Л.Оюун: Ногдол ашгийг бэлэн мөнгөөр бус ваучер хэлбэрээр олгож, үндэсний үйлдвэрлэлээ дэмжих хэрэгтэй
“Эрдэнэс Тавантолгой” ХК Монгол Улсын 3.5 сая хувьцаа эзэмшигч иргэдэд 208.5 тэрбум төгрөгийн ногдол ашиг олгоно гэж мэдээлсэн. Ингэснээр 1072 хувьцаатай иргэдэд 63 мянган төгрөгийн ногдол ашгийг ирэх дөрөвдүгээр сараас эхлэн олгоно гэв. Тэгвэл энэхүү ногдол ашгийг ямар байдлаар иргэдэд олговол зохимжтой эсэх талаар эдийн засагч, шинжлэх ухааны доктор Л.Оюунаас тодрууллаа.
-Иргэдэд ногдол ашгийг бэлэн мөнгөөр нь биш, ваучер хэлбэрээр олгож болох уу. Ингэж зохицуулах боломжтой эсэх талаар та хариулт өгнө үү?
-Ногдол ашгийг бэлэн мөнгө хэлбэрээр иргэдэд өгвөл юунд ч хамаагүй зарцуулагдана. Наад зах нь хүүхдийн мөнгө буухаар архидан согтууралт, гэр бүлийн асуудлууд нэмэгддэг шүү дээ. Үүнээс харахад, бэлэн мөнгө тараавал юунд зарцуулагдах нь ойлгомжтой байгаа биз. Харин үүний оронд үндэсний үйлдвэрлэлээ дэмжих зорилгоор зөвхөн үндэсний үйлдвэрлэлийн барааг ваучер хэлбэрээр худалдаж авч болдог тогтолцоо байж болно. Үндэсний үйлдвэрлэлд хүнс, хувцас гээд хүнд хэрэгтэй ямар ч бараа бүтээгдэхүүн байж болно.
Ингэж зохицуулбал мөнгө аваад, түүгээрээ архидаж явахгүй.Энэ ваучераар архи, тамхи авч болохгүй учраас дандаа өөртөө, гэр орондоо хэрэгтэй бараагаа авна шүү дээ. Бас давхар үндэснийхээ үйлдвэрлэлийг дэмжчихэж байгаа учраас ингэж шийдэх нь хамгийн тохиромжтой арга гэж бодож байна.
Ийм зохицуулалт хийхийн тулд урьдчилаад ямар бэлтгэл хийх хэрэгтэй вэ?
-Ингэж зохицуулахын тулд нэлээд бэлтгэл хийх хэрэгтэй. Ваучераар бараагаа зарах компаниудын жагсаалтыг эхлээд гаргах хэрэгтэй.Ямар компани бараагаа ваучераар зармаар байгааг эхлээд бүртгэх хэрэгтэй. Тэгж байж эрх авна. Цахим хөгжсөн энэ үед QR код уншуулаад бараагаа худалдаж авч болдог тогтолцоо руу орж болно. Ингэж шийдвэл бүр л амар хялбар болно шүү дээ.Арилжааны банкуудад картаар үйлчлүүлбэл хямдардаг байгууллагууд байдаг. Манайд ийм тогтолцоо байхгүй биш байгаа гэсэн үг. Цоо шинэ зүйл биш. Угаасаа Монголд байдаг зүйл. Үүний адилаар ногдол ашиг тараах энэ зохицуулалтыг нэг удаа биш, цаашдаа ч хэрэглэдэг байх хэрэгтэй. Ийм тогтолцоог бүрдүүлчихвэл дотоодын үйлдвэрүүдэд маш их тус болно.Наад зах нь бизнес эрхлэгчид нэмэгдэнэ. Архи, тамхи авч болохгүй учраас гэр оронд хүчирхийлэл зэрэг элдвийн асуудал гарах нь бага болно. Яг л талх, махаа авдаг тогтолцоонд орно. 63 мянган төгрөгөөр гэр орондоо хэрэгтэй юм худалдаж авбал зөндөө зүйл авч болно шүү дээ. Ер нь бид байнга л ногдол ашиг авна, ганц удаа авахгүй. Тэгэхээр авах бүрдээ үндэсний үйлдвэрлэлээ дэмжсэн тогтолцоотой болоод сурчихвал бас нэг шийдэл гарч л таарна.
-Өөр ямар хэлбэрээр ногдол ашгийг тараах боломж байна вэ?
-Ногдол ашгийг чамласан хүмүүс байдаг л даа. Үүнийг ваучер ашиглаад дэмжээд явж болно. Нөгөө талаар шууд хувьцаа авч болохоор шийдэж болно. Хувьцаа авбал хөрөнгө оруулалт болоод тэр хүн ногдол ашгаа дахиад цааш нь аваад явах боломж байгаа. Ингээд хөрөнгө оруулалтын нэг хэлбэр болгоод хэрэглэх боломжтой. 63 мянган төгрөгөөр хэд ч бай хувьцаа авах бүрэн боломжтой. Үүн дээр хөрөнгийн бирж, брокер, дилерүүд, Санхүүгийн зохицуулах хорооноос янз бүрийн шийдлүүд гаргаж болно. Ер нь хий дэмий үрээд хаямааргүй байна. Үр ашигтай, улсдаа хэрэгтэй юм хийгээд авчихвал их зүгээр байгаа юм л даа. Ногдол ашгаараа хөрөнгө оруулалт хийгээд, үүнээсээ дахиад ногдол ашиг авдаг байдлаар ч зохицуулж болно. Тэгвэл маш ухаалаг шийдэл болно.Өмнө хэлсэнчлэн ногдол ашгийг ваучер хэлбэрээр олгож үндэсний үйлдвэрлэлийг дэмжих хэрэгтэй байна. Энэ нь бэлэн мөнгө тарааснаас илүү зөв шийдэл. Ингэвэл манай тэр их мөнгө дотооддоо л үлдэнэ шүү дээ.