Ардчиллын баталгаа болсон шүүх засаглал

image (12)

Эх сурвалж: Өдрийн сонин

Дональд Трамп бол ардчилсан улсад байж л байдаг болсон популист улстөрч буюу худалч, бүр болоогүй өөрийгөө Америкийн ерөнхийлөгч биш, харин “Америк бол би” гэж ойлгодог нэгэн. Улс орон нь түүний хувьд институт бус, харин өөрийнх нь хүсэл зоригийг хэрэгжүүлэх талбар юм. Гаалийн тариф, цагаачлал, шүүх, их сургууль, хэвлэл гээд бүгд түүний амладаг “сайн сайхан”-д саад тотгор болно. Иймээс тэр саад бүрийг тойрч биш, дайрч гардаг дарангуйлагчдын аргыг л хэрэглэх учир энэ удаа тэрээр гаалийн татвар нэрийн дор хууль тогтоох байгууллагын толгой дээгүүр алхахыг оролдсон нь тодорхой болов. Харин Америк бол Африк, Латин Америк ч биш,Орос ч биш, ардчиллыг тэргүүлэгч улс юм.

Америк бол Америк буюу энд ерөнхийлөгч л ажилладаг болохоос харин хаан байдаггүй улс. Үүнийг АНУ-ын дээд шүүх өнгөрсөн баасан гарагт дэлхий нийтэд ил тодоор харуулав.

Дээд шүүх 6:3 харьцаагаар Трампын дэлхийн хэмжээнд тогтоосон гаалийн тарифуудыг хууль бус гэсэн шийдвэр гаргав. Энэ нь “либералууд Трампыг дийллээ” гэсэн үг огтхон ч биш. Харин ардчилсан улсад “Үндсэн хууль нэг хүний эрх ашигт нийцэх ёсгүй байдаг” гэдгийн баталгаа юм. Трампын өөрийнх нь томилсон консерватив гурван шүүгч хүртэл түүний эсрэг санал өгсөн нь нэг л зүйлийг бидэнд харуулав. Энэ нь намын бодлогын зөв бурууг шүүх бус, харин АНУ-д дарангуйлал тогтох эсэхийг шийдсэн явдал байв.

Трамп 1977 оны “Онцгой байдлын тухай” хуулийг ашиглаж 2025 оны хоёрдугаар сараас эхлэн “хар тамхи”, “худалдааны алдагдал” гэдэг үгээр халхавчлан дэлхий нийтэд хүчээр нэмэлт татвар тулгаж эхэлсэн.

Онцгой байдал гэдэг үгийг тэр Америкийн хуульд биш, өөрийн твиттерт л байдаг мэтээр ойлгодог нэгэн. Энэ нь өнөөдөр хар тамхи, маргааш гадаадын машин, нөгөөдөр хэн мэдлээ, Канадын мод, Японы угаалгын машин, Европын бяслаг гээд явж өгнө гэсэн үг. Гэвч дээд шүүх маш энгийн логик хэрэглэж шийдвэр гаргав. Тариф бол татвар. Үндсэн хуулинд татварыг ерөнхийлөгч биш, Конгресс тогтооно гэж заасан. Гүйцээ! Үүнээс цааш ямар ч тайлбар хэрэггүй. Харин Трампын хувьд энэ шийдвэр бол тэвчихийн аргагүй доромжлол юм. Учир нь тэрээр хурдан, ганцаараа шийддэг, хариуцлагаас бултдаг Путины загварт дуртай нэгэн.Иймээс тэрээр дээд шүүхийн шийдвэр гармагц хэвлэлийн хурал хийж, шүүгчдийг “муу бүгд найрамдахчууд”, бүр тэдний энэ шийдвэр “гэр бүлийнх нь нэр төрд харш явдал” гэж доромжлоод авав. Тэр өөрийнх нь томилсон хүмүүс өөрийнх нь эсрэг санал өгсөнд гайхсан гэнэ. Энэ гайхширал ардчилсан Америк ба Трамп гэх дарангуйлагч болохыг мөрөөдөгч хоёрын ялгааг харуулав.

Америкт шүүгч тангарагтаа үнэнч байна. Харин Трамп тангараг гэдгийг Путинтэй адил өөрт нь үнэнч байхтай андуурдаг.Гэхдээ энд нэг инээдтэй, бас аймшигтай зүйл үлдэв. Энэ нь шүүх Трампын “муныг” хураасан ч “шилбүүр”-ийг нь үлдээчихсэн явдал. Иймээс Трамп шууд л өөр хуулийн заалт ухаж гаргаад, 150 хоногийн хугацаатай дэлхийн бүх улсад нэмэлт 10 хувийн тариф тавьж орхив. Өөрөөр хэлбэл, “Та нар миний энэ тоглоомыг хорилоо, за тэгвэл би өөр тоглоом тоглоно” гэсэн үг. Энэ бол дүрэм зөрчигдвөл дүрмийг биш, өөрийгөө зөвтгөдөг институтийн эсрэг хувь хүний сэтгэлгээ. Яг л манай зарим ерөнхий сайд, УИХ-ын гишүүд шиг.

