Ж.Чинбүрэн: Нийт нас баралтын гуравны нэг нь сэргийлж болох байсан гэдэг харамсалтай
Эх сурвалж: Өдрийн сонин
Улсын Их хурлын гишүүн, Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэнтэй ярилцлаа.
-Шинэ он гарснаас хойш эрүүл мэндийн салбарт ямар, ямар томоохон ажил хийгдээд байна вэ?
-Эрүүл мэндийн салбарт он гарнаар нэлээд асуудлыг шийдвэрлэж чадсан. Тухайлбал, бидний хамгийн гол зорьж байсан зүйл бол Эрүүл мэндийн даатгалын зарцуулалтыг илүү санхүүгийн сахилга баттай болгох байсан. Үүний хүрээнд иргэдийн хяналтад оруулах тогтолцоог хийлээ. Ингэснээр иргэн та эмнэлэгт үзүүлж, эмчлүүлсэн бол таны талаарх мэдээллийг сарын дараа өөрөө хянах боломжтой болгосон. И-Монголиа систем рүү ороод гүйдэг баннер дотор нь Эрүүл мэндийн даатгал гэдэг хэсэг байгаа. Тэр рүү нь орохоор таны болон үр хүүхдүүдийн тань даатгалаас тусламж авсан мэдээлэл байж байна. Ингэхээр танд хэдэн төгрөгийн тусламж үзүүлсэн, энэ үйлчилгээг та яг өөрөө авсан уу гэдгээ мэдчихнэ. Нэмээд сэтгэл ханамжийн хариулт байгаа. Нэг ёсондоо санхүүгийн зарцуулалтыг ард түмний хяналтад оруулж өгч буй нь даатгалын мөнгийг зөв зохистой зарцуулах байдлыг бий болгож байгаа юм. Тийм болохоор иргэн та залхуурахгүйгээр энэ бүх мэдээллээ орж үздэг байгаарай гэж хэлмээр байна. Ноднин жил бид бас эмийн сангуудын үнийн мэдээллийг яг ингэж ил тод болгосон. Энэ систем дотор одоо ч байгаа. Үүний үр дүнд 5-10 мянган төгрөгийн зөрүүтэй зарагддаг байсан эмүүд 200-500 төгрөгийн зөрүүтэй л болсон. Нэг ёсондоо олон нийтийн хяналтад оруулахаар үнэ нь бодитой болдог юм байна. Ингэснээр мөн инфляцид эмийн үнэ нөлөөлөх нөлөөллийг бууруулж байгаа том алхам. Мөн ингэж өнгөрсөн онд Эрүүл мэндийн даатгалын санхүүгийн сахилга батыг сайжруулснаар 2025 оны гүйцэтгэлээр 520 тэрбум төгрөгийн өртэй гарах байсан ч 200 гаруй тэрбум төгрөгийн өглөгтэй гарсан.
Улмаар он гараад нэг сард ажилчдынхаа цалинг 30 хувь нэмсэн. Өглөгийнхөө 30 хувийг төлсөн. Энэ сард мөн 30 хувийг өгнө. Үлдсэнийг нь тавдугаар сар гэхэд бүрэн дуусгахаар ажиллаж байна. Ингэснээр дахин ийм өглөг, авлагатай байдаг асуудал байхгүй болно. Энэ бол үндсэндээ буруу тогтолцоо. Тиймээс л энэ буруу тогтолцоог халах гэж хичээсний эхний үр дүн энэ юм.
-Одоогийн байдлаар халдварт өвчний нөхцөл байдал ер нь ямар байгаа вэ?
