Зөрчлийн “нуугдсан” торгуулиа “E-Mongolia”-аар нэвтрэн орж, дараах байдлаар төлнө

image (11)

Эх сурвалж: Өдрийн сонин

E-Mongolia шинээр нэвтрүүлсэн үйлчилгээний заавраа таниулан, сурталчлаагүйгээс болж иргэд энэ талаарх мэдлэг, мэдээлэлгүй байна. Зөрчлийн торгуулиар 2026 оны нэгдүгээр сарын 10-ны өдрөөс хойш торгуулсан иргэд төлбөрөө Төрийн үйлчилгээний нэгдсэн систем E-Mon­golia системээр дамжуулан төлөх үйлчилгээг шинээр нэвтрүүлсэн. Энэ нь ямар учиртай вэ гэхээр өнгөрсөн жилүүдэд ашиглаж ирсэн E-Mongolia-иар “Автотээврийн хэрэгслийн торгуулийн мэдээлэл” цэсэд цагдаагийн танд ногдуулсан аливаа замын хөдөлгөөний Зөрчлийн торгууль бүртгэгдэхгүй юм.

Харин “Зөрчлийн торгуулийн төлбөр төлөх” хэсэгт бүртгэгдэж, энэ цэсээр орж торгуулиа төлөх аж. Тиймээс энэ оны нэгдүгээр сарын 10-наас хойш торгуулчьсан бол “Зөрчлийн торгуулийн төлбөр төлөх” цэсээр үйлчлүүлж, торгуулиа төлнө. Гэвч энэ шинэ үйлчилгээний талаарх мэдээлэх, таниулан сурталчлах ажил хангалттай хийгдээгүй байна. Тиймээс сүүлийн үед жолооч, иргэдийн дунд “торгуульснаа мэдээгүй явж байгаад хэд нугалсан их мөнгө төллөө” гэх гомдол нэмэгдэх болсон

Ялангуяа камерын зөрчил, авто замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн торгуулиа цахимаар шалгаж, төлөх систем тодорхой бус, ойлгомжгүй байгаагаас үүдэн иргэдийн торгуулийн дүн хоног хоногоор өсөх нөхцөл бүрдээд байна.

Уг нь Зөрчлийн тухай хуульд зааснаар торгуулиа тогтоосон хугацаанд нь төлбөл 50 хувийн хөнгөлөлт эдлэх боломжтой. Харин хугацаа хэтрүүлбэл тодорхой шат дараатайгаар алданги тооцогдож, төлөх мөнгөн дүн нэмэгддэг. Иймээс торгууль, шийтгэл хүлээсэн иргэн, жолооч бүр хугацаандаа төлөх сонирхолтой байдаг ч “Хаанаас харах вэ, яаж төлөх вэ” гэдэг мэдээлэл нэгдсэн, ойлгомжтой байдлаар хүрэхгүй байгаа нь хүндрэл үүсгэж буйг иргэд хэлж байна. Тухайлбал, замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн жолоочийг цагдаагийн албан хаагч зогсоон, торгуулийн арга хэмжээ авлаа гэж бодъё. Ингээд тухайн иргэний гар утсанд торгуулийн шийтгэл оногдуулсан талаар, мөн торгуулиа хэрхэн төлөх талаарх линк, холбоос бүхий заавартай мессэж ирдэг. Гэхдээ тухайн линк, холбоос руу орсон ч торгуулиа яаж, хэрхэн төлөхөө мэдэхгүй хүмүүс их байна.

Ингээд эцэст нь торгуульгүй гэсэн ойлголтыг тухайн иргэн авснаар торгуулийн төлбөр төлөх арга хэмжээ удааширдаг. Хамгийн ноцтой нь хэдэн сар, жил өнгөрсний дараа төрийн зарим үйлчилгээ авахын тулд торгуулгүй байх ёстой гэсэн шаардлагад ороход тухайн иргэний “нуугдсан” торгууль гэнэт гарч ирдэг нь асуудал үүсгэж байгаа юм. Нөгөөтэйгүүр автомашины улсын дугаар болон өөрийн регистрийн дугаараа хийгээд ч гарч ирдэггүй “нуугдсан” торгуулиа “E-Mon­golia” платформоор төлөх шаардлагатай аж. Тэгвэл тэрхүү торгуулиа ямар аргачлалаар төлөх зөвлөмжийг та бүхэнд хүргэе.

Нэгдүгээр алхам: “E-Mongolia” систем рүү орно.

Хоёрдугаар алхам: “Үйлчилгээ хайх” хэсгээс “Зөрчлийн торгуулийн төлбөр төлөх” гэж бичээд

орж, үйлчилгээ авна.

Гуравдугаар алхам: Регистрийн дугаараа болон автомашины улсын дугаараа оруулаад торгуулиа харна.

Дөрөвдүгээр алхам: Гарч ирсэн торгуулиа сонгоод, утасны дугаар болон и-мэйл хаягаа оруулаад төлбөрөө төлнө.

Эдгээр алхмуудыг хийж байж “нуугдсан” торгуулиа төлөх боломжтой аж. Энэхүү цахим үйлдэлд иргэд, жолооч нар бухимдалтай байгаа бөгөөд торгууль төлөх арга хэмжээг энгийн, ойлгомжтой байдлаар системчлэхийг төр, засгийн холбогдох байгууллагуудаас шаардаж байгаа юм.

About Author