“Хэргээ хүлээ, Г.Амартүвшин хэргээ хүлээсэн” гэсэн байдаг

0

НЭМЭЛТ: 

Хөгжлийн банкнаас “Вертекс Майнинг Партнерс” компанид олгосон 33 тэрбум төгрөгийн зээлтэй холбогдуулж, УИХ-ын гишүүн Г.Амартүвшинг яллагдагчаар татаад байгаа юм. Энэ асуудалтай холбогдуулж, түүний өмгөөлөгч Д.Отгонбат прокурорын яллах дүгнэлтийг няцааж байна гэдгээ мэдэгдэв.

Өмгөөлөгч Д.Отгонбат: Миний үйлчлүүлэгчийг зургаан зүйлээр буруутгаж байгаа. Нэгд, Хөгжлийн банкны зорилгод нийцээгүй зээл олгосон гэсэн. Тодруулбал, Хөгжлийн банкны 10.1-д заасан шаардлага хангаагүй байна гэсэн. Гэтэл уг төсөл нь экспортыг дэмжих, импортыг орлох, валютын нөөцийг нэмэгдүүлэхэд чиглэсэн  гэдгийг удаа дараа өмгөөлөгч нар хэлээд байгаа.

Хоёрт, барьцаа хөрөнгө, хууль зүйн дүгнэлтийг нэг өдрийн дотор гаргуулсан гэсэн. Хөгжлийн банкны журамд дээд хоног нь гурав хоногийн дотор барьцаа хөрөнгө гарга гэж журамлаж өгсөн. Нэг өдөр хэд хэд өөрчлөөд оруулах боломж нь тэдгээр албан хаагчдад бий.

Гуравт, зээлийн барьцаа хөрөнгийг үндэслэлгүйгээр нэмэгдүүлсэн гэж байгаа. Эхний хурлаар барьцаа хөрөнгө нь хүрэхгүй байна гэсэн дүгнэлт гарсан тул нэг үл хөдлөх хөрөнгө, 12 техник нэмж барьцаалж байгаа юм чинь үнэлгээ нь нэмэгдэж, 33 тэрбум болох ёстой шүү дээ. Прокурор бол шинэ барьцаа нэмэгдүүлэлгүйгээр, үнэлгээг нь өсгөөд энэ зээлийг олгочихсон учраас 5 тэрбумын үнэлгээг зохиомлоор үүсгэсэн байна, 730 сая төгрөгийн “Эрдэнийн төгөл” хотхоны амины орон сууцыг 330 сая төгрөгөөр үндэслэлгүйгээр нэмэгдүүлсэн байна.  Г.Амартүвшин хууль бус үүрэг чиглэл өгч байгаад хийлгэчихсэн мэтээр дүгнээд байгаа. Бичиг хэрэгт цугларсан нотлох баримтаар юу тогтоогддог вэ гэхээр 430 сая төгрөгийн хөрөнгийг 730 сая төгрөг болгоод 330 сая төгргөийн зөрүү гарсан нь аркметик алдаа буюу тооцоолол хийхдээ эксель дүн дээр хөл дүнг нь алдсан миний алдаа гэж мэргэжилтэн нь хэлсэн. Энэ тохиолдолд яаж энийг гэмт хэрэг, хууль бусаар хөрөнгийг үндэслэлгүйгээр өсгөх үүрэг чиглэлийг Амартүвшин өгсөн болгож болох юм бэ.

Г.Амартүвшингийн удирдлага дор байсан хүмүүс “бид хуйвалдаж гэмт хэрэг хийгээгүй” гэсэн. Яллагдагчаар татсан, хоёрыг нь хорьсон. 48 цагаар. Энэ үед яллагдагчийн мэдүүлэг өөрчлөгдөнө. Шүүгдэгч нар энэ танхимд орж ирээд хэлж байна, “Г.Амартүвшинг заачих аа, тэгвэл чамайг энэ хэрэгт татахгүй “гэсэн. Прокурорын яллаад байгаа дөрвөн гэрчээр Г.Амартүвшинг буруутгаад байгаа. Шүүгдэгч Будхүү, Цоожсүрэн, Цогтбаатар, Цолмон нараар. Тэд “Ерөөсөө тийм зүйл байгаагүй шүү дээ” гэдэг. “Ерөөсөө санаатай үзэл бодлоороо нэгдээгүй” гэдэг.  Энэ хүмүүсийн мэдүүлэг өөрчлөгдсөн нь таамаглалын төсөөллийн шинжтэй мэдүүлгүүд байгаа. Энэ мэдүүлгийг прокурор яллах үндэслэл болгосон.