-Засгийн газар маш чухал тогтоол батлуулсан. Эрүүл мэнд бол хоёр үндсэн том системтэй. Нэг нь өвчнөөс урьдчилан сэргийлдэг, нөгөө нь өвчилсөн хойно нь эмчилдэг. Тиймээс урьдчилан сэргийлдэг, хянадаг тогтолцоо, нийгмийн эрүүл мэндийн тусламжийг илүү оновчтой болгох үүднээс Өвчний хяналт, сэргийлэлтийн тогтолцоог Засгийн газар баталсан. Ингэснээр өвчилсөн хойно нь эмчлэх биш, өвдөхөөс нь өмнө сэргийлж чаддаг нэгдсэн тогтолцоотой боллоо л гэж ойлгох хэрэгтэй. Улаанбурхан өвчний халдвар 2025 оны хоёрдугаар сард манай улсад дулаан орноос ирж тархсан. Тэр үед нь бид хянаж чадахгүй байсаар байгаад намайг зургадугаар сард Эрүүл мэндийн сайд болоход өдөртөө 500-600 хүүхэд өвддөг, эмнэлгүүдийн эрчимт эмчилгээний тасагт дүүрэн хүүхэд байдаг болчихсон байсан. Харин энэ тогтолцоо өмнө нь хэрэгжээд эхэлчихсэн байсан бол улс даяар тархтал нь алдаж, Засгийн газрын нөөц хөрөнгөнөөс 5.5 тэрбум төгрөг гаргаж, айл бүрийн хаалга тогшоод вакцинжуулах гээд явах шаардлагагүй байсан. Сургууль, цэцэрлэгт нь нөхөн вакцинжуулалт хийгээд л бид дараад авах байсан. Урьдчилан сэргийлэх ажилд зарцуулсан нэг ам.доллар эргээд 10 болж өгөөжөө өгдөг гэж ярьдаг шүү дээ. Нөгөө талаас Монгол Улсын нийт өвчлөлийн тоо баримтыг харж аль өвчлөлийг бууруулах юм. Ямар халдварт өвчин дэлхий даяар дэгдэх эрсдэл байна. Түүнийх нь эсрэг ямар арга хэмжээ авах вэ гэдгээ шийднэ гэсэн үг. Ноднин зун Хөвсгөл аймагт тарваган тахал гараад бид бас л сандарсан шүү дээ. Гэтэл энэ бүхнээс чинь урьдчилан сэргийлдэг арга замууд дэлхий даяар байгаа. Тиймээс бид энэ онд тарваган тахлын голомттой сумдад вакцинжуулалт хийхээр ажиллаж байна. Энэ мэтчилэн бид сэргийлээд, тэр өвчнийг олон нийтэд тархаахгүй байх тогтолцоо хэрэгжиж байгаа гэсэн үг.
-Вакцинжуулах ажлыг салбар яам, төр засгаас хийдэг. Гэвч вакциныг эсэргүүцэх байдал нэлээд гарч байгаа. Нэг ангийн хүүхдүүдийн бараг 60-70 хувийнх нь эцэг эхчүүд вакцин хийлгэхгүй гэдэг юм билээ. Тэгэхээр энэ тал дээр ямар арга хэмжээ авах вэ?
-Бид одоо бол хаана, ямар сургуульд хэдэн хүүхэд вакцинаа хийлгээгүй байгааг мэдэж чадаж байна. Үүнтэй холбоотой өчигдөр (уржигдар) хэлэлцүүлэг хийхэд нэг хүн хэлж байна лээ. Зарим хүүхдүүд нь хийлгэхгүй гээд байгаа чинь энэ өвчнийг зогсоож болохгүй байгаагийн нэг шалтгаан юм биш үү гэж байгаа юм. Энэ бол үнэхээр үнэн. Вакцин хийлгэхгүй байгаа хүмүүсийн уршгаар энэ өвчин тасрахгүй байгаа юм. Ер нь бол вакцин хийлгэх насны хүүхдүүдийн 95 хувиас дээш нь хийлгэж байж улаанбурхан өвчин тасрах ёстой. Гэтэл одоо чинь бид 70 хувь л дөнгөж гаргаж байна. Тийм болохоор нөлөөллийн ажил маш чухал. Ганцхан Эрүүл мэндийн яам энэ бүхнийг хөөцөлдөөд дийлэхгүй. Тэгэхээр вакцин эсэргүүцээд байгаа улсуудтай цагдаа, тагнуулын байгууллагатай хамтарч ажиллаж байна. Вакцин хийлгээгүйгээс болоод бусад нь халдвар аваад, улмаар бага насны дүү нартаа халдаагаад, тэд нь хүндэрч амь нас нь эрсэдчих гээд байгаа юм. Тийм болохоор үүн дээр хариуцлага ярих ёстой. Эсэргүүцээд байгаа хүмүүсээс асуухаар “Сайн мэдээлэл авалгүй тэгээд биччихсэн юм” гэсэн маш хөнгөн байдлаар тайлбар өгдөг. Зөвхөн улаанбурхан өвчнөөс үүдэн 14 хүүхэд эндчихээд байна. Тэр хүүхдүүдийн ар гэр амь насыг нь нэхвэл тэд яах юм. Зөвхөн таны асуудал бол хамаа алга. Энэ чинь нийт улсын асуудал шүү дээ. Тийм болохоор үүн дээр ингэж хөнгөн хандаж ерөөсөө болохгүй.
-Сар шинийн өмнө та орон нутгуудаар явж ажилласан байсан. Ер нь орон нутгийн эрүүл мэндийн байгууллагуудын чанар, үйлчилгээг сайжруулахын тулд ямар ажил хийх вэ?
