварын шахуурга байсан бөгөөд гадна хэсэгт Термо кинг загварын лого, тэмдгийг наасан байжээ. Өөрөөр хэлбэл Монгол улсын хилээр 15 ширхэг Термо кинг загварын компрессор орж ирсэн байхад 60 ширхэг болгож хуурамч стикер нааж давхар хохирол учруулсан хэрэг. Уг хэргийг хуулийн байгууллага 2020 оноос шалгаж эхэлсэн бөгөөд мөрдөн шалгах байгууллагаас хэргийг прокурорт шилжүүлдэг, ингээд хэрэг прокурор дээр очоод гацдаг дүр зураг давтагдсаар 6 жилийн нүүр үзжээ. Зургаан жилийн хугацаанд уг хэрэг дээр 10 прокурор солигдсон байна. Шинээр солигдсон прокурор хэрэгтэй танилцах, шалгах гэх процессийн ажиллагаа явуулсаар дараагийн хүндээ шилжсээр өнөөдрийг хүрчээ. Жирийн хэрэг дээр прокурор ингэж олон солигдож, хэргийг гацаадаг туршлага байхгүй. Гэтэл их мөнгөтэй холбоотой энэ хэрэг дээр байж болох бүх хэмжээнд хэргийг гацааж буйн цаад ЗОРИЛГО юу вэ?

Хэрэг ийнхүү даамжрах хугацаанд П.Эрдэнэбилэг компанийг дахин хохироосоор байгаа юм. Түүнийг хэрэг ил болсон 2020 оны 8 дугаар сарын 20-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд саад учруулж болзошгүй гэх үндэслэлээр ажлаас чөлөөлсөн байдаг. Үүнээс хойш нэг ч өдөр ажил хийгээгүй атлаа ажлаас халсан шалтгаанаар шүүхэд гомдол гаргаж явсаар 1.2 тэрбум төгрөгийн цалин хөлсийг гаргуулан авч Оюутолгой компанид дахин хохирол учруулсан байх юм.

Ямар эрх мэдэл, албан тушаалын дор зургаан жил дарагдаж яваа хэрэг вэ? гэдэг нь анхаарал татсан хэвээр…

About Author