Мөрдөгч  н.Баярмагнайгаас мэдүүлэг авахдаа “Хэргээ хүлээ, Г.Амартүвшин хэргээ хүлээсэн” гэсэн байдаг.  Мөн мөрдөгч Г.Амартүвшингээс мэдүүлэг авахдаа  “Баярмагнай хэргээ хүлээчихсэн, та одоо наадахаа үгүйсгээд яах юм. Тодорхой болчихсон ш дээ” гэсэн байдаг. Дөрвөн шүүгдэгчийн мэдүүлгийг хөтөлбөргүйгээр үнэлж тогтоох боломжгүй байгаа тул нотлох баримтад тооцохгүйгээр шийдвэрлэж өгөөч ээ гэж хүсч байна.

Өөрөө, өөрийгөө гэмт хэрэг хийчихсэн гээд нотолдог, ялладаг тогтолцоо Монголд байхгүй. Шүүгдэгч гэмт хэрэг хийсэн, гэм буруугаа нотлох үүрэггүй. Түүнийг нь шүүх үнэлэх шаардлагагүй. Харин бусад гэрч, хохирогч, бичгийн хэлбэрийн анхдагч нотлох баримтыг зааж өгсөн баримтаар л гэм бурууг тогтоодог.  Энэ зарчмыг үнэгүйдүүлсэн.

2019 оны арванхоёрдугаар сарын 31-нд миний үйлчлүүлэгч ажлаа өгөөд явсан. Цолмонг А 245 тогтоолоор Хөгжлийн банкны тэргүүн дэд захирлын үүрэг түр орлон гүйцэтгүүлэх тушаал гаргасан. Ямар ч компанийн засаглал дээр гүйцэтгэх захирал энэ хүнийг томилоод ир ээ гэдэг үүрэг өгдөг биш хууль дүрэмд засагладаг нийгэм. Хөгжлийн банкны Тамгын газар тэргүүн дэд захирлын түр орлон үүрэг гүйцэтгэгчээр Цолмонг томилох тушаалыг боловсруулахдаа Хөгжлийн банкны дүрэм, Цолмонгийн ажлын байрны тодорхойлолтыг үндэслэж, Г.Амартүвшинд оруулсан. Түүнийг нь Г.Амартүвшин баталгаажуулсан.  Гэтэл “Вертекс Майнинг Партнерс” компанид олгосон зээлийг энэ үйлдэлтэй холбож  яриад байгаа. Төсөөллийн байдлаар явсан. Яагаад гэвэл Цолмон 2019 оны арванхоёрдугаар сарын 31-ээс Хөгжлийн банкны тэргүүн дэд захирлын үүрэг гүйцэтгэгч болоод миний үйлчлүүлэгч 2020 оны нэгдүгээр сарын 1-нээс эрх мэдэлгүй болсон. Тэгэхээр энэ төслийг хууль журмын дагуу хэрэгжүүлсэн. Санхүүжилтийг н.Цолмон ганцаараа зураад олгосон зүйл байхгүй байгаа. Маш олон хүний оролцоотойгоор зээл олгодог гэдгээ мэдүүлээд байгаа. Өмгөөлөгч нь ч хэлсэн. Энэ зээлийн эдийн засгийн үр ашгийг дэлгэрэнгүй ярьсан өмгөөлөгч нар. Зээл олгоод зээлийн эргэн төлөлт хэвийн байсан. Эрсдэлд ороогүй, 10.1 тэрбум төгрөгийн ашигтай ажилласан гэв.

Хөгжлийн банкны шүүх хуралдааныг өндөрлүүлээд байна.

ШҮҮХ ХУРАЛ: Н.Алтанхуягийг цагаатгаж өгөхийг хүсэв

НЭМЭЛТ: 

Хөгжлийн банкны зээлдэгч нартай холбоотой гэм бурууг тогтоох шүүх хурал үргэлжилж байна.