Харин ялгаа нь Америкт шүүгчид тангарагтаа үнэнч ажиллаж байна. Гаалийн тариф гэдэг бол эх оронч явдал биш. Энэ бол татвар. Бүр гадаадынханд биш, дотоодын хэрэглэгчдэд ногддог татвар. Дотоодын бизнес, айл өрх л үнийн зөрөөг нь төлдөг. Иймээс гаалийн татвар гэдэг бол эх баригчдын авлигын эх үүсвэр, чөлөөт зах зээлийн эсрэг үйлдэл болох улсаа хорлож байдаг төрийн зохицуулалт гэх коммунист арга юм. АНУ-ын дээд шүүхийн энэ шийдвэр бас нэгэн том асуудал үүсгэв. Энэ нь өнгөрсөн хугацаанд төлөгдсөн бараг 150 тэрбум долларын тарифын нэмэлт татварыг компаниуд шүүхээр буцаан нэхэмжлэх боломжтой болсон явдал юм. Трамп “Бид таван жил шүүхээр явах боллоо” гэж хэлсэн нь үнэнд нийцэх үг.

Энэ хэрэг үнэндээ гаалийн тарифын тухай бус эрх мэдлийн тухай асуудал байсан юм. Конгрессын 200 гаруй гишүүн шүүхэд хандахдаа “ерөнхийлөгч Үндсэн хуулийн бүрэн эрхийг булаан авсан” гэж шууд мэдэгдсэн билээ. Шүүх тэдэнтэй санал нэгдсэн. Энэ бол ардчиллын өөрийгөө хамгаалах механизм юм. Трамп энэ хугацаанд Путиныг хуулбарлаж “Хэрвээ би ялагдвал улс сүйрнэ” гэж сүрдүүлсээр ирсэн. Харин шүүх шийдвэрээ гаргахад Америк сүйрсэнгүй, зах зээл нурсангүй, цэргийн эргэлт, иргэдийн бослого гаргасангүй. Харин нэг л зүйл тодорхой болов. Тэр нь Америкт хаан байж болохгүй!!! Трампын хүсдэг зүйл бол Путинтэй адил ганц товчлууртай байх явдал. Өдөр ч бай, шөнө ч бай дарвал тариф, дарвал хориг, дарвал шийтгэл. Харин ардчилал бол хэн нэгний товчлуур биш ээ! Удаан, төвөгтэй, маргаантай явагддаг ч нийтийн эрх ашиг хамгаалагдаж байдаг. Тийм учраас л ардчилал амьд үлдэж байна.

Харин дээд шүүх Америкийг аварсан уу гэвэл маргаантай асуудал. Гэхдээ Трампын эрхийг хязгаарлаж чадсан нь эргэлзээгүй зүйл. Энэ бол сайн мэдээ. Учир нь хязгааргүй эрхтэй ерөнхийлөгч гэдэг нэр томьёо ардчилалд байдаггүй юм.Үр дүнд нь “Гаалийн тариф”гэх дарангуйлал цуцлагдлаа. Харин Трампын эрх мэдэл болох суудал нь хураагдах эсэх нь дараагийн тулаанаар шийдэгдэнэ.

Монголд татвар нэмэхэд Конгрессын гишүүд мэт дээд шүүхэд иргэдээ хамгаалж маргаан үүсгэдэг парламентын гишүүд гэж байдаггүй. Нэг сайдын гарын үсэг, нэг тогтоол, нэг “түр журам” л эцсийн шийдвэр болдог. Уул уурхайн салбарт л гэхэд “ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр”, “экспортын хураамж”, “нэмэлт татвар” гэдэг нэрээр татвар нэмэгдсээр ирсэн. Ямар ч судалгаа, тооцоо байхгүйгээр татвар нэмж “Төсөв дутлаа” гэдэг ганц өгүүлбэрээр үүнийгээ тайлбарлана. Америкт бизнес тарифын шийдвэрээр алдсан мөнгөө шүүхээр буцаан нэхэмжилж чадна. Монголд ийм боломж байхгүй. Монгол бүр дундад зуунаас ч дор орж, “татвар төлж байгаа хүн болгоныг сайхан амьдруулах үүрэгтэй” гэсэн төрийн алтан зарчим “Төр байгаа цагт та татвар төлнө” болж дампуурсан.

Иймээс бид одоогийн төр, засгийг шинэчлэх бус өөрчлөх ёстой болоод байна. Энэ нь ядаж л бүх шатны шүүхийн шийдвэрийг хэн нэгэн бүлэг хүн бус хиймэл сэтгэхүй гаргаж, хурдан хугацаанд нийтийн эрх ашгийг хамгаалдаг болох цаг болсон гэсэн үг. Ингэж байж бид хүнлэг ардчилсан нийгэм байгуулж, АНУ-ын урд гарч, сайн сайхан амьдрах болно. Энэ нь Монгол Улсын Үндсэн хуулийн үндсэн заалт юм.

About Author