-Засгийн газрын нэг том зорилго бол өргөн уудам нутгаа эзэнтэй байлгах. Харин орон нутаг явах хүсэлтэй залуус эмнэлэг, сургуулийн хүртээмж л асуудаг. Тийм болохоор эрүүл мэндийн тусламж үйлчилгээг цаг алдалгүй орон нутагтаа авч чаддаг тогтолцоо их чухал. Мөн нийгмийн эрүүл мэндийн чиглэл, Эрүүл мэндийн газрын үйл ажиллагаа аймгуудад илүү сайжруулах, цалин санхүүжилт нь өндөр байх асуудал байгаа юм. Сар шинийн өмнө таван аймгаар явсан. Тэгэхэд Эрүүл мэндийн газар буюу нийгмийн эрүүл мэндийг хариуцсан 10-12 орон тоотой газарт 4-5 хүн л ажилладаг болчихсон байна. Учир нь эмнэлгийн ажилчдын цалинг нэмээд тэднийг орхичихсон байгаа юм. Голдуу эмч хүмүүс байдаг учраас цалин нэмэгдсэн газар руугаа явчихсан. Тийм болохоор энэ бүхэнд анхаарах ёстой. Түрүүн миний хэлдэг хяналт, сэргийлэлтийн тогтолцоо бол энэ алдааг засах гэж байгаа юм. Мөн сэргийлж болох нас баралт гэдэг маш чухал ойлголт байдаг. Манай улсад жил бүр 18300 орчим хүн нас бардаг. Гэтэл үүний гуравны нэг нь харвалт, шигдээс, гэмтэл осол буюу сэргийлж болох нас баралт байгаа юм. Энэ үнэхээр том тоо. Тэр хэмжээний хүмүүсийг нас баруулахгүй, улмаар хөгжлийн бэрхшээлтэй болохгүй байх боломжтой гэсэн үг. Тэгэхээр бүсчилсэн эмнэлгийн тусламж гэж байх боломжгүй. Тийм болохоор ноднин жил Азийн хөгжлийн банкны нэн хөнгөлөлттэй 280 сая ам.долларын төслийг маань УИХ ёсчлон батлаад одоо хэрэгжээд эхэлсэн. Энэхүү төслөөр яг энэ сэргийлж болох нас баралтыг бууруулахад аймаг бүрээр нь ямар, ямар зүйл хэрэгтэй вэ гэдэг тооцооллыг нь хийчихсэн юм. Зарим аймагт эмнэлгийг нь өргөтгөнө, тоног төхөөрөмжүүдийг нь шинэчилнэ, сайжруулна, эрчимт эмчилгээний хэсэг нээнэ, хагалгааны хэсгийг нь шинэчилнэ, түргэн тусламжийн туулах чадвар сайтай машин гээд тооцоолчихсон.Үүний хүрээнд нэг аймагт 3-12 сая ам.долларын хөрөнгө оруулалтыг хийхээр эхэлчихсэн байгаа. Ингэснээр аймаг бүрийн түргэн тусламжийн үйлчилгээг сайжруулна. Цаашдаа бүсийн оношилгоо, эмчилгээний төв гэсэн тогтолцооноосоо сална. Анх ингэж байгуулахад улсын эдийн засаг тааруу, аймаг бүрд тоног төхөөрөмжийг нь шийдэж чадахгүй байсан учраас ингэж бүсчилж байсан юм. Нөгөө талдаа анхан шатны тусламж үйлчилгээ маш чухал. Сумын эрүүл мэндийн төв илүү сайн ажилладаг болох хэрэгтэй. Даралт хэмжүүлэх, ханиад томуу зэргээс болоод аймгийн эмнэлэгт дараалал үүсгээд байж болохгүй шүү дээ. Сумын эмнэлэг өөрсдөө хийж чаддаг ажлуудаа улам сайн хийгээд байвал илүү мөнгө өгнө гэдэг Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн шийдвэр өнөөдөр (өчигдөр) үдээс хойш гарах гэж байна.
-Энэ долоо хоногт МАН-ын Бага хурал болох товтой байгаа. Энэ хурлаар ямар асуудлуудыг ярих вэ?
-Би өөрөө хэлэлцүүлэгт оролцоно. Эрүүл мэнд бол нийгмийн хамгийн чухал салбар. Тэр утгаараа намын Бага хурал дээр би модератороор оролцож, эрүүл мэндийн салбартай холбоотой намын мөрийн хөтөлбөрийн хэрэгжилт дээр ярина.
-Энэ хурлаар танай нам үзэл баримтлалаа өөрчилнө гэсэн мэдээлэл байсан. Үүн дээр юу хэлэх вэ?
-Хамгийн том өөрчлөлт бол социал демократ үзэл баримтлал л даа. Ер нь социал гэдэг маань хүний хөгжлийг нэгдүгээрт тавина. Аль болох нийгмийн сайн сайхны төлөө ажиллана л гэсэн санаа. Хэт их баруун үзэл бол хувийн хэвшил, тэмцээд уралдаад бай гэдэг зарчим. Тэгэхээр манай намын дарга, УИХ-ын дарга Н.Учралын ярьж байгаа зүйл бол хэт их халамжаас хөдөлмөрийг дэмждэг бодлого руу явахгүй бол болохгүй нь гээд байгаа юм. Энэ үзэл санаагаа илүү бэхжүүлье гэдэг дээр л ярьж байгаа. Хэт их халамж биш, ухаалаг, илүү төв рүүгээ чиглэсэн тогтолцоо руу орно л гэсэн санаа явж байгаа шүү.