УИХ-ын гишүүн Н.Алтанхуягийг Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа буюу Засгийн газрын 299, Засгийн газрын 256 дугаар тогтоол гаргасан нь хууль бус шийдвэр болсон гэж үзэн, яллагдагчаар татсан байна. Тухайлбал, Засгийн газрын 299 дүгээр тогтоол нь 2013 оны наймдугаар сарын 16-нд гарсан “Нүүрсний экспортыг дэмжих талаар авах арга хэмжээний тухай” тогтоол бол  Засгийн газрын 256 дугаар тогтоол нь Төмөрлөгийн үйлдвэрийг дэмжих тухай аж. Энэ асуудалтай холбогдуулж, УИХ-ын гишүүн Н.Алтанхуягийн өмгөөлөгч прокурорын гаргасан яллах дүгнэлтийг няцааж байна гэлээ.

Өмгөөлөгч няцаалтдаа “Тухайлбал, прокурор “Н.Алтанхуяг нараас өгсөн үүрэг гэж ямар ч нотлох баримтгүй зүйлийг яллах дүгнэлтэд бичсэн. Нотлох баримт шинжлэн судалсаны дараа Ц.Шинэбаатар, Б.Мөнхбат нараас Н.Алтанхуягийн зүгээс тодорхой үүрэг өгөгдсөн эсэхийг тодруулахад “ үгүйсгэсэн, няцааж тайлбарласан.

Мөн прокурор Н.Алтанхуяг нь бусадтай бүлэглэн Засгийн газраас хууль бус шийдвэр гаргуулж, оролцоод нөлөөлсөн” гэсэн агуулгатай зүйл бичсэн. Өөрөө Засгийн газартаа ороод хууль бус шийдвэр гаргуулаад Хөгжлийн банкны бүх албан тушаалтнуудад нөлөөлсөн гэсэн агуулгатай зүйл бичсэн байгаа. Гэхдээ хавтас хэрэг дотор энийг нотолсон хууль бус шийдвэр нь хаана байгаа юм, яаж тогтоосон юм, хэн тогтоосон юм, Хөгжлийн банкны хэнд очоод нөлөөлсөн юм бэ гэдгитйг тогтоосон баримт нэг ч байхгүй.

2019 оны нэгдүгээр сарын 10-нд хэрэг бүртгэлийн хэрэг хаах тухай прокурор н.Дэндэвдоржийн гарын үсэгтэй 23 дугаартай тогтоол гарсан. Гэтэл 2020 оны наймдугаар сарын 27-нд нийслэлийн прокурор н.Нямдорж “Н.Алтанхуяг нь авлигын хэрэг үйлдсэн байж болзошгүй” гэсэн, энэ нь тогтоогдоогүй.

2022 оны дөрөвдүгээр сарын 11-нд эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай мөрдөгч санал гаргасан. Энэ саналдаа Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Ч.Сайханбилэгтэй бүлэглэсэн гэж оруулж ирсэн. Оруулж ирсэн энэ саналыг прокурор, н.Ган-Эрдэнэ, н.Гансүлд нар 2022 оны дөрөвдүгээр сарын 14-нд эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан.

Тав хоногийн дараа Ч.Сайханбилэг нь байхгүй болсноор мөрдөгчийн санал дахин гарч ирж, нотолбол зохих асуудал бүрэн шалгаж дууссан гэж үзэн, н.Эрдэнэ прокурор “Хөгжлийн банкинд хохирол учруулсан үндэслэлээр” гэж холбогдогч нарт ялгамжтай хандаж, тогтоолоо үйлдсэн.

2022 оны арванхоёрдугаар сарын 13-нд эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай тогтоолд өөрчлөлт оруулсан. Тогтоол үйлдсэн үндэслэл нь хэргийг хянахад эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоолд гэмт хэргийн үйлдлийн шинж, гэмт хэрэгт хамтран оролцсон хэлбэр, хохирлыг бүрэн тогтоогоогүй байх тул эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоолд өөрчлөлт оруулах шаардлагатай гэж үзсэн. Энэ нь хуулийн заалтын нэгдүгээр заалттай буюу буруутгаж байгаа зүйл нь Эрүүгийн хуулийн зүйл заалт хэсгийг өөрчлөх, нэмэлт оруулах бол яллагдагчаар татна гэсэн заалттай зөрчилдөж байгаа. Хэрэв хүндрүүлсэн бол мэдүүлгийг дахин авна гэж заасан байдаг. Мэдүүлэг дахин аваагүй. Прокурор нэг янзаар тогтоолоо үйлдэж оруулж ирчихээд нөгөөдөхөө шүүх хурадлааны гэм буруугийн шатанд өөрчлөөд байгаа нь ерөнхий ангийг журамласан журмаараа нотлогдож байгаа, Эрүүгийн хуулийн зүйл ангийн зүйчлэлээрээ нотлогдож байгаа.

УИХ-ын гишүүн Н.Алтанхуягийг дуудаж шинжээчийн дүгнэлтэй танилцуулсан. Дүгнэлт нь гарсны дараа тогтоолтой танилцуулсан, гарын үсэг зуруулсан.

Засгийн газрын тогтоол нь захиргааны акт болохын хувьд үйлчлэл нь дуусч, үр дүнд хүрч, үндсэн зорилго 100 хувь хангагдсан. Нүүрсний экспорт дэмжигдэж, төрийн болон хувийн хэвшлийн аж ахуй нэгж тэгш эрхтэй үйл ажиллагаа явуулж, ашиг орлогоо нэмэгдүүлж чадсан. Гадаад худалдааны тэнцвэр сайжирч, улс орны төсөвт тэрбум, тэрбум төгрөгөөр орлого бий болж үр дүнд хүрсэн. Энэ нь Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр хангагдаж, Монгол Улсын дэлхийд өрсөлдөх хэмжээний гангийн үйлдвэртэй болж байгаа  нь Засгийн газрын 256, 299 дүгээр тогтоол оновчтой, үр дүнтэй шийдвэр байсныг нотлон харуулж байгаа. Эдийн засагт өндөр үр дүн хувь нэмэр үзүүлсэн шийдвэрийг буруутгах ямар ч гэмт хэргийн шинж үндэслэл байхгүй гэсэн юм.

“Газ импорт” ХХК зээлээ зориулалтын дагуу ашигласан гэв

Хөгжлийн банкны зээлдэгч нартай холбоотой гэм бурууг тогтоох шүүх хуралдаан өнөөдөр (2023.06.09) 39 дэх өдрөө үргэлжилж байна.

Уг шүүх хуралдаанаар Хөгжлийн банкнаас 2018 онд “Газ импорт”  ХХК –д  олгосон 4.9 тэрбум төгрөгийн зээлд холбогдох асуудлыг шүүж буй юм. Уг зээл олголттой холбогдуулан Хөгжлийн банкны дэд захирал асан Ч.Энхбат болон “Газ импорт”  ХХК-ийн захирал П.Мягмардорж нарын есөн хүнийг яллагдагчаар татсан.

Ч.Энхбатыг эрх мэдэл албан тушаалаа урвуулан ашиглаж, тус компанид хууль бусаар нөлөөлөн, зээл олгосон гэж буруутгаж байгаа юм. Харин П.Мягмардоржийг зээлээ  зориулалт бусаар ашигласан гэж буруутгаж буй аж.

“Газ импорт” ХХК-ийн захирал П.Мягмардоржийн өмгөөлөгч н.Болормаа “улсын яллагчийн дүгнэлттэй санал нийлэхгүй, ичмээр зүйлүүдийг нотлох баримт болгон оруулж ирсэн. Зээлийг зориулалт бусаар ашигласан, зарцуулсан” гэж буруутгаж байна. Хэрэгт авагдсан материалыг судлаад үзэхэд зээлийг зориулалтын бусаар ашигласан гэж тайлбарлаад байгаа нь үндэслэлгүй. Зээл авсан нөхцөлд “Тоног төхөөрөмж худалдан авна, тээврийн хэрэгсэл худалдан авна” гэсэн, тэр дагуу зээлийг зориулалтын дагуу ашигласан нь мөрдөгчийн байцаалт, санхүүгийн баримтаар нотлогдсон.

“Газ импорт” ХХК ийн зарим тоног төхөөрөмж  БНСУ-аас дутуу орж ирсэн, тоног төхөөрөмж нь дутуу угсрагдсан байгаа. Барилга бүрэн ашиглалтад орсны дараа л үйлдвэр хэвийн ажиллана. Төслийн хэрэгжилт 90 хувьтай зогссон. Зээлээ бүрэн зориулалтын дагуу ашигласан ч үйлдвэр ашиглалтад орж чадаагүй тул зээлээ төлж чадахгүй байгаа” гэлээ.

Г.ХОРОЛ

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *